Дэлхий ертөнц хэрхэхийг Хархорумд шийдэж байсан үе нэгэнт түүх болжээ. Түүхээр бахархаж болохоос давтаж болдоггүй. Дараа нь хэрхэхийг Бээжингээс, улмаар Москвагаас асуудаг зуунууд байсан.
Бас л түүх болсон. Харин дэлхийтэй хэрхэн харилцахаа Улаанбаатарт шийддэг болоод хорь гаруй жил өнгөрлөө. Гадаад харилцааны цангаагаа гаргах ээлж ингэж ирэв. Бээжин хорвоод байдаггүй аятай, Москва гэж оршдоггүй байлтай санагдаж эхлэв. Гадаад харилцаа барьдаг эрхмүүд гэлтгүй, ерөөсөө л нийт үндэстний сэтгэлгээ тийм байсан.
Монгол улсын гурав дахь хөршийн бодлого гэж гарч ирсэн. Уул санаа нь орчин үеийн хөгжил дэвшлийн үрээр, хил хязгаараас үүдсэн садаа бэрхшээл багасч, улмаар "дэлхий тэгш” болж байгаа сайхан нөхцлийг ашиглах санаа. Хоёр их гүрний дунд хавчуулагдсан Монгол орон "Таминь ээ, би энд байгаа шүү” гэж байн байн хашгирч, олон амьтанд мэдэгдэж байх нь оршин тогтнохуйн баталгаа.
Манай цэргүүд энхийг сахиулж, олон улсын үйл ажиллагаанд монголын тал идэвхтэй оролцож байгаа нь хадны завсар халиуны зулзага байгааг ертөнцийн чихнээ сануулж байдаг. Ингэснээрээ монгол улсын тусгаар тогтнол хүн төрөлхтний ой санамжинд бат "сээв”-лээстэй оршдог хэрэг. Түрүүхэн манай Гадаад харилцааны Яам мэдэгдэл гаргаж " Монгол Улс Ойрхи Дорнодын бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад анхаарч ирсэн орны хувьд Ирак Левантын Лалын Улс хэмээх террорист бүлэглэлийн үйл ажиллагааг таслан зогсоох нь зүйтэй гэж үзэж, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Парис хотноо болсон Иракийн энх тайван, аюулгүй байдлын асуудлаарх олон улсын бага хурлын үр дүнг сайшааж байна” гэх жишээний.
Уг нь хаа байсан Ойрхи Дорнод, юу яасны Левант, харганы ноосоор эсгий хийхийн үлгэр гэмээр. Гэвч энэ бүхэн бидний улс орчин цагийн ертөнцөд оршихуйн нэг хэсэг. Яг л 1945 онд, дэлхийн дайны төгсгөлийн өдрүүдэд, тэртэй тэргүй ялагдаж байсан японд амжиж дайн зарлан пижигнүүлж байсан шиг, тусгаар тогтнолын төлөөх алхам мөн. Манай гурав дахь хөршийн бодлого амжилттай хэрэгжиж байна.
Уул уурхайгаар хөллөсөн хөгжлийн замаа барууныхантай буюу гурав дахь хөрштэйгээ хамтран урагшлах боломж хэмээн бид харсан. Ер нь ард нийтээрээ гурав дахь хөршийн бодлого гэдгээ "зөвхөн гурав дахь нь л хөрш мөн” санаагаар хүлээн авч байлаа.
Ингээд Оюу толгой, Таван толгойгоо зэрэг "Учиртай хэдэн толгой”-гоо оросгүй, хятадгүйгээр ашиглах мөрөөдлөөр зүтгүүлсэн. Гэтэл явдаггүй. Нүдэн дээр өрнөж байгаад үйл явцад итгэх юм бол "Оюу толгой хятад ажилчин авчирч монголыг дүүргэх гэлээ” , "Таван толгойг цаагуураа хятадуудтай нийлж ашиглах гэж байгаа учраас яаралтай зогсоох нь чухал” гэсэн уриан лоозонгийн дор их бүтээн байгуулалтууд нурж, гацаж байлаа.
Эх орныхоо амин чухал бүтээн байгуулалтыг нурааж буй "эх орноо гэсэн сэтгэлтэй эх орончид” ийм л лоозонтой байсан. Логик нь, хятадын оролцоогүй үйлдвэр барих гэтэл ямар нэгэн байдлаар хятадууд оролцсон нь илрээд ажил урагшилж өгөхгүй байгаа хэрэг.
Харин урааны хайгуулын салбар дахь барууны хөрөнгө оруулалтыг хөөх үйлст бол "байгаль орчин ба мал хамгаалах асуудал” тэмцлийн гол уриа байв. Хуучин зөвлөлт улс нууц концессоор ашиглаж байсан Мардайн урааны орд энд орно. Иймээс хятад ажилчид ирсэн асуудал байхгүй. Уран айхавтар хортой эд аж.
Ердөө л хайж байхад л цацрагаар шараад эхэлнэ. Францын Арева компанийн хайж байсан "олоогүй” ураанд урьдчилан хордож 0-1 насны хичнээн ч тугал эндэж, хөл хүндтэй хичнээн ч үнээ тугалын зулай үнэрлэх хувь дутсныг бурхан л хэлэх буйзаа. Үнэндээ бол оросын нэрийг муугаар хэлэхээс цээрлэж ирсэн уламжлалаа хадгалан "тугал”, "үнээ” гэхчлэн авгайлж байгаа юм.
Монголын асуудлыг Монголдоо эхэлж шийддэг болоод хорь гаруй жил өнгөрсний хойно бид гадаад бодлогоо цэгнэн харж байна. Бидний хятадын оролцоогүйгээр шийдэх гээд дөнгөөгүй зүйлс маань хятадыг ерөөсөө оролцуулаагүй учраас шийдэгдэхгүй байсан юм биш үү? Хятадын эсрэг уриа лоозонтой тэмцлийн цаана, хятадыг оролцуулах шаардлага явж байсан байх нь уу? Оросгүйгээр ашиглах гээд ахиагүй ажил маань оросгүй учраас л ахиагүй юм биш үү? Бид гурав дахь хөршийн бодлогоо дэврүүлэн үнэлж, гурав дахиас бусад нь хөрш биш гэх хэмжээнд очсон юм байгаа? Манай орон баян, бас сайхан нь үнэн боловч тэнгис далайн цаанаас хэн нэгэн давхиж ирээд "Монголыгоо та хоёрын хэнд ч өгөхгүй. Би тэжээнэ мэдэв үү” гээд тас тэврэх тийм учир шалтгаан бий билүү?
Бид Москвагийнхаар, эсвэл Бээжингийнхээр явж болохгүй, бас Москвагүйгээр, Бээжингүйгээр явж болохгүй бололтой. Ингээд гурав дахь хөршийн бодлого маань "гурвуулаа бид бас хөрш” гэсэн агуулгаар баяжиж эхэллээ. Бид хэн нэгнийхээ амнаас "Хэдийгээр надаас асуух ямар ч шаардлагагүй боловч хүн гэж тоогоогүйд нь дургүй хүрээд байгаа юм” гэсэн үг сонсож л байсан. Сая сая "хэн нэгэн” нийлснийг л улс гэдэг биз дээ. Ийм шалтагтай ч байж болох хөгжлийн садааг арилгаж эхэлж байна.
БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд манайд ээлж дараалан ирлээ. Манай ерөнхийлөгч нэг жилийн дотор Си даргатай тав, Путин ерөнхийлөгчтэй дөрөв уулзаж, дараа нь гурвуулаа ч бас уулзаж амжлаа. Ийм гурван хөршийн уулзалтыг гурвуулахнаа тогтмол хийж, гурван талынхаа асуудлыг ярьж байхаар тохирсон аж. Манай гадаад харилцааны энэ практикийн Казахстан, Киргиз улсууд хуулбарлан хэрэгжүүлэхээр сонирхон хөөцөлдөж байгаа тухай мэдээлэл байна. Тэд хэдийгээр ийм хоёрхон хөршгүй, зарим нь шууд Оростой хиллэдэггүй ч хувь заяа нь энэ л хоёр их гүрнээс хамааралтай билээ.
Хоёр хөршийн тэргүүн ирж байна, гурвуулахнаа уулзаж байна гэдэг нь дув дуугүй сууж байгаад өнгөрсөн ч байг хамаагүй, мөнөөхь "халиуны зулзага” оршин оршин байгааг хүлээн зөвшөөрч байгаа л хэрэг шүү дээ.
Орос, монгол хоёр орон шинэ дэлхий ертөнцөд шинээр дахин ойлголцох үе эхлэхтэй хамт хятад улс монголд бүтээгдсэн баялгийг худалдан авдаг "байнгын үйлчлүүлэгч” болно гэдгээ илэрхийллээ.
Юмтай байх, юм хийх гэдэг бол өнөө "юмыг яаж мэдэх вэ гэж юмтай төрсөн лам”-ын үлгэртэй агаар нэг. Юмаа авах хүн олох, юмаа борлуулах байнгын найдвартай зах зээлтэй байх нь амин чухал. Авах хүнгүй бол сандаал хийсэн ч, сандал хийсэн ч ялгаагүй, өөрөө нэгийг өмсөж, нэг дээр нь суугаад гүйцээ.
Харин чиний сүлжсэн углаашийг хятад хүн бүр нэгийг авна гэвэл юу болох вэ? Нэг төгрөгөөр зарлаа гэхэд л бараг хоёр тэрбум босоод ирнэ. Хятадын зах зээл бол даанч хятадынх л болохоос (монгол өнцгөөс харахад) мөрөөдлийн зах зээл, бизнес эхлүүлсэн болгон зүүдэлдэг боломж юм гэсэн.
Бидэнд нүүрснээс эхлээд юм, юм байна, юмхныг маань юм болгоход хамтрах гурав дахь хөршийн хөрөнгө оруулагчид байна, юмыг нь авна гэсэн бодит хөршийн тал байна. Монголын нүүрсийг авна гэдэг бол заавал монгол хүн, монгол ухаанаараа монгол хүрзээр ухаад, монгол маягаар боловсруулсан нүүрс гэсэн үг биш. Монгол нутгаас очиж байгаа нүүрс, хэнтэй хамтарсан, хэрхэн ухсан нь хамаагүй, чаддаг юм бол саран дээрээс зөөгөөд ирсэн байж болно гэсэн үг.
Хөгжлийн шинэ үе эхэлж байна. Сүгсэлзэж сагсалзаж олны дургүйг хүргэхийн оронд улс амьтны эвийг олж, хойгуур урдуур нь гүйж байгаад хэргээ бүтээдэг овжин хүн байдаг даа. Монгол үндэстэн овжин байх цаг одоо лав мөн. Нэг иймэрхүү байх жишээний…
Б.Цэнддоо
2014 оны 9 сарын 17
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20300
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих