Бичин жилийн адаг их хүйтэн байдаг. Бичин жилд зуд тохиодог гэж учир мэдэх "ухаантнууд” ярьж сууна.
Энэ өвөл үнэхээр хүйтэн болох төлөв ажиглагдаж эхэллээ. Ойрын хэдэн өдөр нийт нутгаар -45 хэм хүртэл хүйтэрнэ гэдгийг албаныхан онцгойлон анхааруулж байна. Сүүлийн 10 жил тохиогоогүй хүйтэн өвөл болно ч гэж ярьж буй.
Тодруулбал, 2016-2017 оны өвөл сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно гэж Герман цаг уурч Доминик Юнг олон жилийн ажиглалт, нарийн тооцоогоо үндэслэн мэдэгджээ. Цаг хүндэрч, малчдыг царай алдуулан зүтгүүлэх энэ үед малчид өвөл, хаврын бэлтгэлээ хэр базаасан бол. Нийслэлийнхэн бол яаж ийгээд халаалт дулаанаа шийдчихнэ, өвлийн бэлтгэлээ базааж нүүрс түлээгээ хангачихна.
Харин орон нутагт амьдарч суугаа малчдын бэлтгэл ажлыг нэн яаралтай хангуулах үүргийг Онцгой комиссын хуралдааны шийдвэрээр гаргасан байгаа. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр гэхэд Дорнод аймгийн урд сумдаар цас их хэмжээтэй оржээ. Нутгийнхны хэлж буйгаар дахиад цас жаахан нэмж орвол цагаан зуд болох аюул нүүрлэж мэдэх нь хэмээн малчид халаглаж сууна. Харин нутгийнхан энэ өвөл гал алдах вий хэмээн айж сууна.
Учир нь Дорнод Монголын уудам Мэнэнгийн онгон зэлүүд талд Хятадууд отог отгоор эзэн сууж, өвс хадланг нь хайр найргүй хадаж эхлээд нэлээд хэдэн жил болжээ.
Өвс, өвсний сөл сайтай гэгддэг Дорнодын уудам талд сүүлийн хоёр жил Хятадууд хэдэн мянган га-д хадлан хадсан байна. Тэд хадаж бэлтгэсэн хадлангаа нутаг руугаа гаргахаас монголчуудад нь зардаггүй аж. Зарим нь бүр хадлан хадах газартаа хашаа зоож нутгийн иргэдийг оруулахгүй гэж давардаг аж. Дээрээс нь техник тоног төхөөрөмж нь дахин өвс ургах боломжгүй болгодог гэх яриа гарч байна.
Монгол Улс 112.7 сая га бэлчээр хадлангийн талбайтай. Малын тоо толгой хэт өссөний улмаас бэлчээрийн даац хэтэрч, хадлангийн талбай ихээхэн багасаад байгаа нь нууц биш.
Улсын болон Улаанбаатар хот, Дархан-Уул, Төв аймгийн нөөцийн өвсийг зүүн аймгуудаас л бэлтгэдэг. Гэтэл сүүлийн жилүүдэд хятадууд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй өвс хадлан бэлтгэж нутаг руугаа ачих болсон нь төр засгийнхны чихэнд хүрч л баймаар. Гэтэл энэ асуудлыг нэг их тоолгүй явсаар нэлээд хүйтэрч мэдэх хахир өвөлтэй нүүр тулах нь ээ.
Тэгвэл Хятадуудад хадлан бэлтгэх эрхийг хэн өгдөг вэ. Орон нутгийн эрх мэдэлтнүүдэд энэ эрх нь нээлттэй байдаг аж. Өөрөөр хэлбэл аймаг, сумын Засаг дарга нар өгдөг гэсэн үг. Тэднээс хадлан хадах зөвшөөрлийг хэрхэн яаж авдаг вэ гэхээр Хятадууд монгол иргэдийг урдаа бамбай болгож барьдаг гэнэ. Тухайлбал, хятад компанийн эзэн нэг монгол иргэнд хэдэн төгрөг өгөөд л сумын Засаг даргаас хадлан бэлтгэх зөвшөөрөл авахуулдаг гэнэ.
Өөрөөр хэлбэл, монголчууд зөвшөөрөл авсан ч ард нь хятадууд байдаг аж. Ингэхдээ нэг сумын нутгаас 20 мянган га-д хадлан хадахдаа дөрвөн сая төгрөгийг орон нутагт буюу сумын төсөвт төвлөрүүлдэг байна. Гэвч 20 мянган га-д хадлан хадах зөвшөөрөл авсан ч Хятад хүний зангаа гаргаж 30 мянган га-д хаддаг гэдгийг нутгийн иргэд хэлж байна.
Хүн мал очдоггүй онгон зэлүүд өвс ихтэй газарт хадлан хадах зөвшөөрөл олгодог бөгөөд сүүлийн үед Матад сумын иргэд малчидаа бодохгүй юмаа гэхэд цагаан зээр ч идэх өвсгүй болголоо.
Хятадууд нутгийн гүн рүү орж, хадлан хадах зөвшөөрөлтэй хэмжээнээсээ хэтэрч хадаад байгаад хяналт тавихгүй байна хэмээн халаглаж суугаа юм. "Малчдад халгаагүй хэмээн сумын удирдлагууд худлаа хэлээд байна. Малчдад харин ч хамаатай. Өвсгүй болчихоор өвлийн хүнд, хаврын тарчигт хэдэн мал, хэдэн цагаан зээрийг өлбөрч үх гэж байгаа юмуу.Ингэж болохгүй дээ” гэсэн байр суурьтай байсан юм.
Хамгийн ноцтой нь Хятадуудын хадлан хадсан газарт гурван жилийн дотор өвс ургадаггүй бөгөөд ургасан ч шарилж шиг шим тэжээлгүй өвс ургадаг аж. Энэ нь Хятадууд хадлан хадахдаа хөрсийг нь давхар хуулдагтай холбоотой юм байна.
Ингэж Дорнод Монголын уудам талд Хятадууд эзэн сууж, шим тэжээлтэй өвс тэжээлийг Хятад улс руу Баянхошуу боомтоор өдөрт хэдэн зуун машинаар зөөн гаргаж байна. Харин ард нь хэдэн малчид нь халзарч харласан газраа харсаар 50 сая малынхаа хамтаар хахир хатуу өвлийг гал алдахгүйхэн шиг туулах вэ хэмээн санаа зовниж сууна.
О.Сайхан /ZALUU.COM/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих