ВАШИНГТОН. /yahoo/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж өрсөлдөж буй Дональд Трамп хамгийн сүүлд Висконсин муж улсад ялалт байгуулан 276 санал авснаар Америкийн 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдох нь нэгэнт тодорхой боллоо.
Харин Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон төлөөлөн сонгогчдын 218 саналыг авчээ. Одоогоор Мичиган, Миннесота, Аризона, Нью-Хемпшир, Аляска гэсэн таван муж улсад санал хураалтын дүн хараахан гараагүй байна. Урьдчилсан байдлаар Миннесота, Нью-Хемпшир мужид Х.Клинтон саналын тоогоор давамгайлж байгаа бол бусад гурван муж улсад Д.Трамп илүүрхэж байна. Х.Клинтон тухайн муж улсуудад ялсан ч гэсэн Ерөнхийлөгчөөр сонгогдох боломжгүй болсон учир түүний сонгуулийн штабынхан албан ёсоор ялагдлаа хүлээн зөвшөөрчээ.
Ялах нь тодорхой болсон Дональд Трамп сонгуулийн штабын байрнаасаа гаран ойролцоо орших "New York Hilton Midtown” зочид буудалд очиж, дэмжигчдийнхээ өмнө үг хэлж байна.
Энэ удаад Ерөнхийлөгчийн сонгуулиас гадна АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын 435 суудал, Сенатын танхимын 100 суудлын 34 суудлын төлөөх өрсөлдөөн болсон юм.
Одоогийн байдлаар Сенатын танхимын 34 суудлын төлөөх өрсөлдөөнд Бүгд Найрамдах нам 21 суудал аваад байгаа бол Ардчилсан нам 11 суудал аваад байна. Ингэснээр Бүгд Найрамдах нам Сенатын танхимд нийт 51 суудалтай болж, олонх болоод байгаа бол Ардчилсан нам нийт 45 суудалтай болжээ. Харин Төлөөлөгчдийн танхимын 435 суудлын төлөөх өрсөлдөөнд Бүгд Найрамдах нам одоогийн байдлаар 234 суудал авснаар олонх болоод байгаа бол Ардчилсан нам 177 суудал авчээ.
Үүнээс гадна 12 муж улсын захирагчийг сонгох сонгуульд Бүгд Найрамдах намынхан давамгайлж, одоогийн байдлаар 6 муж улсад тус намын нэр дэвшигчид захирагчаар сонгогдоод байгаа бол 4 муж улсад Ардчилсан намынхан захирагчаар сонгогдоод байна. Харин Монтана болон Хойд Каролина муж улсад сонгуулийн дүн хараахан гараагүй байгаа ажээ.
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих