АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль өнөөдөр болно. Энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, Бүгд найрамдах намаас тэрбумтан Доналд Трамп нар нэр дэвшиж байгаа билээ. Тэд кампанит ажлынхаа хүрээнд гурван удаа халз мэтгэлцэж экс тэргүүн хатагтайн ялалтаар төгссөн юм. "Real Clear Politics” улс төрийн судалгааны төвийн судалгаагаар сонгуульд санал өгөх магадлалтай америкчуудын дунд Хиллари Клинтоны нэр хүнд өндөр байгаа аж. Д.Трамп "Хүчирхэг Америкийг дахин сэргээнэ” гэсэн уриатайгаар сонгуулийн суртчилгаагаа хийсэн билээ. Энэхүү уриаг Роналд Рейган 1980 онд дэвшүүлж байсан юм. Харин Д.Трамп цагаачлалын бодлого болон худалдааны гэрээг шинэчлэх, дунд давхаргын америкчуудын татварын тухай асуудлыг мөрийн хөтөлбөртөө багтаажээ. Х.Клинтоны хувьд "Хиллари Америкийн төлөө” гэсэн уриан дор сурталчилгаа явуулсан бөгөөд тэрбээр санхүүгийн шинэчлэл, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, эрүүл мэнд болон нийгмийн халамжийг сайжруулах зэрэг амлалтыг мөрийн хөтөлбөртөө тусгасан юм. Нэр дэвшигчдийн кампанит ажил өнгөрсөн есдүгээр сараас эрчимжиж, АНУ улс төрийн давлагаанд өртсөн юм. Тэр ч байтугай Цагаан ордныхон Ерөнхийлөгчийн сонгуульд урьд өмнөхөөсөө илүүтэй хөндлөнгөөс оролцох болсон нь америкчуудын дургүйцлийг төрүүлжээ. Харин нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны үеэр өрсөлдөгчийнхөө сул талыг олон нийтэд дэлгэх уламжлалт аргыг гол болгосон байна. Тухайлбал, Д.Трамптай холбоотой секс шуугиан эмэгтэй сонгогчдынх нь дунд түүний нэр хүндийг унагасан бол Х.Клинтоны цахим шуудангийн хэрэг түүний дэмжигчдийн урмыг хугалсан аж. "Вашингтон пост” сонинд америкчуудын сонгуульд санал өгөх идэвх буурч байгаа талаар бичжээ. АНУ-ын XX зууны иргэд сонгуульд идэвхтэй оролцдог байсан бөгөөд 1952, 1960, 1968 оны Ерөнхийлөгчийн сонгуульд америкчуудын 60 гаруй хувь нь саналаа өгсөн байна. Энэ үзүүлэлт XXI зуунд эрс буурсан ба 2008 онд америкчуудын 58 хувь нь сонгуульд оролцжээ. Эх сурвалжийн таамаглаж буйгаар энэ удаагийн сонгуульд америкчуудын 52-54 хувь нь саналаа өгч магадгүй гэнэ. Үүнээс сонгуульд оролцох цагаан арьст америкчуудын тоо өнгөт арьстан, исламын шашинт америкчуудтай харьцуулахад 2008, 2012 оныхоос буурах магадлалтай байна. АНУ-ын муж улсуудад өнөөдөр эхэлсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн маргааш тодорхой болно.
Х.Заяа
unen.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20515
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих