Америкийн улс төрчид сав л хийвэл Оросын төрийн тэргүүнийг муучлахыг урьтал болгодогт харамсал тээж явдаг Доналд Трамп бол 4.5 тэрбум долларын хөрөнгөтэй бизнесмэн. "The Apprentice” нэвтрүүлгээр нь түүнийг олон хүн танина.
Түүнийг улс төрийн туршлагагүй гэдэг ч ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх туршлагатай гэж хэлж болно.
2000 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэж зарлаж хоёр ч мужаас дэмжлэг аваад байсан тэрээр сарын дараа сурталчилгааныхаа ажлыг зогсоосон түүхтэй.
2015 оны 6-р сарын 16-нд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсноо албан ёсоор зарласан билээ.
Трамп хууль бус цагаачлал, эдийн засгийн шинэчлэл зэрэг сэдвүүдийг хөндөн, гаж гэмээр санаачлагаараа олны анхаарлыг татаж чадав.
Дональд Трампын сонгуулийн уриа нь "Америкийг дахин агуу болгох”.
Сонгуулийн мэдээгээр хөдөө аж ахуй зонхилсон мужуудад Доналд Трамп ялалт байгуулсан байна. Тэрээр сонгуулийн сурталчилгаа хийх үеэрээ "Би бизнес эрхэлдэг хүн учир төсөв яаж бүрдүүлэх талаар Хиллари Клинтоноос илүү мэдлэг чадвартай” хэмээж байлаа.
Түүнийг ялалт байгуулсан нь зарим газар хор уршиг ч авчраад байна. Тухайлбал газрын тосны үнэ ханш хэлбэлзэж эхэлжээ.
Трамп хэрвээ ялбал Герман, Мексик, Хятад зэрэг улсуудад өөрчлөлт гарах бөгөөд Германд эдийн засгийн хувьд сүйрэл ч авчирч болзошгүйг судлаачид хэлж байна.
Трамп Нэгдсэн улсад ашиггүй учир чөлөөт худалдааг хязгаарлаж "Obama care” хөтөлбөрийг зогсооно хэмээсэн юм.
Ардчилсан намын хувьд энэ хөтөлбөрийн ачаар нийт хүн амын 70 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чадсан гэж үздэг.
Орос улсад хэзээнээс элэгтэй тэрээр "Бид Оростой хэл амаа ололцон, "Исламын улс”-ын сүнсийг зайлуулж чаддаг бол хичнээн сайн байхсан билээ” гэж өгүүлжээ.
Доналд Трамп дэлхийн дулааралд итгэдэггүй нэгэн бөгөөд мөрийн хөтөлбөр нь дэлхийн дулаарлын эсрэг Парисын тунхагтай зөрчилддөг. АНУ Парисын тунхгаас ухарч, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах талаар дорвитой арга хэмжээ авахгүй, харин ч эсрэгээр нэмэгдүүлбэл бусад орнуудад муу үлгэр болж, ноцтой үр дагаварт хүргэнэ гэж судлаачид үзэж байна.
Трамп хоёр сая гаруй хууль бус цагаачдыг улсаасаа хөөн гаргаж, цагаачлалын тухай хуулийг илүү чангатгах бөгөөд армийнхаа цэргийн тоог нэмж, тэнгис, агаарын хүчнийхээ зэвсэглэлийг шинэчилж сайжруулна гэж амласан.
Доналд Трампын мөрийн хөтөлбөр татварын бодлогын шинэчлэл, эдийн засгийн шинэчлэл, хууль бус цагаачлалын асуудлуудыг чухалчилсан бол Хиллари Клинтоны мөрийн хөтөлбөрт татварын бодлогын шинэчлэл, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахтай тэмцэх, дэлхийн дулаарлыг бууруулахын төлөө, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, цагаачлалын бодлогыг зөөллөн үзэх мэт асуудлуудыг чухалчилжээ.
У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих