Бразиль болон Өмнөд Америкийн орнуудад сүүлийн үед газар аваад байгаа Зика вирусийн тархалтыг зогсоох, яваандаа бүрэн устгахын тулд генийн өөрчлөлттэй шумуул ашиглахаар болжээ. Энэ зорилгоор Бразилийн Пирасикаба хотод генийн өөрчлөлттэй шумуул үржүүлдэг тусгай лаборатор ажиллаж эхэлсэн байна. Зика болон бусад төрлийн аюултай өвчин үүсгэгчийн гол тээгч, халдварлуулагч нь шумуул, бүр тодруулбал эмэгчин шумуул байдаг аж. Генийн өөрчлөлттэй шумуул үржүүлгийн газар хүн хаздаггүй эрэгчин шумуул л гаргаж авдаг байна. Генийн өөрчлөлттэй эрэгчин шумуулын үр төл нь бэлгийн бойжилтод хүрэлгүй эрт нас бардаг онцлогтой. Ийм эрэгчин шумуулын долоо хоногт 60 саяыг үржүүлэн байгальд тавих боломжтой юм байна. Генийн өөрчлөлтэй шумуул нь өвчин тээгч эмэгчин шумуултай үржилд орж, түүнээс төрсөн шумуул нь үржилд орох насанд хүрэлгүй эрт үхнэ. Ийм замаар хэсэг хугацааны дараа өвчин тээгч шумуулын тол толгойг 90 хувь хүртэл цөөлөх боломжтой. Генийн өөрчлөлттэй шумуул нь үр төл нь үржилд ордоггүй гэдгээс гадна шөнө гэрэлтдэг тусгай гентэй тул тархацыг нь хянах ажиглах боломжтой юм байна.
Б.БАДРАЛ
Эх сурвалж: www.assa.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20324
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих