Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танхимын сайд нарын хамт сэтгүүлчидтэй уулзалт хийлээ. Ерөнхий сайд болон сайд нар өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлынхаа талаар тайлагнаж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
Энэ үеэр сэтгүүчид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяраас сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлыг татаад буй сэдвүүд болох Хүүхэд харах үйлчилгээ, МСҮТ-ийн асуудлууд болон Залуучуудын хөгжлийн асуудлуудын талаар тодруулсан юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр сэтгүүлчдийн дээрх асуултуудад "Надад хамааралтай гурван асуулт байна. Залуучуудын хөгжлийн асуудлыг асууж байна. Засгийн газрын үйл ажилагааны хөтөлбөрт "Залуучуудын талаар төрөөс баримтлах бодлого"-ыг батална гэж оруулсан. Үүнтэй холбогдуулаад "Залуучуудынг хөгжлийн тухай хууль"-ийг боловсруулж дууссан байгаа.
Өчигдөр энэ зааланд НҮБ, НББСШУ байнгын хороо, Залуучуудын хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын удирдлагууд зэргээс бүрдсэн нэлээн томоохон хэлэлцүүлэг зохион байгуулсан. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар "Залуучуудын хөгжлийн тухай хууль" буюу залуучуудын мэдлэг, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, мэргэжил, орон сууц, эрүүл мэндтэй холбоотой таван бодлого, нийтдээ 18 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдэгдэх уг хуулийг хэлэлцэж эхэлнэ.
Хоёрдугаарт миний нэр бүхий уриа лоозон барьсан жагсаалууд болсон. Ажил хүлээж авсан даруйдаа МСҮТ болон Хүүхэд харах үйлчилгээний чиглэлээр шалгалт оруулсан. Шалгалтын дүн урьдчилсан байдлаар гарсан.
Жишээлбэл, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй сургууль төсвөөс хувьсах зардал гэж олон сая төгрөг авсан. Шалгалтын ажлын хэсэг маань тухайн сургуулийн хаягаар очиход нөгөө сургууль нь хаяг дээрээ байдаггүй. Үйл ажиллагаа явуулж байгаа сургууль байхгүй байсан. Холбогдох утсаар нь холбогдоход насанд хүрээгүй хүүхэд утсыг нь авч байх жишээтэй. Шалгалтын явцад ийм асуудлууд тодорхой болж байна. Ирэх долоо хоногт цагдаагийн байгууллагад бид хандана. Хүүхэд харах үйлчилгээ мөн адил. Хүүхэд харж байна гэж хийсвэрээр бичилт хийдэг, мэргэжлийн бус хүн ажилладаг улмаар мөнгө төгрөг "идэж уудаг" гэх мэт асуудлууд байна. Энэ асуудлыг ч мөн адил ирэх долоо хоногт ажлын хэсгийн дүгнэлт дуусмагц цагдаагийн байгууллагад шилжүүлнэ.
Тэтгэврийн зээл болон цалингийн зээлийн бууруулах зорилгоор ажлын хэсгүүд гарсан. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудал дээр Төрийн банкнаас өчигдөр надад ажлын хэсэг нь хариу ирүүлсэн. Төрийн банк 6.0 хувийн хүүгийн нэмэгдэлтэй байна гэж мэдээллээ.
Энэ нь хувийн арилжааны банкуудаас даруй хоёр дахин илүү хүүгийн зардал байна гэсэн үг. Тиймээс Төрийн банк тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжгүй байна гэсэн үг юм. Гэхдээ энэ асуудлыг бид ярилцаж байгаа. Үндсэндээ Төрийн банкны урсгал зардал буюу цалин бусад зардал нь зээлийн хүүд эзлэх хувь маш өндөр байгаа юм.
Нэг орлогч захирал гэхэд л 10 гаруй сая төгрөгийн цалин авч байна. Ер нь манайтай холбоотой маш олон асуудлууд байгаа. Өнгөрсөн хугацаанд нэг ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээр мэдээлэл гараагүй шалтгаан нь юу вэ гэвэл олон ажлын хэсэг гаргасан, маш олон шалтгалтуудыг хийж байгаатай холбоотой юм. Эхнээсээ шалгалтын дүнгүүд нь гарч байна. Ирэх долоо хоногийн хоёр дахь өдөр буюу 11 дүгээр сарын 2-ны өдөр бид яам дээрээ сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийхээр төлөвлөөд ажиллаж байна. Хэвлэлийн хурлын үеэр хардалт төрүүлдэг бүх мэдээллүүдийг ширээн дээр ил тод, нээлттэй тавих болно гэдгээ хэлье" хэмээн хариулсан юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих