Хүүхдээ тэврээд явж буй настай эрэгтэйн зургийг авч "Хүүхдээ шил архиар зарна” гэж байна гэсэн тайлбартайгаар нэгэн иргэн өөрийн цахим хуудастаа нийтэлсэнээс хойш олон нийтэд нэн даруй тарж, зарим сайтууд дээр ч мөн тавигдсан билээ. Тэгвэл энэ мэдээллийн талаар ЦЕГ-аас албан ёсоор мэдэгдэл хийлээ.
"Энэ сарын 1-ний өдөр нялх хүүхдийг шил архиар зарна гэх мэдээлэл гарсан. Энэ гэмт хэргийн шинжтэй байсан тул цагдаагийн албан хаагчид шуурхай шалгаж, тухайн мэдээллийг тавьсан болон мэдээлэлд дурдагдсан иргэнийг хайж эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байгаа бөгөөд зөвшөөрөлгүй хүний зургийг авч нэр төрд нь ноцтойгоор халдсан гэмт хэрэг учир эрүүгийн хуулийн тусгай ангийн 111-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна” гэсэн юм.
Харин зурган дээр байсан охины ээж Д.Дэлгэрмөрөн "Манай аав 70 гаруй настай. Охиныг минь салхилуулаад явж байхад нь зургийг нь аваад буруу ташаа мэдээлэл гаргасан учир бид энэхүү буруу мэдээлэл гаргасан хүмүүст хариуцлага тооцуулахаар холбогдох газар нь хандаж байна” гэлээ.
Зураг дээрх хүүхдээ тэврээд явж буй 70 гаруй настай иргэн н.Доржсүрэн "Өчигдөр гадаа дулаахан байхаар нь хүүхдээ салхилуулахаар түр гарсан. Тэгтэл зургийг маань авч олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна лээ. Надтай ирж юм ярьсан хүн байхгүй. Тийм байж архиар хүүхэд зарах гэж байна гэсэн мэдээлэл гарсан тухай надад танил маань хэлсэн. Тиймээс цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Зураг авч байгааг би ер мэдээгүй. Би ер нь хүүхдээ байнга ингэж сугавчилж авч явдаг. Энэ мэдээлэл надад маш хүнд туссан” гэв. Ийм төрлийн мэдээллүүд цахим сүлжээгээр өдөр тутам нийтлэгдэж байдаг учир цагдаагийн байгууллагаас буруу ташаа мэдээлэл нийтэлж, иргэдийг айлган, цочролд оруулж буй иргэдэд хатуу хариуцлага тооцохоо мэдэгдлээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих