Хууль зүйн сайд Х.Тэмүүжин суудалдаа үлдэхийн тулд арга бүхнийг сүвэгчилж явна. Түүнийг улсын өмч хөрөнгө сүйтгэсэн, 18 нас хүрээгүй жаахан охин ба хар тамхитай холбогдож ёс зүйн алдаа гаргасан, хуулийн салбарыг удирдах мэргэжлийн мэдлэг, чадваргүй гэсэн гурван үндэслэлээр огцоруулахаар УИХ-ын хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж, огцоруулах нь зүйтэй хэмээн үзээд байгаа юм.
Энэ долоо хоногт УИХ түүнийг огцоруулах талаар хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргана. Тэгвэл энэ үеэр хэсэг охид, залуус Х.Тэмүүжин сайдыг хамгаалах хөдөлгөөн байгуулжээ. Х.Тэмүүжин сайдыг суудалд нь үлдээхийн төлөө тэмцэх гэнэ. Тэд ч Улаанбаатар хотын дүүргүүдээр аялан явж сайдын төлөө сурталчилгаа хийж, гарын үсэг цуглуулах ажлаа эхэлсэн ажээ.
Гэтэл Х.Тэмүүжин сайдыг хамгаалах энэ нүсэр PR сурталчилгааны үнэ өртөг анхаарал татаж эхэллээ. Энэ талаар medee.mn сайтад М.Амаржаргал, Б.Бурмаа нарын хийсэн сонирхолтой тооцоо нийтлэгджээ. Тэдний бичсэнээр, сурталчилгаанд сүүлийн үеийн мэргэжлийн PR-чдын хэрэглэдэг аргыг ашигласныг учир мэдэх хүн хэлсэн ба залуусын ард PR-чдын баг ажиллаж байна гэх хардлага төрүүлж буй юм. М.Амаржаргал, Б.Бурмаа нар мөн ингэж бичжээ:
"Уриа, лоозонгоор тогтохгүй фэйсбүүкт "Бид Тэмүүжинтэй хамт” гэсэн пэйж хуудас нээсэн. Ийм пэйж хуудсыг зорилтот бүлгийнхээ 100 хэрэглэгчид хүргэхийн тулд "Facebook” компанид цагт 500 ам.доллар төлөх ёстой юм. Х.Тэмүүжин сайд пэйж хуудсаа хүмүүст хүргэхийн тулд өдөрт хамгийн багаар бодоход 3000 ам.доллар "Facebook” компанид төлнө гэсэн үг. Энэ сурталчилгаа пүрэв гариг хүртэл үргэлжлэх нь ойлгомжтой.
Мөн оюутнууд барьж зургаа авхуулаад байгаа "лайк” тэмдгийг хэвлэхийн тулд 20-25 мянган төгрөгийг зарцуулдаг аж. Х.Тэмүүжинг дэмжин зогсож буй оюутнуудад 20 мянган төгрөгийг өдрийн хоолны мөнгө хэмээн өгдөг байна. Өчигдрөөс эхлэн телевизүүдэд "Бид Тэмүүжинтэй хамт” гэсэн шторк өгч эхэлжээ. Телевизүүдийн зар сурталчилгаа, эфирээр цацах ханш нэг секунд нь 2000-3000 төгрөг байдаг. Мөн өөрийнх нь сурталчилгааг эрчимтэй хийж буй пи-арчид багаараа гэрээ байгуулахдаа хамгийн багадаа 10 мянган ам.доллар авдаг”.
Хэрэв дээрх мэдээлэл бодитой бол Х.Тэмүүжин болон түүнийг сайдын суудалд авч үлдэх сонирхтолтой бүлэг "том” хөдөлж байгаа бололтой.
А.Аагий
Эх сурвалж: www.gashuun.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих