Эрчим хүчний сайд Т.Гантулга болон албаны бусад төлөөлөгчид өнөөдөр Дорнод аймагт ажиллалаа. Аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд салбарын байгууллага болох ДБЭХС ТӨХК, Адуунчулуун ХК, МАК, Дорнод Нийтийн аж ахуй зэрэг байгууллагын удирдлагуудтай уулзаж өвөлжилтийн бэлтгэл ажил, тулгамдаж буй асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо. Түүний дараагаар ДБЭХС ТӨХК-ний үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа. Зүүн бүс нутгийн хурдацтай хөгжлийн үр дүнд барилгажилт, уул уурхай, газар тариалангийн томоохон хэрэглэгчид нэмэгдснээр "ДБЭХС” ТӨХК-ийн дулааны цахилгаан станцын ачаалал 2015 оны сүүл, 2016 оны эхний байдлаар цахилгааны ачаалал 36,1 МВт-д хүрч цахилгааны суурилагдсан хүчин чадлын 100, 254,1 мян ГКал дулаан түгээсэн нь дулааны суурилагдсан хүчин чадлынхаа 77 хувьд тус тус хүрч 2015 оны 12 дугаар сараас Сүхбаатар аймгийн ачааллыг салган төвийн эрчим хүчний системд холбосон байна.
Зүүн бүсийн томоохон хэрэглэгч Газрын тосны 21-р талбай 5,7 МВт/ц, 19-р талбай 8,0 МВт/ц, "Шинь шинь” ХХК 1,4 МВт/ц, Сүхбаатар аймаг 5,6 МВт/ц, Төмөртэйн уурхай 2,4 МВт/ц цахилгаан эрчим хүч цагт авч байгаа ба урьдчилан өгсөн ЦЭХ-ний захиалгыг үндэслэн тооцоход цахилгааны дээд ачаалал 2014-2015 онд 36-42 МВт болж станцын суурилагдсан хүчин чадлаас давж, цаашид Зүүн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 80МВт болох урьдчилсан захиалгын хүрээнд тус станцыг 100МВт–аар өргөтгөх ажлын ТЭЗҮ-ийг 2011 онд боловсруулж, Эрчим хүчний яамны техникийн зөвлөлөөр ороод дэмжигдсэн байдаг
Станцын өргөтгөлийн асуудал өнгөрсөн Засгийн газрын хөтөлбөрт тусгагдан концессийн зүйлийн гэрээгээр гүйцэтгүүлэх Засгийн газрын 2013 оны 354 дүгээр тогтоол гарсан боловч хэрэгжээгүй, энэ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дахин тусгагдаж, Засгийн газрын 2016 оны 57 дугаар тогтоолоор 2016 ондоо багтаан барилгын ажлыг эхлүүлэхээр заасан байдаг.
Мөн Дорнодын ДЦС нь нэгдсэн системээс тусдаа бие дааж ажилдаг болохоор өндөр ачаалалтай шугамуудад гэмтэл гарч тасрах үед системийн тогтвортой ажиллагаа алдагдаж аваарийн байдалд хүрдэг тул Багануур-Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 220 кВ шугамыг барьж ДЦС-ыг нэгдсэн системтэй холбох зайлшгүй шаардлагатай.
Дорнод аймгийн төв Хэрлэн сумын нийт айл өрхийн 40 хувь нь төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон орон сууцанд амьдардаг ба үлдсэн 60 хувь нь гэр хорооллын айл өрхүүд төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй ердийн галлагаатай зуухтай, эдгээр гэр хороолол Чойбалсан хотын төвийн хэсгийн салхины дээд талд байршилтай тул өвлийн улиралд утаатай болж, агаарын бохирдол ихсэх хандлагатай болсон. Иймд агаарын бохирдлыг бууруулах, цахилгаан эрчим хүчний хэрэглээний ачааллыг зохицуулах үүднээс гэр хорооллын айл өрхүүдийг хямд үнэтэй шөнийн тариф ашиглах боломжийг бүрдүүлж цахилгаанаар халаалтын асуудлаа шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй талаар хэллээ.
Дорнод аймгийн бүх сумдууд биеэ даасан ердийн галалгаатай, олон тусдаа зуухтай байдаг тул сумдын төвүүдэд нэгдсэн халаалтын уурын зуух, төвлөрсөн инженерийн шугам сүлжээ барихаар төлөвлөн ажиллаж байна.
Дорнод аймгийн зүгээс Эрчим хүчний дэд сайдад дараах саналыг тавилаа.
"ДБЭХС” ТӨХК-ийн ДЦС-ын өргөтгөлийн асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх.
"Багануур–Чойбалсан”-ын 220 кВ-ын өндөр хүчдлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж, төвийн эрчим хүчний эх үүсвэрт холбогдон цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах.
Эрчим хүчний сайдын багцын хөрөнгө оруулалтаар Чойбалсан сумын нутаг дахь Цавын уурхайгаас Хавиргын боомт хүртэл 15кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барьж, Хавирга хилийн боомтыг дотоодын эрчим хүчээр хангах, сумдын төвийн толгой дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлэх.
Сумдын төвүүдэд нэгдсэн халаалтын зуух, төвлөрсөн инженерийн шугам сүлжээ барих ажилд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Б.Отгонбавуу
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих