Швейцарийн Хөгжлийн агентлаг /ШХА/-ийн "Ногоон Алт” төслийг хэрэгжүүлэгч Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнтэй өнөөдөр уулзлаа.
"Ногоон Алт” төсөл сүүлийн 10-аад жил Монгол Улсын баруун бүсийн долоон аймагт амжилттай хэрэгжсэн бөгөөд 100 гаруй сум, 1200 малчин хамрагджээ. Энэ жилээс төслийн үйл ажиллагааг өргөжүүлэн Дорнод аймаг болон бусад гурван аймгийг сонгосон байна. Ирэх дөрвөн жилд манай аймгийн Булган, Цагаан-Овоо, Баян-Уул сумдад уг төслийг хэрэгжүүлэх бөгөөд нэмж гурван сум хамруулахаар төлөвлөж байгаа ажээ. Сумдыг сонгохдоо орон нутгийн удирдлага, малчдын саналыг харгалздаг байна. Зүүн бүс нутаг Дорнод Монголын тал хээрийн судалгааг өмнөх дөрвөн жилд Булган суманд хийж байсан учир цаашид энэ ажлыг улам илүү судлан, хөгжүүлэх үүднээс тус сумыг энэ удаад сонгосон байна. Төслийн хүрээнд сонгогдсон сумдад малчдын байгууллагыг хөгжүүлж, малчин нэмэгдүүлэх, малын эрүүл мэндийг сайжруулах, бэлчээрийн экологийн байдлыг тэнцвэржүүлэн хадгалах нь төслийн гол зорилго аж. Энэ талаар аймгийн Засаг даргад танилцууллаа.
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн:
- Манай аймаг бэлчээрийн нөөц ихтэй боловч уст цэг багатай. Бэлчээрийн нөөцөө ашиглан байгалийн хадлан бэлтгэн нийлүүлэх бүрэн боломжтой хэдий ч бэлчээрийн усан хангамж, түймрийн асуудал жил бүр тулгамдсан асуудлын нэг болдог. Иймд Байгалийн хадланг хэрхэн зөв бэлтгэх талаар бодлогын баримт бичиг боловсруулж байна. Төслийн зүгээс үүнд дэмжлэг үзүүлэх боломжтой талаар асуухад,
- Бодлогын баримт бичиг боловсруулах ажилд судалгааны багтай зөвлөлдөн үр дүнтэй, судалгаатай туслах боломжтой гэдгийг хэлээ.
Дашрамд дурдахад "Ногоон Алт” төсөл нь ШХА-ийн мал аж ахуй, зах зээл, цөлжилттэй холбоотой бусад төсөл, Монгол Улсын Засгийн газрын зорилт, зорилгыг уялдуулан зангидаж, хөдөөгийн амьжиргааны түвшин, малчдын хамтын нийгэмлэгүүдийн үндэс суурь болсон бэлчээрийн газрыг тогтвортой ашиглахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Түүнчлэн мэлчдын орлогыг нэмэгдүүлэхийн тулд бүтээмжийг дээшлүүлж, бэлчээрийн экологийн хязгаарлалтыг тэнцвэрт байдалд оруулан бэлчээрийг сэргээх малчдын амьжиргааны түвшний тогтвортой, уян хатан байдлыг хангах нөхцөл, чадавхийг Монголын иргэдэд бий болгох зорилготой юм. Төслийн хүрээнд өмнөх жилүүдийн судалгааг үндэслэн "Монгол орны бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлан”, бэлчээр сайжруулах, хамгаалж үлдэх боломжуудыг маш бодитой, хэрэглэгчдэд ойлгожмтой, энгийн хэлбэрээр гаргасан "Монгол орны бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загварууд” зөвлөмжийг гаргажээ.
Аймгийн ЗДТГ-ын Олон нийттэй харилцах алба
dornodmedee.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих