АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн гурван удаагийн халз мэтгэлцээн өрсөлдөөн, дуулиан шуугиан дунд өрнөж дууссан. Гурван удаагийн халз мэтгэлцээнд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон илүүрхэж, дэмжигчдийг тоо өссөнийг олон АНУ төдийгүй олон улсын хэвлэлүүд онцолж байна.
Тодруулбал, Хиллари Клинтон үндэсний хэмжээнд 50 хувийн саналд хүрч, Доналд Трампаас 12 хувиар илрүүрхэж эхэлжээ.
Өнгөрсөн лхагва гаригт явагдсан сүүлчийн халз мэтгэлцээний дараа нэр дэвшигчдийн саналын хувьд өөрчлөлт орсон нь Хиллари Клинтоны талд эргэсэн байна. Халз мэтгэлцээний өмнөх өдрийн байдлаар Хиллари Клинтон 47:41.7 гэсэн харьцаатайгаар илүүрхэж байсан. Тиймээс сүүлчийн халз мэтгэлцээн нь нэр дэвшигчдийн хувьд хэнд саналаа өгөхөө хараахан шийдээгүй хүмүүсийн саналыг авах томоохон боломж, шийдвэрлэх мөч байсан юм. Цөөнгүй шинжээчид Трампыг сүүлчийн мэтгэлцээн дээр олон нийтийн санаа бодолд нөлөөлснөөр өөрийн саналыг нэмэгдүүлэх боломжтой гэж харж байсан. Гэхдээ энэ боломжийг Доналд Трамп өөртөө ашигтайгаар эргүүлж чадсангүй.
Одоогийн байдлаар Хиллари Клинтон 50 хувь, Доналд Трамп 38 хувь, Гэри Жонсон таван хувь, Жилл Стэйн хоёр хувийн саналтай байгаа тухай CNN, ABC News агентлагууд мэдээлж байна.
Доналд Трампын санал өндөр байгаа хэсгүүд нь коллежийн боловсрол эзэмшээгүй, цагаан арьстнууд зонхилж байгаа бол өнгөт арьстнуудын хувьд дийлэнх нь Трампын эсрэг байхаа мэдэгдээд байна. Гэхдээ түүнийг хамгийн ихээр дэмждэг хэсгийн хувь хүртэл сүүлчийн мэтгэлцээний дараа 55-аас 36 хувь хүртлээ буурчээ.
Олон улсын шинжээчид энэ харьцаа АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тогтвортой байж, өөрчлөгдөхгүй хэмээн таамаглаж байна. Тиймээс Трампын хувьд боломжоо алдаж, ерөнхийдөө Хиллари Клинтон сонгогдох нь тодорхой боллоо хэмээн хэвлэлүүд бичиж байна. Гэхдээ сонгуулийн үр дүнг одоогийн байдлаар шууд хэлэх нь өрөөсгөл юм. Сонгуулийн өдөр хүртэл өрсөлдөгчдийн зүгээс бие биенийхээ эсрэг ямар баримт материал дэлгэж, гэнэтийн зүйл тохиолдохыг үгүйсгэхгүй. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 8-ны өдөр явагдаж, дараагийн Ерөнхийлөгчөө тодруулна.
Т.Хэрлэн

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих