Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Улсын тэргүүний "Мэргэд"
сургуулийн зөвлөх, Монгол Улсын гавьяат багш Т.Тавхайтай Бүтээлч ахмад
багш нарын II зөвлөгөөнд оролцож байхад нъ уулзаж ярилцлаа.
-Холоос ирсэн хүнээс үг сонсох сайхан. Хөдөөд хаваржилт ямар байна вэ?.
-Манай
Өвөрхангай аймагт хаваржилт сайхан байна. Энэ жил мал төл хорогдолгүй
ихээхэн өсч байгаа сурагтай. Саяхан цас, бороо орж их чийг өглөө. Тариа
ногоо элбэг ургасан нь зун сайхан болохын дохио биз дээ. Замд судаг
жалга ногоороод сайхан харагдана билээ. Баруун, хойд талын сумдаар илүү
цас орсон байна. Өдийд өгсөн энэ чийгийг малчид "шар тос" гэж үздэг юм.
Тэгэхээр Монгол нутаг нэлдээ шар тосонд цадаж байгаа юм болов уу даа.
-Та хэдэн жил багшилж байна вэ?
-Би
тэтгэвэртээ гарсан хүн. Анх 1971 онд МУИС-ийн Газар зүйн ангийг төгсч
аймагтаа очиж багшилснаас хойш 43 жил өнгөрчээ. Хөдөөд болон аймгийн
боловсролын хэлтэст хэдэн жил ажиллаж байлаа. Одоо математик, гадаад
хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, улсын тэргүүний лаборатори "Мэргэд"
сургуульд зөвлөх багшаар ажиллаж байна. Манай аймгийн төвд гэхэд таван
сургуульд 8000 гаруй хүүхэд суралцдаг. Аймгийн хэмжээнд сургуулийн насны
20 мянга гаруй хүүхэдтэй.
-Танай аймагт боловсролын шинэчлэл хэрхэн хийгдэж байна вэ. Та хүүхдийг зургаан настайгаас нь суралцуулж байгааг зөв гэж үздэг үү?
-Боловсролд
шинэчлэл хийх цаг нь болсон гэж үздэг. Дэлхий нийтийн жишгээр хүүхдийг
зургаан настайгаас нь сургасан нь үр дүнтэй харагдаж байгаа. Анхандаа
яадаг бол гэж бодож байсан. Одоо харж байхад зөв юм байна. Боловсролын
шинэчлэл гэдэг богино хугацаанд хийж гүйцэтгэх ажил биш. Эхлээд багшаа,
дараа нь сурах бичигтээ шинэчлэл хийх хэрэгтэй болов уу гэж боддог.
Одоохондоо туйлшраад л байх шиг байна. Шинээр багш мэргэжил эзэмшиж
байгаа залуучуудад боловсролын шинэчлэлийг гүнзгий таниулж өгөх
хэрэгтэй. Агуулга зүйн хэрэгжүүлэгч нь багш нар юм шүү дээ. Өвөрхангай
боловсролын шинэчлэлийг сайн хийж байгаа аймгийн тоонд орсон. "Мэргэд"
сургууль шинэчлэлээрээ бусдад үлгэр дуурайл болсон. "Зөв монгол хүүхэд",
"Ном", "Авьяас" хөтөлбөрийн хүрээнд их зүйл хийж байгаа. Өнгөрсөн жил
БШУ-ы сайд Л.Гантөмөр манай аймагт ирж хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгаад
сайн дүн тавиад явсан. Манай хөдөөгийн багш нар ямар ч үед сургуулиа
илүү анхаарч явдаг улсдаа.
-Та газар зүйн мэргэжлийн багш. Энэ хичээлийн цаг хэр олон бэ?
Газар
зүйн хичээлийг дунд ангид долоо хоногт ердөө хоёрхон цаг ордог. Хэн ч
байсан өөрийнхөө мэргэжлийн хичээлийг л онцлоно. Хүүхэд энэ хичээлд их
сонирхолтой байдаг. Их ч юм мэдэж авдаг. Тэгэхдээ боловсролын
шинэчлэлээр хүүхдэд ямар хичээлийг илүү зааж таниулах нь одоо болтол
тодорхой биш байгаа. Газар зүйн хичээл хүүхдэд танин мэдэхүйн асар их
мэдлэг өгдөг юм шүү. Сүүлийн үед гадаад хэл, математик гэж хошуурах
болсон. Түүнийгээ гүнзгийрүүлсэн гэж яриад байгаа. Эцэстээ бол
гүнзгийрүүлсэн гээд нэг их илүү юм байдаггүй.
Тухайн хүүхдийн
хүмүүжил, идэвхи, сонирхлоос шалтгаалдаг. Хүн байгаль дэлхий дээр
амьдарч, түүний хишгийг хүртэж байгаа цагт газар зүйн хичээл гэдийг
хойш тавьж болохгүй л дээ. Уул уурхай хөгжиж, газар шороогоо онгичиж
байгаа энэ цаг үеийг хүүхдүүддээ ойлгуулж илүү гүнзгийрүүлэн заах
хэрэгтэй юм шиг санагддаг. Монгол хэл, уран зохиолын хичээлийг илүү
заах болсонд олзуурхдаг юм. Монгол хүн шинэ зуунд монгол хэлээ сайн
мэдэж байх хэрэгтэй шүү дээ.
-Оны эхнээс багш нарын цалин, тэтгэвэр нэмэгдсэн. Энэ нь багш нарт хэр мэдрэгдэж байна вэ?
-Нэмэгдсэн
нэрнээс цаашгүй. Ер нь багш нарын нийгмийн халамж, хамгаалал орхигдоод
байгаа, Хөдөөд бол бүүр дэндүү. Улаанбаатараас бараа таваар хоёр
нугараад очиж байхад 15 хувиар нэмэгдсэн гэх цалин хаана нь ч хүрэхгүй
шүү дээ. Манайхан чинь багш нарыгаа 'Хариу нэхээгүй өглөгч" гэж цаасан
малгай өмсгөн гүйлгэсээр байгаад дуусгадаг. Бид болохоор хэдэн хүүхдээ
багш нь гэж хөөрцөглөн сэтгэл гаргаж явсаар насны эцэст авч байгаа
тэтгэвэр нь хүнд хэлэхэд санаа зовмоор бага шүү дээ. Зарим сургууль
мэдлэг чадвартай сайн багш нарыг тэтгэвэрт гарах нас нь болсон гээд
чөлөөнд суулгачихаж байна. Тэдний дадлага туршлагыг ашиглах хэрэгтэй.
Манай багш нар "Бие эрүүл бол нас гэдэг тоо юм" гэж ярьдаг. Тэр бол яах
аргагүй үнэн үг.
-Өвөрхангайд сургууль, багш нарын хүрэлцээ ямар байдаг вэ?
-Зарим
газар сургуулийн барилга муу, хүүхэд багталцахгүй байгаа тухай
яригддаг. Аймгаас суралцахаар очсон нэг хэсэг нь төгсчихөөд Улаанбаатарт
үлдэх нь их. Хөдөөгийнхөн гэдэг чинь нэг л амгалан хүмүүс шүү дээ.
Сургуулийн таазнаас шавар унаж байхад яриад л өнгөрнө. Нэг их сүйд болж
гүйгээд байхгүй, эцсийг нь үзэж байж шийд сонсоно. Манай улс
боловсролын шинэчлэл гэж ярихаасаа өмнө сургууль цэцэрлэгийнхээ
асуудлыг шийдэх хэрэгтэй юм шиг санагддаг. Тохилог танхим, цэвэр
ширээтэй, тохойгоороо шүргэлцэхгүй хичээлээ хийх хэрэгтэй биз дээ.
-Сурагчдад сурах бичиг хүрэлцээтэй байдаг уу. Сурах бичгийн талаар шүүмжлэл их байдаг. Танд юу ажиглагддаг вэ?
-Саяхан
болтол сурах бичгийн ном ахаас дүүд хэд дамждаг байлаа. Их ч сайн ном
байж дээ. Өнөөдрийн хэвлэгдэж байгаа ном өнгө зураг сайхан дэндуү чамин
болсон. Эрдэмтэд бүтээж байгаа болохоор доторх нь сайн л байж таараа.
Харин хэвлэлтийн чанар муу гэдэг юм билээ. Зарим сурах бичгийн ном
алдаатай байгаа тухай шүүмжилж байсан удаатай. Хот хөдөөгүй сургуулиуд
номын сантай болсон. Энэ нь том дэвшил. Тэгэхдээ жил болгон сурах бичиг
хэдэн мянган хувь хэвлэгдэж байдаг. Заримдаа ном нь ихдээд чанар нь
муудаад байна уу даа гэж ажиглагддаг. Бидний багад олдоц муутай
хүрэлцэхгүй байгаа номноос сурах гэж шамдан бусдаас илүү сурдаг байлаа.
-Та олон жил багшилсан, олон шавьтай хүний хувьд өнөөдрийн хүүхдийн хүмүүжлийг хэрхэн харж байна вэ?
-Хүүхдийн
хүмүүжил сүүлийн 20 жилд орхигдсон гэж хэлж болно. Боловсролын салбар
үүнд огт анхаарал тавьж ирсэнгүй. Манай монголчууд цөөхөн хүүхдээ их
эрхлүүлдэг болсон юм уу даа. Хүүхдийн хүмүүжил эцэг эхээс их шалтгаалж
байна. Хүүхдээрээ зохих ажил хийлгэхгүй залхуу болгосон. Үзэж харах юм
нь их болсон. Гэртээ үзэж харах юмыг нь зааглаж өгч мэддэггүй. Миний
мэдэх 1960-1980 оны хүүхдүүд нийгмийн тустай хөдөлмөрт оролцон ногоо
хурааж, хашаа барьж явлаа. Үнээс амьдралдаа их юм мэдэж авдаг. Одоо
хуүхдүүдийг сургуулийнхаа хашааны хогийг арилгуулах гэж хэл үг болж байх
жишээтэй, сургууль орчноо сайхан байлгах, цэвэр байлгахсан гэж мэдэхгүй
байна. Энэ бол хүмүүжилтэй холбоотой.
-Зөвлөгөөнд таны үеийн ахмад багш нар иржээ. Та бүхэн энэ зөвлөгөөнөөс ямар үр дүн гарах бол гэж хүлээж байна вэ?
-Энэ
зөвлөгөөнийг БШУЯ, Монголын бүтээлч ахмад багш нарын холбооноос зохион
байгуулж байгаа юм. Ихэнх аймаг ахмад багш нарын холбооны тэргүүн ирсэн
байна. Бид энэ хоёрдугаар зөвлөгөөнөөс багш нарын тэтгэвэр тэтгэмж,
нийгмийн хамгааллыг цаашид шийдвэрлүүлэх, мөн уриалга гарах байх гэж
найдаж байна. Орон нутгаас ирсэн багш нар санаа авмаар олон шинэ зүйл
ярьж танилцууллаа. Зарим аймаг ахмад багш нарын халамжийн сан байгуулсан
тухайгаа ярьж байна. 90 настай багш байна. Ахмад гэхээргүй сэтгэж
бүтээж яваа багш нараараа бахархдаг. Өвөрхангайдаа буцаж очоод
хэрэгжүүлэх ажил бий.
Н.ЛХАГВАСҮРЭН /ӨДРИЙН ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих