АН-ынхан удтал хуралдуулж чадаагүй ҮЗХ-ны хурлаа энэ сарын 16-ны өдөр хийхээр тов гаргаад байгаа. Үүнтэй холбоотойгоор намын даргад нэр дэвших магадлалтай хүмүүс болон намын эрх мэдлийг гартаа авахыг санаархаж буй фракцынхан хөдөлгөөнд орлоо.
Саяхан "Нэг ардчилал" фракц татан буугдсанаа зарлаж, тус фракцын гол хүмүүсийн нэг болох Лу.Гантөмөрийг намын даргад ил цагаанаар "сойж" эхэлсэн. Үүнтэй зэрэгцээд шинэчлэл гэх нэрийн дор МоАН нэгдлийг үүсгэн байгуулж гол хөдөлгөж буй эрхэм болох Лу.Болд намын даргад санаархаж буйгаа илэрхийлэв. Ингэснээр намын даргын төлөөх тэмцэл дахин бадарч АН-ын "дотор халуун" гадагшилж эхэллээ.
Тэгвэл хамгийн сонирхолтой нь өчигдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг сэтгүүлчдийг "Туушин" зочид буудалд цуглуулж байгаад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж айлдав. Үүнийг нь сонссон сэтгүүлчид болох учир мэдэх хүмүүс Ерөнхийлөгчид нэр дэвших асуудлыг хувь хүн дан ганцаар шийддэхгүй, фракцуудаасаа дэмжлэг авч чадах болов уу хэмээн ярилцаж сууна. Ер нь энэ долоо хоногийн сонирхол татсан хүнээр Н.Алтанхуяг тодорч байх шиг байна.
Долоо хоногийн эхээр эхнэрийг нь хилээр гарах гэж байхад нь хууль хяналтынхан саатуулж, хилийн хориг тавьсан удаатай. Уг асуудлыг зарим эх сурвалжуудаас тодруулахад Н.Алтанхуягийн эхнэрийн дансаар их хэмжээний мөнгөн гүйлгээ хийгдсэн тул түүнийг ийнхүү шалгаж эхэлсэн гэнэ. Магадгүй өчигдрийн сүржин мэдэгдэл үүнтэй ч холбоотой байж болзошгүй. Өөртэй нь холбоотой, эхнэртэй нь холбоотой асуудал үүсээд хуулийнхан шалгаад эхэлмэгц асуудлыг өөр зүгт хандуулж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ хэмээн зарлаж байгаа ч үгүйсгэх аргагүй.
Тодруулбал, Намайг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч гэр бүлээр нь минь оролдож, хуулийнхан шалгаж эхэллээ гэж ч магадгүй. Үүнийгээ ч өөрөө өчигдрийн хурлаараа батлав. Тэрбээр "Манай эхнэр хүүхэд, эргэн тойрны хүмүүсийн асуудал бол бодитой бус. Та бүхэн олон жил харж байгаа. Миний биеийг ерөнхий сайд байхад огцруулахыг оролдож эхэлсэн тэр ажиллагаануудын үргэлжлэл явж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй гэсэн том кампанит ажлуудын нэг өчүүхэн хэсэг нь" гэх мессежийг ард түмэнд илгээж орхисон.
Ямартаа ч Н.Алтанхуяг өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахын тулд эсвэл үнэхээр эх орныхоо дуудлагыг өчигдөр өглөө сэрээ сонссон ч бай асуудлын гол нь түүнийг намын нөхөд нь сонгуульд нэр дэвшүүлэх эсэх нь эргэлзээтэй. Сонгуульд нэр дэвшихийн тулд нэгдүгээрт намын эрх мэдлээ буцаан авах хэрэгтэй. Тийм нөхцөл байдлыг үүсгэж чадаагүй нөхцөлд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох талаар бодоод ч нэмэргүй. Тиймээс энэ хэдэн өдрүүдэд АН-ын дотоод тэмцэл туйлдаа хүрэх бололтой. ҮЗХ доторх намдаа гомдсон нөхдүүдийг мөнгө, эрх мэдлээр далайлган цуглуулсан МоАН хүчтэй байр суурьтай байна хэмээн зарим эх сурвалжууд мэдээлж байгаа. Тийм ч учраас ҮЗХ-г хуралдуулахгүйгээр найман жил хуралдаагүй намын их хурлаараа даргаа сонгох гарцыг ч хайгаад эхэлсэн талаар бид өмнөх нийтлэлүүдээрээ хүргэж байсан юм. ҮЗХ хүртэлх энэ хэдэн өдрүүдөд АН-ын "дотор халуун" оргилдоо хүрэх бололтой.
Б.Анир
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих