УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ургац хураалтаар хийсэн ажлаа танилцууллаа.
Тэрбээр "Эдийн засаг хүндрэлтэй хэдий ч хөдөө аж ахуйн салбарт өсөлт гарсаар байна. ҮСГ-ын гаргасан мэдээллээр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хөдөө аж ахуйн салбарт 2.5 хувиар өсөлт гарчээ. 2016 оны ургац хураалтын урьдчилсан дүнгээр нийтдээ 475.8 мянган тонн үр тариа, үүнээс 460.7 мянган тонн буудай, 153.7 мянган тонн төмс, 93.5 мянган тонн хүнсний ногоо, 19.6 мянган тонн тосны ургамал, 50.6 мянган тонн тэжээлийн ургамал буюу нэгжээс 14.0 цн улаанбуудай, 105.0 цн төмс, 112.1 цн хүнсний ногоо, 17.3 цн тэжээлийн ургамал, 3.1 цн тосны ургамал тус тус хураан аваад байна. Хүнсний буудай нөөц 360.3 мянган тн бөгөөд гурилын хэрэгцээнд шаардагдах нь 320.0 мянган тн буюу дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахаар байна" гэлээ.
Мөн "Ургац хураалтын дүнгээр гурилын үйлдвэрүүдэд шилжсэн 258.3 мянган тн улаан буудайгаар 180.8 мянган тн гурил, 69.7 мянган тн хүчит тэжээл үйлдвэрлэгдэхээр байгаа тул өвөлжилтийн бэлтгэл хангах явцад хангалтгүй бэлтгэгдсэн үйлдвэрийн тэжээлийг нөхөн бүрдүүлэх нөөц байна гэж үзэж байна. Ургац хураалтын ажилд оюутан залуучуудыг оролцуулах зорилгоор нийтэд хандсан урилга гаргаснаар нийтдээ 2500 гаруй цэргийн алба хаагч, оюутан залуучууд гэрээгээр ажиллаж ургац хураалтын ажилд томоохон дэмжлэг үзүүллээ. Энэ жил Дорнод, Хэнтий, Сүхбаатар бүхэлдээ, Төв аймгийн зарим нутгуудад хур тундас багатай, гандуу байснаас ургац алдсан байна.
Энэ жил улсын хэмжээнд нийт 153.1 мянган малчин өрхөд 60.8 сая, хонин толгойд шилжүүлснээр 100.4сая толгой малыг өвөлжүүлэх бэлтгэл ажлын зохион байгуулалт хийгдлээ. Өвөл хаврын бэлчээрийн даацын судалгаагаар нийт нутгийн 80.0 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 20.0 хувь нь хүрэлцээ муутайгаас орон нутгийн ЗДТГ отор хийж өвөлжих өрх, малын тоог тохиролцон гэрээ байгуулан сум дундын отрын бүс нутаг, аймаг, дундын тусгай хэрэгцээний отрын бүс нутаг, хилийн зурвас газар, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт нийт 16460 өрхийн 6.9 сая мал отроор өвөлжиж, хаваржихаар байна" гэсэн байна.
түүнчлэн "Энэ жилийн хадлан бэлтгэх ажилд 7101 дугуйт трактор, 5806 бага оврын тракторууд дагалдах хэрэгслийн хамт, 621 хаман боогч, 1000 морин хадуур, 5000 гар болон хөдөлгөөнт хадуур, тармуур ажиллаж Малчдын түвшиндөвс 1.1 сая тн, сүрэл 35.8 мянган тн, ногоон тэжээл 22.3 мянган тн, үйлдвэрийн тэжээл 27.1 мянган тн, гар тэжээл 38.1 мянган тн, дарш 8.0 мянган тн, давс, хужир 105.6 мянган тн бэлтгэгдлээ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 32.0 мянган тн өвс, 13.1 мянган тн тэжээл бэлтгэх үүрэг даалгавар өгснөөс 20.4мянган тн өвс, 4.5 мянган тн тэжээл бэлтгэсэн нь аймгийн түвшинд 75.9 хувь, сумдын түвшинд 50.7 хувиар биелүүлсэн хангалтгүй байгаа бөгөөд аюулгүйн нөөц бэлтгэх хөрөнгөгүй байгаатай холбон тайлбарлаж байна.
Энэ онд бодын 1157, богийн 2042 хашаа саравч шинээр барьж, улсын хэмжээнд бодын 57353 хашаа, богийн 125807 хашаа байгаа нь хашааны хангамж 97.1 хувьтай байна. Бэлчээрийн ургамлыг хамгаалах арга хэмжээний хүрээнд хөнөөлт царцаатай тэмцэх ажлыг 2 аймагт 45.1 мянган га талбайд, үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг 10 аймгийн 525.0 мянган га бэлчээрийн талбайд байгаль орчинд халгүй энгийн механик аргаар зохион байгуулсан. Энэ ажлын үр дүнд бэлчээрийн даац багтаамжийг нийт 570.1 мянган га-аар нэмэгдүүлэх боломжийг бүрдүүллээ" гэв.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих