Монгол Улсын хилээр нэвтрэгсдийн бүртгэл хяналтын үйл ажиллагаанд орчин үеийн өндөр хурдтай техник, технологийг нэвтрүүлэн, хувь хүний биометрик мэдээлэл агуулсан мэдээллийн санг ашиглан хилийн шалган нэвтрүүлэх хяналтыг шуурхай болгон сайжруулаад байна.
Тодруулбал, Монгол Улсад орох, гарах эрхийн хүчин төгөлдөр баримт бичиг бүхий Монгол Улсын болон Монгол Улсад оршин суух зөвшөөрөл, олон удаагийн визтэй гадаад улсын иргэнийг бүртгэл хяналтын цахим төхөөрөмж ашиглан нэвтрүүлэх юм.
Хилийн шалган нэвтрүүлэхийн үйл ажиллагаанд цахим гарц /auto gate/-ын шинэ технологи ашиглаж эхэлснээр зорчигчийг бүртгэх цаг хугацааг хэмнэх, таних чадавхи нэмэгдэж, хилийн шалган нэвтрүүлэх чадавхи нэмэгдсэн аж.
Цахим гарцаар саадгүй, шуурхай нэвтрэхийн тулд урьдчилсан бүртгэл хийлгэх шаардлагатай бөгөөд гадаад паспорт дээрээ наалт буюу цахим гарцаар нэвтрэх зөвшөөрөл олгосон талаарх тэмдэглэгээг хийлгэх юм. Ингэснээр цахим гарцаар 5-15 секундын хугацаанд шалгагчгүйгээр шуурхай нэвтрэх нөхцөл бүрдэж байгаа юм байна.
Тус наалтыг Манай улсын иргэд болон удаан хугацааны визтэй гадаадын иргэд наалт заавал наалгасан байх шаардлагатай аж.
Өдөр бүр ажлын цагаар наалт наах үйлчилгээг үзүүлж байна
Гадаад паспорт дээрээ наалт наалгах иргэд "Чингис хаан” олон улсын нисэх буудлын явагчийн танхимын хоёрдугаар кабин болон Дүнжингарав худалдааны төв дэх "Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв -ийн 26 дугаар цонхонд өдөр бүр ажлын цагаар буюу 08.00-17.00 цагийн хооронд хандах боломжтой бөгөөд ямар нэгэн мөнгөн хураамж төлөх шаардлагагүй юм байна.
Ямар материал бүрдүүлэх шаардлагатай вэ?
- Анкет /Бүртгэлийн ажилтнаас авах/
- Гадаад паспорт /хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй байх/
- Бүртгэл хийлгэх явцдаа баруун, зүүн гарын долоовор хурууны хээ өгөх болон төхөөрөмжид нүүрний зураг авхуулах юм.
- Цахим гарцаар нэвтрэх зөвшөөрлийг зорчигчийн баримт бичиг, визийн хүчинтэй хугацаагаар олгоно.
Т.Гэрэл
zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих