Ардын засгийн жилүүдэд, ардын цэрэг, сургуулийн идэрчүүдийн дотроос манай сайн бөхчүүд төрж байгаа нь бахдалтай юм. Өвөрхангайн Аюур, Архангайн Шагж, Бэх-Очир Чимэд-Очир, Дорнодын Гэлэг, Завханы Лхагва, Дундговийн Бат-Очир, Ховдын Ванчинхүү, Булганы Түвдэндорж, Завханы Батсуурь, Хөвсгөлийн Дамдин, Бадамсэрээжид зэрэг олон сайн бөх цэргийн идэрёүүл оюутан залуусын дундаас тодорсон Даяар дуурсах, далай даян, дархан аварга Түвдэндорж, аварга Батсуурь, Чимэд-Очир, Цэвээнравдан, Чүлтэмсүрэн, Цоодол, Самданжигмэд нар манай хойт үеийн сайн бөх юм. Гэвч намайг санахад эд нар арай л эрт харьчих шиг. Одоогийн залуучуудын дотор Түвдэндорж, Чимэд-Очир, Батсуурь гурвыг гүйцэх аралтай хүн алга. Би хөдөөнөөс ирээд сар гаруй хугацаанд Улаанбаатарт барилдаж байгаа залуу бөхчүүдийн барилдааныг олон үзлээ. Залуучуудын дотор бяраараа Эрдэнэ-Очир, Цэрэн, Дэмүүл, Мөнхбат нар арай илүү юм шиг байна.
Гэвч эд нар маань бяртай боловч хүн хаях аргаа зарим нь гүйцэд олоогүйгээс л унаад байх шиг. Ганц бяраар бөх болж чадахгүй мэх сайн сурах нь чухал. Залуу арслан Мөнхбат хүний мэх дагуулж, нэлээд хашир барилдах юм. Бяртай ч хүн. Гэвч Мөнхбаттай барилдах бөх "За нэг тийм мэхий нь тэсэж өнгөрлөө. Одоо тийм мэх ирнэ, үүнд нь яах бол” гэж айх аюулгүй хүн юмдаа. Ийм тэнхээтэй хүн даацтайхан нэг хоёр мэхтэй бол хэдэн жил сайн барилдаж болно. Харин Цэрэн, Эрдэнэ-очир нар орон гаран бяртай улс хүчээ тэнцүүлэн, тохирсон хоол идэж, биеэ бэлдэх нь зүгээр байдаг. Залуу бөх Дэмүүл үе тэнгийнхээ хүнтэй голлож барилдаж сурвал бас л сайн бөх. Залуу бөх Баянмөнх, зориг муутайхан болохоос биш хийц сайтай, нэлээд үерхэг хүн юм. Өөрөөсөө илүү тэнхээтэй хүнтэй барилдахдаа урьдаж шийдсэн мэхээ хийж байгууштай юм. Эд нар ид үедээ, сайн байгаа боловч Дамдингийн дайтай хийц, зориг тэнцүү, шийдэмгий барилдах нь цөөн байна.
Ер нь манай зарим залуу бөхийн дунд Лувсанжамц арслан шиг хүч мэх зоригоо тэнцүүлэн барилддаг хүн цөөн байна. Залуу бөх Сосорбарам, Чойжилсүрэн нар хашир барилдах аргатай боловч Чойжилсүрэн нь гар мэх хөдөлгөөн муутай. Сосорбарам нь хөл мэх, хөдөлгөөн жигд бус, зарим хүнтэй барилдахдаа харимтгай сул талтай юм. Залуу бөхчүүдийн байдлаас үзвэл бие биенийхээ хийдэг дархан мэх гар хөл давхар мэхийг угсруулан хийх, эсрэг бөхөө тэвдүүлж сандруулах нь ховорхон харагдах юм. Барилдах болгондоо шинэ юм санаж бодох, нэг нь нөгөөдөө унаад дахин барилдахдаа шинэ арга барил өрсөж хэрэглэх нь ховор байна.
Харин залуу бөх Дашдаваа, Дагвасүрэн нар хүч зориг, хийцээ нэлээд тохируулж байна. Эд нар шиг бөх хэзээний хэцүү байдаг. Дээр үед эд нар шиг хэнд ч унадаг, хэнийг ч хаядаг бөхийг "бөхийн аранга” гэж ярьдагсан. Дашдаваа нэг хэсэгтээ сайн барилдаж магадгүй хүн. Дашдаваагаасаа Дагвасүрэн арай түрүү харьчихаж магадгүй. Залуу бөх Бээжин барилдаан сайтай. Зарим нь барилдахдаа хаях ч болоогүй, унах ч болоогүй гэж бодож яваад уначих явдал байх шиг байна. Хийц, зоригоо тэнцүүлж салхитайхан түргэн барилдах л зүгээр санагдана. Арслан Бадамсэрээжидийн шийдэмгий зориг барилдаж байгаа хүнээ хөдөлгөдөг мэхээр нь хариулж, дан давхар хэд хэдэн мэх голлож хийдэг арга барилыг зарим бөхчүүд дуурайвал мэхтэй, хийцтэй бөх олон болохсон.
Ардын хувьсгалын 43 жилийн ойгоор хэн түрүүлэхийг хүн бүхэн одооноос л таамаглан ярьж байна. Би хувийн таамгаа хэлвэл аварга Дамдин, арслан Мөнхбат, Сосорбарам, Баянмөнх, Дашдаваа, Чойжилсүрэн, Дэмүүл, Эрдэнэ-Очир нар бараг үлдчих бий. Тэгээд яваандаа Дамдин Мөнхбат хоёр түрүү булаалдах болов уу. Гэвч юмыг яаж мэдэх вэ дээ, "Бөх хүн бүдүүн өвсөнд” гэгчээр хэн нь ч магадгүй. Аварга Дамдин зориг хүчээ тэнцүүлээд тэмцэлтэйхэн барилдвал түрүүлж болох юм.
Ахмад арслангийн санаа ийм байна. бөхийн спортыг сонирхогч олон түмэн, энэ талаар ямар саналтай байгаагаа, бас зарим бөхчүүдийн талаар ахмад арслангийн зөвлөж ярьсныг нь тунгааж ярилцаж суухад юу нь илүүдэх вэ...
Эх сурвалж: Undesniibukh.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих