Манай улсын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханш ам.долларын өмнө алгуурхан унаж байсан бол өнгөрсөн долоо хоногт огцом унасан билээ. Нэг ам.доллар 2700 төгрөгтэй тэнцэж ирэхэд Монголбанк зах зээл рүү 74 сая ам.доллар нийлүүлж "гал”-ыг унтраасан. Үүний үр дүнд өнөөдөр ам.долларын ханш 2400 гаруй төгрөгт хүрээд байна. Тэгвэл энэхүү үзэгдэлд эдийн засагчид, улстөрчид өөр өөрийн гаргалгаа тайлбараа дэвшүүлээд эхэллээ. Төв банк долларын ханшийн өсөлт хөөс байсан гэж мэдэгдэв. Эдийн засагч Д.Ангар "Монголбанк хөөсөө хагаллаа, гэхдээ энэ бол түр зуурын шийдэл” гэсэн бол зарим банкны төлөөлөл ам.долларын орлогогүй иргэдэд валют арилжаалахгүй байхаар шийдсэн гэдгээ ч нуулгүй хэллээ.
Харин УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өөрийн твиттер хуудсандаа валютын ханшийн өсөлтийг хөөс байсан гэдэг тайлбарт "Хэний, юуны нөлөөллөөр хөөсрөв? Банк/бүлэглэлийн хуйвалдаан биш үү?! Гэмт хэргийн шинжтэй энэ үйлдлийг холбогдох газар нь шалгах хэрэгтэй” хэмээн байр сууриа хатуухан илэрхийлэв. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт УИХ-ын байнгын хорооны хуралдаанд хийсэн мэдээллийнхээ үеэр "Арилжааны банкууд үгсэн хуйвалдах зүйл ажиглагддаг” гэж хэлж байсан. Түүний дээрх байр суурь ам.долларын ханшийн өсөлтөд ч ижилхэн гэсэн утгыг илэрхийлж буй бололтой. Ерөнхий сайд асан М.Энхсайхан "Арилжааны банкууд ам.доллараа зарахгүй байгаа нь хиймэл өсөлт/хөөс/-ийг хөөрөгдсөн” гэж хэлснээс үзэхэд Н.Номтойбаяр сайдын жиргээ оргүй үг биш бололтой. Түүнээс гадна дээрх үйлдлийг сошиал ертөнцийнхэн Засгийн газрын үйл ажиллагааг харлуулах гэсэн оролдлого байсан хэмээн тайлбарлах нь ч байна.
Ямартаа ам.долларын ханш огцом өссөн нь эдийн засгийн хувьд туйлын эрсдэл дагуулсан билээ.
Б.Анир
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих