УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.10.27/ дараах хууль, тогтоолын төслүүдийг өргөн мэдүүллээ.
1."Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл
Эдийн засагт үүссэн хүндрэлүүдийг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор "Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөрийн төслийг боловсруулсан байна. Хөтөлбөр нь Макро эдийн засгийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх, Дунд хугацаанд эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийж, тогтвортой өсөлтийг хангах, өрийн дарамтыг бууруулах бодлого хэрэгжүүлэх гэсэн хоёр үндсэн стратегитэй бөгөөд энэ хүрээнд нийт 60 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр төсвийн тэнцлийг сайжруулж, төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулах замаар макро эдийн засгийг тогтворжуулах, гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол Улсын макро эдийн засгийн бодлого, бодлогын хэрэгжилтийн үр дүнд итгэх итгэлийг сэргээх, Засгийн газрын авсан зээлийг урт хугацаатай, бага хүүтэй зээлээр солих замаар зээлийн зардлыг бууруулах, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлснээр эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, дунд хугацаанд уул уурхайн бус салбарын экспортын орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийг төрөлжүүлэх үндэс суурийг тавих боломж бүрдэнэ хэмээн үзсэн байна.
Макро эдийн засгийг тогтворжуулах эхний стратегийн хүрээнд төсвийн болон мөнгөний бодлогыг оновчтой хослуулан хэрэгжүүлж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх замаар гадаад, дотоод макро тэнцвэрт байдлыг сайжруулж, тогтворжуулах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж 2017 онд 3.0 хувьд хүргэхээр төлөвлөсөн аж. Уул уурхайн бус салбарын экспортын орлогыг нэмэгдүүлж, бодит салбарын өсөлтийг дэмжих томоохон төслүүдийг эхлүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлснээр уул уурхайн бүтээгдэхүүний тээврийн зардал буурч, экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэж, эдийн засгийн бүтэц сайжрах, эдийн засгийн цар хүрээ өргөжих боломж бүрдэх тул эдийн засгийн бодит өсөлт 2018 онд 5.1 хувь, 2019 онд 7.1 хувьд хүрч өснө хэмээн тооцсон байна.
Мөн боловсруулах салбар 2017-2019 онд дунджаар 6.3 хувиар, 2019 оноос эхлэн 10 гаруй хувиар өсөх боломж бүрдэх аж. Төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр дунд хугацаанд буюу 2017-2019 онд жилд дунджаар 20 орчим мянган ажлын байр шинээр бий болж, ажилгүйдлийн түвшин 2019 оны эцэс гэхэд 8.0 хувиас ихгүй болж буурах тооцооллыг тогтоолын төслийн танилцуулгад дурджээ.
Түүнчлэн, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэхээр тусгагдсан томоохон төсөл хөтөлбөрүүдийн нөлөөгөөр экспорт нэмэгдэж 2019 онд 5.4 тэрбум ам.долларт хүрэх, бүтээн байгуулалтын хэрэгцээг дагаж импорт 2019 онд 5.5 тэрбум ам.доллар болох, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.9 тэрбум ам.долларт хүрч өснө хэмээн тооцсон байна.
Монгол Улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт жилд 2.0-3.0 тэрбум ам.долларт хүрэх, улмаар хөрөнгө ба санхүүгийн дансны ашиг нэмэгдэж урсгал дансны алдагдлыг нөхөх, төлбөрийн тэнцлийн дарамт буурч дунд хугацаанд ашигтай гарах, түүнчлэн валютын ханшид эерэгээр нөлөөлөх боломж бүрдэх зэрэг эерэг үр дүн гарах талаар тогтоолын төслийн танилцуулгад дурсан байна.
2."Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл
"Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төсөлд Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийн салбарын бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 17 зорилт, 104 бодлогын арга хэмжээг тусгасан байна. Үүнээс гадна зорилт, арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцан хэрэгжүүлэх байгууллагыг мөн тусгасан болохоо Улсын Их Хурлын даргад танилцууллаа.
Макро эдийн засгийн бодлогын хүрээнд 2017 онд эдийн засгийн хүндрэлийг даван туулах, үйлдвэрлэл, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, инфляцыг зорилтот түвшинд байлгах, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах, нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг өмнөх оны түвшнээс бууруулах замаар дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийг эерэг болгох нөхцөлийг бүрдүүлэх, Засгийн газар, Хөгжлийн банкны гадаад бондыг эргүүлэн төлөх эх үүсвэрийг шийдвэрлэж, дунд хугацаанд өрийн дарамтыг бууруулах бодлого хэрэгжүүлэх; валютын орох урсгал түр зуур нэмэгдэх үед төгрөгийн нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлэхгүй, валютын нөөцийг хамгаалах зарчим баримтлах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Салбарын яамд, агентлагуудаас ирүүлсэн арга хэмжээний саналуудыг үндсэн чиглэлийн төсөлд тусгахдаа бодлогын зорилт, арга хэмжээг улсын төсөв болон бусад хөрөнгийн эх үүсвэрийн боломжтой уялдуулан 104 арга хэмжээний хүрээнд нийтдээ 5.3 их наяд төгрөгийг санхүүжүүлэхээс улсын төсвийн хөрөнгөөр 327.6 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 825.2 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 4.1 их наяд төгрөг, бусад эх үүсвэрээс 104 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөн тусгасан байна.
3."Экспортыг дэмжих төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх "Экспортыг дэмжих төсөл” нь уул уурхайн бус салбар дахь Монгол Улсын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн экспортын чадавхийг бэхжүүлж, гадаад зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой аж.
Жижиг, дунд үйлдвэрийн санхүүжилт, санхүүгийн зах зээл, дотоодын болон олон улсын худалдаа, аж үйлдвэрийн салбаруудыг хамрах энэхүү төслийг Дэлхийн банкны 20.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр жилийн 1.25 хувийн хүү болон 1.25 хувийн бусад шимтгэлтэй, эргэн төлөгдөх хугацаа 25 жил, үүнээс эхний 5 жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгээр авах юм байна.
Монгол Улсын эдийн засгийн уул уурхайн салбараас хамааралтай байдлыг бууруулж эдийн засгаа төрөлжүүлэх, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх шаардлага бий болоод байгаа билээ. "Экспортыг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлснээр Монгол Улсын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаад зах зээлд экспортлоход шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох, туршлага судлах, экспортын даатгал гэх мэт санхүүгийн шинэ бүтээгдэхүүнүүдийг бий болгох, санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна тодорхой зорилтот зах зээлүүдэд нэвтрэх боломжийг нээх ажээ.
4.Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2012 онд байгуулсан 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр амжилттай хэрэгжсэн туршлага дээр үндэслэн, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Австри Улсын техник, технологийг нэвтрүүлэх сонирхолтой төслийн хэрэгцээ, шаардлага их байгааг харгалзан 40 сая еврогийн "Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг 2016 оны зургаадугаар сарын 10-ны өдөр байгуулсан байна.
Энэхүү хэлэлцээр нь Олон улсын гэрээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4-т заасны дагуу гадаад улс, олон улсын байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн гэрээ тул Улсын Их Хурлаар соёрхон батлуулах шаардлагын дагуу Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж буйгаа Улсын Их Хурлын даргад танилцуулав.
Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг хоёр жилийн хугацаатай байгуулах бөгөөд энэ хугацаанд хөнгөлөлттэй зээлээр орон нутгийн ус, эрүүл ахуй, хог хаягдал, бохир ус, замын хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр зам, боловсрол, техник, мэргэжлийн сургалт, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын төслүүдийг санхүүжүүлэх юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20309
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих