Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо өчигдөр Төрийн ордонд хуралдсан. Хуралдаанаар хоёр чухал асуудлыг хэлэлцэнэ гэж байв. Тодруулбал, арванхоёрдугаар сард болох намын их хуралд бэлтгэх ажлын хэсэг, намын дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцэнэ гэж байсан юм.
Тэгвэл түүнийхээ дагуу ирэх сарын 6-нд болох Их хурлын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ахлахаар болсон байна.
Мөн үндсэн дүрмийн шинэчлэлийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж ахлахаар болжээ.
ҮЗХ-гоор хуралдсан чухал асуудлын нэг нь намын даргын асуудал байлаа.
Тодруулбал, АН-ын дарга З.Энхболдын намын даргаасаа татгалзсан өргөдлийг хэлэлцэж, улмаас ҮЗХ-ны ихэнх гишүүд уг өргөдлийг хүлээн авах шаардлагагүй гэж үзжээ.
Ингэснээр АН-ын дараагийн даргыг сонготол З.Энхболд намаа үргэлжлүүлэн удирдах юм байна.
АН-ын дараагийн даргыг ирэх оны нэгдүгээр сард болох их хурлаараа сонгох аж. Одоогийн байдлаар хэд хэдэн хүн намын даргад нэрээ дэвшүүлээд буй. АН-ын Их хурал ирэх арванхоёрдугаар сарын 6-нд болно. Харин хоёрдахь Их хурал ирэх нэгдүгээр сард болох юм байна. Түүнчлэн өчигдрийн хуралдаанаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг огцруулахад кноп дарсан 15 гишүүнд хариуцлага тооцох шаардлагагүй гэж үзжээ.
УИХ-ын гишүүн асан А.Бакей, Ш.Түвдэндорж нар даргалсан.
Хуралдаанд АН-ын лидерүүд болох З.Энхболд, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Х.Баттулга, Н.Алтанхуяг нар оролцоогүй бол УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, Б.Болор, Р.Амаржаргал, Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, С.Эрдэнэ, Л.Болд зэрэг АН-ын гишүүд оролцсон юм.
Б.Анир
zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих