Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс зүүн урагш 12 км зайд орших "Ганга нуур”-ын 90 орчим хувь нь ширгэж, нуурыг тэжээдэг гол, булгууд татарч байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл өчигдөр Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, "Эко түлхүүр” ХХК хамтран "Ганга нуур”-ыг тойруулан 6.7 км хашаа барьсан байна. Энэхүү хашааны санхүүжилтийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас гаргасан бөгөөд ингэж хамгаалах нь малын хөлөөс тусгаарлаж буй нэг арга гэж мэргэжилтнүүд үзэж буй ажээ.
Мэргэжилтнүүдийн ярьж буйгаар нуур гурван шалтгааны улмаас татарсан байдаг. Нэгдүгээрт, аймгийн хэмжээнд малын тоо толгой огцом нэмэгдэж, нуур орчны хөрс талхлагдаж, бохирдол ихэссэн. Хоёрдугаарт, Ганга нуурын урд, баруун талд орших "Молцог” элсний мод бут багассанаар элсний нүүдэл эрчимжсэн. Элс салхинд нүүж нуурт орсноор ёроол нь 80 см-ээр дээшилсэн. Гуравдугаарт, энэ зун Дарьганга суманд бороо хур оролгүй, хөрсөн дээр 60 хэм хүртэл халсан зэрэг нь нуур татарч, ширгэх хүчин зүйлүүд болсон байна.
Нутгийн удирдлагууд Ганга нуурыг хамгаалах олон арга хэмжээ авсны нэг нь өнгөрөгч оны 10 дугаар сард гаргасан "Ганга нуурыг 3 жил малын хөлөөс чөлөөлөх захирамж” юм. Гэвч энэхүү шийдвэр нь Дарьганга суманд худаг ус ховор гэх шалтгаанаар хэрэгжээгүй байна.
Дашрамд өгүүлэхэд, БОАЖЯ, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс нуурыг сэргээх арга хэмжээ авах, Ганга нуурын ойр орчмын байгалийн унаган төрхийг хадгалан хамгаалах зорилгоор уран зургийн үзэсгэлэн зохион байгуулж байгаа аж. Тус үзэсгэлэн ирэх 11 дүгээр сарын 7-14-ний өдрүүдэд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв дээр дэлгэгдэх юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих