Эдийн засаг дампуурлаа. Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт хүнд байдалд рүү шилжиж байна. Намрын чуулганаар ямартаа ч цаг хугацаандаа багтаж ирэх оны төсвөө баталлаа. Төсвийн тухай хуулийн төслөөс хамаарч ирэх жилүүдэд монголчууд хэрхэн амьдрах вэ гэдгийг шийдэх учиртай. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд өрөнд баригдаж дууссан улс орны төсвийг эргүүлэн сэргээхийн тулд нэн түрүүнд төсвийн сахилга баттай батлах байв. Байгаа нөхцөл боломжиндоо тааруулж баталсан хэдий ч алдагдалтай байх нь хэвээрээ гэж эдийн засагчид дүгнэж байна.
Өнгөрсөн жилүүдийнх шиг сонгогчиддоо таалагдахын тулд төсвөөс санхүүжүүлж чадахгүй зүйлүүдийг төсөвт суулгаж төсвийг хасах оноотой гаргаж ирсэн нь үнэн. Үүнээс шалтгаалж эдийн засгийн хямрал туйлдаа хүрч, иргэдийн нуруун дээрх ачаа жинхэнээсээ нэмэгдсээр ирсэн билээ. Улсын данс улайж, хөрөнгө мөнгөний асуудал тулгарч асуудал бүхэлдээ хүндхэн байдал руу шилжээд байна. Сангийн сайд ажлаа авсан даруйдаа мэдээлэл хийж төсвийн алдагдал хэрээс хэтэрч, валютын нөөц дуусч, төрийн албан хаагчдын цалингаа тавьж чадах уу, үгүй юу гэдэг дээрээ тулсан байгаа талаараа учирласан.
Тэгвэл ойрын өдрүүдэд ОУВС-гаас авах тусламж дэмжлэгийн талаар хаа хаанаа л ярилцаж эхэллээ. Хамгийн хачирхалтай нь өнгөрсөн жилүүдэд ОУВС-ийн "Стэндбай" хөтөлбөрийг авах гэж байсан АН-ынхан өнөөдөр "Стэндбай" хөтөлбөр шиг муу муухай юм байхгүй гэж ярьж суух юм.
Тэгвэл яг үнэндээ манай улсад энэ хөтөлбөрт багтахаас өөр ямарч арга зам үлдээгүй. Хэдийгээр хамгийн сайн алхам биш ч гэлээ өнөөдрийн энэ хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахад үүнээс өөр гарц үгүй. ОУВС-гаас авдаг уг хөнгөлттэй зээлийг муу хэлж элдвээр гоочлох хүмүүс байна. Арга ч үгүй биз. Уг хөтөлбөрт хамрагдсанаар бид төсвийн асуудлаа дур зоргоороо шийдэж хиймэл төсөв бичиж суух боломж бололцоо олгохгүй. Харин бидэнд тусгайлан шаардлага тавьж, түүнийх нь дагуу төсөв хөтөлбөрөө шийддэг болно. Гэхдээ энэ хөтөлбөр хэсэг хугацаанд хэрэгжээд л өнгөрнө. Бид өмнө нь ч энэ хөтөлбөрт хэд хэдэн удаа хамрагдаж байсан түүхтэй.
Ер нь уг хөтөлбөрт хамрагдахаар гадаад дотоодод явна гэж элдвээр хэлэхийн өмнө үүнээс өөр гарц байхгүй болсон гэдгийг ойлгох хэрэгтэй. АН засаг барих дөрвөн жилийн хугацаанд Чингис, Самурай бонд гээд монголчуудыг хэдэн зуун саяын өрөнд оруулчихсан нь үнэн. Өөрөө өр тавиагүй юм шиг хүнийг өр тавих нь хэмээн ярьж хэлж байх нь зөв үү, буруу юу. Товчоор хэлэхэд, АН-ын тавьсан өр зээлээс болж "элгээрээ хэвтсэн" эдийн засгийг хөл дээр нь босгохын тулд татвар нэмж, боломжит бүх зардлаа танах. Эсвэл өр тавьж "гал" залгах арга л үлдээд байгаа.
Гэвч өнөөдрийн хүнд хэцүү цаг үед уг хөтөлбөрөөс өөр зөв сонголт байхгүй гэдгийг улстөрчид, эдийн засагчдаас авахуулаад улсын Ерөнхийлөгч нь хүртэл хүлээн зөвшөөрсөн.
Б.Анир
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих