УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр оролцох үеэрээ, "Тэтгэвэр авагчид арилжааны банкаа сонгон үйлчлүүлдэг байх шийдвэр гаргасан. Үүний үр дүнд банк хоорондын өрсөлдөөн бий болно гэж үзсэн” гэлээ.
Н.Номтойбаяр сайд эл шийдвэрээ хоёр өдрийн өмнө гаргасан байна. Энэ тухайд тэрбээр "Өнөөдөр ихэнх тэтгэвэр авагчид Төрийн болон ХААН банкаас тэтгэврээ авдаг. Ердөө хоёрхон сонголт тэдэнд байгаад байна. Ахмадууд арилжааны банкаа сонгон үйлчлүүлдэг байх шийдвэрийнхээ талаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулна.
Банкууд төрийнх байна уу эсвэл арилжааны байх нь надад хамаатай биш. Гол нь эрсдэлгүй байх хэрэгтэй” гэсэн тайлбарыг хийж байлаа. Салбарын сайдын энэхүү тайлбар нь Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааны тухай мэдээллийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор сонсох үед яригдсан юм.
Нийгмийн даатгалын чөлөөт мөнгөн үлдэгдлийг сангаар нь авч үзвэл, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын санд 335.1 тэрбум, ажилгүйдлийн даатгалын сан 123.8 тэрбум, эрүүл мэндийн даатгалын сан 387.3 тэрбум, тэтгэвэр болон тэтгэмжийн харилцах дансанд 38.9 тэрбум буюу нийт дүнгээрээ 885.1 тэрбум төгрөг байгаа аж. Өнөөдөр дээрх мөнгөний тодорхой хувийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулж байгаа ба хүүг 9 хувиар тооцдог байна. Тодруулбал хадгаламж хэлбэрээр,
1.Төрийн банкинд 55 тэрбум төгрөгийг,
2.Чингис хаан банкинд 48 тэрбум төгрөгийг,
3.Улаанбаатар хотын банкинд 133 тэрбум төгрөгийг,
4.Капитал банкинд 180 тэрбум төгрөгийг,
5.Капитрон банкинд 30 тэрбум төгрөгийг,
6.Голомт 50 тэрбум төгрөгийг,
7.ХААН 6 тэрбум төгрөгийг,
8.Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 35 тэрбум
9.Худалдаа хөгжлийн банкинд 40 тэрбум төгрөгийг,
Нийт дүнгээр 577 тэрбум төгрөгийг 9 хувийн хүүтэй дээрх арилжааны банкуудад байршуулжээ. Банкуудад байршуулсан хадгаламжийн хүү 2014 онд жилийн 10.5 хувиар, 2015-2016 онд жилийн 11.8 хувь байсныг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс 2016 оны нэгдүгээр сард 10.2 хувь, өнгөрөгч тавдугаар сард хүүг жилийн 9 хувь болгож бууруулсан байна. Уг хүүг өсгөх шаардлагатай ба хүүг өсгөснөөр орлого тодорхой түвшинд нэмэгдэнэ гэдгийг салбарын сайд мэдээлж байв.
Цаашдаа нийгмийн даатгалын мөнгөн хөрөнгийг хадгаламж болон харилцах хэлбэрээр банкуудад байршуулахдаа өрсөлдөөний зарчмыг баримтлах шаардлагын үүднээс дээрх шийдвэрийг гаргасан болохыг сайд мэдэгдлээ.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: "Монцамэ” агентлаг
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20568
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих