1935 онд ДХГ-аас БНМАУ-ын нутаг дэвсгэр дээр Японы тагнуулын даалгавраар ажиллаж байсан хятадын хэсэг худалдаачдыг илрүүлэн баривчилж 1936 онд яллан шийтгэсэн байна.
Богд хаант Монгол Улсын үеэс манай улсад суурьшиж эхэлсэн Хятад, Японы тагнуулын бүлгийг 1935 онд илрүүлэн устгасан тухай Б.Банзрагчийн "Халуун усны хэрэг” өгүүллээс товчлон хүргэж байна.
ХАЛУУН УСНЫ ХЭРЭГ
1935 онд ДХГ-аас БНМАУ-ын нутаг дэвсгэр дээр Японы тагнуулын даалгавраар ажиллаж байсан хятадын хэсэг худалдаачдыг илрүүлэн баривчилж 1936 онд яллан шийтгэсэн байна. Монгол оронд ардын хувьсгал ялж тусгаар тогтнолоо тунхаглан зарлахад гадаадын орнууд янз бүрээр хандаж байв. Зөвлөлийн засагт Бүгд Найрамдах Орос улсын Засгийн газар Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн байхад Хятад улс Монголыг өөрийн нэгэн хэсэг гэж үзэж нөлөөгөө Монголд хэвээр хадгалахыг санаархаж байлаа.
Япон улс Монголыг эзлэн авч хараат орноо болгох гэсэн бодлогыг явуулан "монгол үндэстнийг нэгтгэнэ” гэсэн далд санаа бүхий уриаг өргөн сурталчилж байв. Америк, Англи, Герман зэрэг улсууд тусгаар тогтносон Монгол Улсын Засгийн газраас явуулсан нот бичгийн хариу өгөөгүй явдлыг манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй хэрэг гэж үзэх үндэстэй.
Чан Кай Ши БНМАУ-ын тусгаар тогтносон бүрэн эрхт байдлын эсрэг бодлого явуулж байлаа. 1929 оны 7-р сарын дундуур Чан Кай Ши "Зөвлөлт, Хятадын харилцааг хэвийн болгох юм уу эсвэл бүрмөсөн таслах хоёр зам байна. Үүний гол шалтгаан Монголын асуудал байна. Зөвлөлт Орос Улс гадаад Монголд өөрийн коммунист үзэл санааг халдааж, монголчуудад бие даасан засгийн газар байгуулахад нь биет туслалцаа үзүүлж байгаа нь бидний сэтгэлийг ихэд түгшээж байна” гэж хэлж байснаас бүх зүйл тодорхой харагдаж байна.
Чан Кай Шигийн засгийн газар 1936 оны 4-р сарын 7-нд ЗХУ-ын засгийн газарт: "Гадаад Монгол бол манай улсын бүрэлдхүүний нэгэн хэсэг тул ямар ч гэрээ хэн ч байгуулах эрхгүй” гэсэн нот өгч Монгол Зөвлөлтийн хооронд 1936 онд байгуулсан харилцан туслалцах проткол гэрээг эсэргүүцсэн байна. Хятадтай харилцах харьцаа хэдий хүндрэлтэй байсан боловч Монгол Улсын засгийн газраас байдлыг хурцатгахгүй байж харилцан найрсаг ажиллах бүх л боломжийг эрж хайж байсан юм. Энэ үеэр Японы милитаристууд Манжуурыг болон Өвөр Монголын хагасыг эзлэн авч улмаар Халуун рашаан, Халхын сүм зэрэг БНМАУ-ын хил хязгаарт тулан ирж, хилийн будлиан гаргаж байв.
Ванчин богд Бээжинд ирж улмаар БНМАУ-тай хил залгаа Өвөр-Монголын хошуудаар аялан явж сүсэгтэн хүмүүст ихээхэн нөлөө үзүүлж байв. Ийм нөхцөлд БНМАУ-ын Засгийн газар элдэв хилийн будлианыг хэлэлцээний аргаар шийдвэрлэхийн тул Монгол-Зөвлөлт, Манж-гогийн Засгийн газрын төлөөлөгчдийн хэлэлцээнд идэвхтэй оролцож байв. Гадаад байдал хүндэрч байгааг харгалзан үзэж БНМАУ-ын Засгийн газраас үндэснийхээ батлан хамгаалах хүч чадлыг нэмэгдүүлэн бэхжүүлэх, хил хязгаарын хамгаалалтыг нягтруулан сайжруулах арга хэмжээ авч эхэлжээ.
Манай улсын дотоод улс төрийн байдал ч тогтворгүй байлаа. Улс орныхоо хөгжлийн хэтийн төлөвийн талаар маргалдсан "зүүнтэн”, "баруунтан” гэдэг нэртэй улс төрийн бүлгүүдийн хооронд улс төрийн тэмцэл ширүүн явагдсаны эцэст зүүнтний хүч давамгайлан ялж улс төрийн талаар алдаатай шийдвэр гарч нугалаа, завхрал ч гарч байв. Монголын ардын нам, төрийн эсрэг хандсан хувьсгалын эсэргүү зэвсэгт бослого баруун хэдэн аймагт гарч, түүнийг цэргийн хүчээр дарж, ард түмний амьдралыг хэвийн тайван байдалд оруулах их ажил байлаа. ДХГ-аас "Лхүмбийн хэрэг” гэгчийг илрүүлэн бут цохих ихээхэн дуулиантай үйл явдал гарч, олон арван хүнийг хилсээр хэлмэгдүүлж, ялангуяа буриад олныг ихэд цочоон сандаргав.
Хэдийгээр улс орны дотоод байдал тогтворгүй байсан боловч БНМАУ-д нийгэм улс төрийн хуучин байгууллагыг эвдэж, шинийг эмхлэн байгуулах үйл ажиллагаа эрчимтэй явагдаж үндэсний эдийн засаг, санхүүгийн системийг цогцлоон байгуулж байв.
Гадаад тагнуулын хэлтэс, Маймаа хотод байсан 35 пүүсийг шалгаж байлаа. Үүнд илэрсэн нэг баримтыг дурдвал 1929 оны 7-р сард Бээжинд байсан Хө Вэнгэгоу гэдэг Сономын пүүсээс Улаанбаатарт байсан салбар пүүстээ бичсэн захидалдаа: "Зүүн төмөр замыг эргүүлэн авсан боловч гадаад Монголыг эргүүлэн авах нь түүнээс чухал асуудал болж байна. Монголын засгийн газар гүн бодлого явуулж, манай худалдаачдын түүхий эд, ангийн үс, тарваганы арьс худалдан авах эрхийг хассан тул уг үйл ажиллагааг ойлгож худалдаа наймааг аль болохоор багасгах нь зүйтэй. Эдүгээ манай худалдаа өдрөөс өдөрт буурч байгаа тул төвөөс бараа авахыг больж тэнд байгаа үлдэгдэл бараагаа хоорондоо гүйлгэж зарах нь зүйтэй. Монголчуудад өр шир тавихыг аль болохоор багасгаж бараа таваарыг монгол жинчдээр зөөлгөхийг цээрлэвэл зохино. Ер нь хүнд байна” хэмээжээ. Энэ захидалд Хятадын талаас манай улсын эсрэг туйлын ойлгомжтой илэрхийлсэн гэж үзэж болно.
II
1928 оноос эхлэн хятадууд олноороо нутагтаа буцаж, Хятадын худалдааны зөвлөлийн эрх ихээхэн хязгаарлагдсан боловч засаг захиргааны зарим үүргийг гүйцэтгэсээр байжээ. Хятадын зүгээс энэ байгууллагыг тагнуулын зорилгод нэг биш удаа ашиглаж байв. Хятад улс нь гадаад Монголын худалдаа эдийн засагт ноёрхлоо хадгалан хараат орон болгож, БНМАУ-ын тусгаар тогтнолыг устган нэгэн мужаа болгохыг эрмэлзэж, энэ зорилгоо хэрэгжүүлэхэд худалдааны байгууллагуудаа ашиглах бодлогыг идэвхтэй явуулж байжээ. Үүний зэрэгцээгээр монголын зах зээл дээр бусад орны худалдаа, эдийн засгийн өрсөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, Монголын үндсэний худалдаа, эдийн засгийн өсөлт хөгжилтөөс болгоомжлон эдийн засгийг тагшнах туршуулын ажлыг зохиож байжээ.
Монголын засгийн газраас Хятадын худалдааг хавчин шахаж, өөрийн эдийн засгийн бааз суурийг бэхжүүлж эхлэхэд хятад худалдааны байгууллагын эдийн засгийн тагнуулын ажил нь аяндаа улс төр, цэргийн тагнуулын мэдээ цугларуулах болсон ажээ. Үүний зэрэгцээ Японы тагнуулын байгууллага Улаабаатар дахь Хятадын худалдааны зөвлөлийг сонирхож, Монгол улсыг тагнах үйл ажиллагаандаа ашиглахыг эртнээс санаархаж, тагнуулын ажлыг хилийн чанадад байгаа хятадын байгууллагаар дамжуулан явуулах аргыг хэрэглэж байжээ.
Тус улсын дотоодыг хамгаалах газар өөрийн нутаг дэвсгэр дээр оршин суугаа хятадууд ялангуяа, ардын төр засгаас авч явуулсан арга хэмжээнд дургүйцдэг нөлөө бүхий данжаад нараар дамжуулан гадаадын тагнуулын байгууллагууд ажлаа идэвхтэй явуулж байгааг олж мэдээд олон жилийн турш эсэргүүцэн тагнах ажлыг зохиож байжээ.
Энэ ажлын явцад уурын тэрэгний гараашийн дарга байсан хятад Ли-Хай Пин, Кузима гэж алдаршсан япон доктор Эр Дао болон 1922-1923 оноос эхлэн 1929 он хүртэл манай улсын эсрэг тагнуулын хэрэг үйлдсэн Жанчхүү хотын уурын тэрэгний хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Ля Сяо Жу худалдааны ажлаар Улаанбаатарт ирээд тагнуулын сэжиг илрүүлсэн учир тус тус хөөн явуулсан байна.
Хятад жолооч нараар тагнуулын мэдээ дамжиж байгааг нотлохын тулд ДХГ-аас Бээжинд байсан Ванчин богдод бичсэн захидлаа тэдэнд өгч явуулахад хүлээж авсан тухай хариу авсан явдал чухал арга хэмжээ болжээ. Түүнчлэн Хятадын байгууллагуудаас гадагш явуулсан буюу тэдэнд ирсэн бичиг баримт зохих хэмжээний дүгнэлт гаргах болмж бүрдүүлсний дээр 1935 оны 6-р сарын 7-нд Улаанбаатар хотод тагнуулчин-холбоочноор ирээд "Мэ-Чен " гэдэг хятад зурагчны газар хоргодож байсан хятад Го Гуй Сынийг баривчлан нэгжихэд гадаадад явуулахаар бэлтгэсэн хүүхдийн резинэн тоглоом дотроос тагнуулын чанартай мэдээ олджээ. Ийнхүү мэдээ, бусад баримтаас үзвэл БНМАУ-ын нутаг дэвсгэр дээр олон жилийн турш маш нууц байдалд ажиллаж буй Японы тагнуулчид байгаа нь илэрхий болов.
1901 оны орчим Хиагт хотод Хятадын цахилгаан мэдээний газар байгуулагджээ. Түүний дарга Японд сургууль төгссөн япон, хятад, анли хэл мэддэг Чин түшмэл Чен-Хой-Зен нар байв. Тэд Чит, Удинск хотод сууж байсан япончуудтай нууц холбоотой байжээ. Түшмэл Чен- Хой-Зен нь Орос, Японы байлдааны дараа тэндхийн эмийн санд ажиллаж байсан эмч Лин-Тин-Линд Троицкосовск хотод байрладаг морин цэргийн ангийн байдлыг тодруулах, гадаад Монголд хаант засгийн нөлөө нэвтрэч байгаа тухай мэдээ цуглуулах үүрэг өгч байв. Тагнуулын чанартай мэдээнүүдийг цахилгаанаар Хятадын Тин-ий эзэнт улсын колоний хэрэг эрхлэх газарт явуулж байжээ. 1920 онд Хятадын генерал Сюй Шү Жан Монголд тогтоосон ноёрхлоо бататгахын тулд тус улсад ажиллаж байсан олон мянган хятад худалдаачны эрх ашгийг хамгаалах нэрээр "Худалдааны байгууллага буюу худалдаачдыг хамгаалах байгууллагын Хүрээнд байгуулсан бөгөөд энэ байгууллага хэрэг дээрээ тагнуулын ажлыг явуулах зорилготой байжээ.
Хятад эмч Лин Тин Линий мэдүүлснээр "Урьд тагнуул хийхэд ганцаарддаг байсан бол 1925 оноос эхлэн тагнуулын ажил зохион байгуулалттай болсон. Хэрэв би урьд нь хятад түшмэлийн тушаалаар буюу буудан алуулахаас айж тагнуулын ажил хийдэг байсан бол 1925 оноос Японы ашиг тусын тулд хийх болсон гэжээ. Харин Сун Сян Линий мэдүүлснээс үзвэл 1933 оны өвөл Жан ю-Минээс "Энэ засаг байгуулагдсанаас хойш бидний Хятад улсын худалдааг устгаж, ганцхан Орос улстай худалдаа хийх болов. Иймийн учраас Жан ю-Мин бие санал гаргаж, 1924 онд Фэн Юй Сянийг Жанчхүүд байх үед хятад худалдааны зөвлөлөөр дамжуулан харилцаа тогтоосны дараа 1924 онд Улаанбаатар хотод анх эсэргүү тагнуулын бүлгэм байгуулсан.
1934 оны 8-р сарын үед Япон улс Хятадын зүүн гурван мужийн газрыг эзлэн авсан. Тэр үеэс хойш Жанчхүү хот Японы тагнуулын төв болсон. Япон улстай анх 1933 онд холбоотой болсон. Япон улс бол генерал Ван И Шаны бодлого, явуулгаас онц гүн бодлоготой байв. … Манай ерөнхий газар Япон улстай харилцаа байгуулснаас хойш ямар ч айх аюулгүй болсон. Япон улс бол бүх дэлхийг эзлэн авах төлөвлөгөөтэй. Тэр юуны өмнө Манжуур, мөн Хятадын хойд хэдэн мужийг эзлэх бодлоготой… Харин гадаад Монголыг эзлэхэд Манжуурыг авах шиг амархан байхгүй. Нэгдүгээрт , Монгол арван хэдэн жилийн дотор цэргийн талаар илт хүчтэй орон болсон, СССР улсын тусламжаар байлдааны сургууль, зэвсэгт хүчнээ ихээхэн сайжруулсан. Ялангуяа байлдах цаг тохиолдвол СССР улс ихээхэн тусламж үзүүлнэ. Иймд Гадаад Монголыг эзлэн авахад нэлээд ихээхэн хүчин гаргана. Хэдий тийм боловч бас Монгол улсын дотор эсэргүү хөдөлгөөн үүсэх цагт та нар мэдээг хэрхэн явуулахыг хичээх хэрэгтэй... гэжээ. Үүнээс үзэхэд тухайн тагнуулын бүлгэмийн чиглэл хэрхэн ямар учраас өөрчлөгдөж байсан нь тодорхой.
Тагнуулын гол хүмүүс Сун Сян Лин, Ли Тин Лин нарын байдал тагнуулч хүний амьдрал ийм байх болов уу гэсэн сэтгэдэл төрүүлдэг юм.
Сун Ся- Лин 38 настай. МАХН-ын гишүүн, Монгол улсын харьяат , 1913 онд 15 настайдаа Монголд ирсэн . Хятад, монгол, орос хэл, хятад монгол бичиг суралцаж, амьдрах хэрэгтэй гэсэн ёсоор Манжуураар хил нэвтэрч Сан бэйс Баянтүмэн-д ирээд орос Кузиновын пүүсэд 4 сар хар ажил, Бээжин, Аюушийн пүүс данжаад нь Ли Хай Пин-д 2 жил тогооч, хөдөө гарч Далхаагийн Чагдарынд мал маллаж, тэднйи охин Дулмаатай ханилж 2 жил орчим болоод Өлзийт суманд Аюушийн пүүсийн салбарт худалдаа хийсэн. Гамин ирэхэд нуугдаж байгаад,Өлзийт суманд Дандарын Дуламсүрэнтэй ханилан сууж 2 жил болоод 2 хүүхэдтэй болсон байна. Дараа нь Хятадад биеэ эмчлүүлэхээр яваад 2 жил шахам гэртээ сууж 1927 онд Монголд Дээд Үд хотоор дамжин ирээд Улаанбаатар хотноо хятад гараашийн даргар байсан Ли Хай Пинтай уулзаж , хятад клубт илбэ гаргах ажил хийж, "лото” тоглоом гаргаж байжээ.Хожим нь Жанчхүү хотоос ирсэн машин буудаллах хятад гараашид ажилд орсон бөгөөд 1929 оноос Алтанбулагаас бензин тээж байсан. Энэ хүн тодорхой ажил мэргэжилгүй боловч юм бүгдийг хийж чаддаг байв. Хятад гараашийн дарга, машин засварын артелийн дарга, халуун усны эрхлэгчээр ч ажиллаж байжээ.
Сун Сян Лин мэдүүлэхдээ: "Жанчхүү хотноо очиход хотын албаны газраас намайг дуудаж "Чиний бие Монгол газраас ирсэн үү? Эв хамтын намын гишүүн үү?” хэмээн байцаахад нь би эв хамтын гишүүн бус , Улаанбаатар хотоос гараашийн ажлаар ирсэн гэж мэдүүлсэн. Тэрхүү албаны газраас Монголын байдал Монгол улс хятад хүмүүсийг ямраар үздэг болон Улаанбаатар хотод орос хүмүүс олон буй эсэхийг баахан асууж байгаад намайг эв хамтын намын гишүүн бус хэмээхийг баталсан урьд Улаанбаатарт сууж байсан хуучин таних Цо Чи Жан , Ван Кю Чюво нараар даалган тэрхүү албаны газраас тавигдсан гэжээ”
Энэ бол шалгалтын хэлбэр байж болох юм. Дараа нь "Жанчхүүгийн хятад худалдааны зөвлөлийн даргын тушаалаар , түүнийг хүндэтгэн Монгол улсын хязгаар хүртэл 4 цэрэг , нэг тасгийн дарга, эдгээр таван хүнээр харгалзуулан хүргүүлж ирсэн. " гэж мэдүүлжээ. Сун Сян Лин 1930 онд Хятадад очихдоо япончуудтай уулзаж байсан баримт байдаг ажээ.
Ли Тин Лин 61 настай, 1935 онд Монголд 40 шахам жил суусан. Хүний эмч. 1901 онд Японы тагнуул бөгөөд Хиагтын утасны хорооны түшмэл байсан хятад Чен Хой Зен гэгчтэй танилцаж түүний даалгавраар тагнуулын мэдээ цуглуулж байжээ. 1911 оноос Чен Хой Зений туслалцаатайгаар Хиагтын худалдааны газрын тэргүүлэгчээр сонгогджээ. 1920 онд тариачин ардыг хянан шалгах даалгаврыг далимдуулан нэлээд тариачны хөрөнгийг хурааж хувьдаа ашиглан заримыг гамин цэрэгт ховлож буудан алуулж байжээ. Бароны цэрэг Хүрээг эзлэн авч гамингийн үлдэгдэл цэргийг баривчлахад цагааны цэрэгт тусалж, мэдээ материал хураалгаж байв. Бароны дараагаар Хятадын худалдааны зөвлөлд 5 жил ажилласан байна.
1925 онд Улаанбаатарт байсан япон доктор Эр Дао Кузима-тай танилцаж дотно холбоотой ажиллаж байжээ. Сен Тун хэмээх хувь нийлүүлсэн худалдааны газрын даргын орлогч, Хятадын худалдааны зөвлөлийн шалган байцаах комиссын гишүүн байв. 1932 оны хавар Жанчхүүгийн хятад гараашийн дарга байсан Лю-Ся-Жу хэмээх хүн бусад таван хүний хамт хятад бараа тээвэрлэн Монгол улсад худалдаалахаар ирж 14 хоноод Монголоос хөөгдөн гарч явжээ. Эд нар Жанчхүүгийн худалдааны зөвлөлөөс Улаанбаатарын зөвлөлд бичиг авчирсан байна. Энэ захидалд :Хүндэт Люгийн явсан нь анх удаагийн явдал бус бөгөөд гэвч одоо үеийн байдал, хууль дүрмийг мэдэхгүй тул оргодол цагаачин худалдаачин нарын хуучин удирдагч болох та нарт энэхүү захидлыг зориулан түүний биед тусламж үзүүлмүй хэмээн явуулав. Энэ хэргийг та нараас бүр эртээс хүссээр ирсэн болох тул та нар энэ хэргийг гүйцэтгэж чадах буй за хэмээн Жанчхүү дэх худалдааны газрын даалгавар заавраар Хүрээ хотноо очиж бүх зүйлийн тухай зөвлөх ба удирдлага өгөхөөр томилогдсон болох тул түүний биеийг та нараас тусгайлан хүндэтгэн үзвээс зохимой гэжээ.
Сун Сян Лингаас мэдүүлэхдээ: "Сономын пүүсийн данжаад Жан ю Минээс надад хэлж байсан нь: манай бүлгэмийн нэгэн сайн идэвхтэн гишүүн Цой Сыгийн бие бүх мэдээ илтгэлийг аваад 1933 онд нэг удаа явуулсан ба түүний хариу нууц захидал заавар ирсэн байна. Тэр ирсэн захидлын дотор манай бүлгэмийн ажлыг чанартай ажил явуулж чадсангүй. Энэ хэр унтаж байгаа юм байна. Иймд байгууллагын тэргүүлэгч Жан ю Мин өөрийн биеэр Монголын бүхий байдал, цэрэг зэвсгийн тоо бүртгэлийг хүртэл аваад ирсүгэй хэмээсэн байсан” гэжээ. Энэ мэтчилэн тагнуулын хүмүүс өөрсдөө хил давж гарах, гадаадаас хүмүүс хил нэвтрэн ирэх явдал нэлээд өргөн хэмжээтэй явагдаж байжээ. 1930 онд Сун Сян Лин биечлэн Жанчхүүд очиж байжээ. 1931 онд Цю ЖинБ у хил нэвтрэн ирж захидал авчирсан, 1932 онд Ли Хай Чин захидал авчирсан.
1933 онд Лю Сяо Жу захидал авчирч зааварчилга өгөөд тус тус буцжээ. 1934 онд Жан ю Мин өөрөө биечлэн Жанчхүүд очиж ажлаа танилцуулаад буцаж иржээ. Эдгээр баримт бол тагнуулын удирдах албаны хүмүүсийн харилцан ирж очиж байсныг гэрчилнэ. Хил нэвтрэх явдал чөлөөтэй, хятад худалдаачин, жолооч нар байнга нааш цааш явж байсан үед холбоо авалцах явдал чөлөөтэй байсан нь эргэлзээгүй.
Бээжин хотын худадааны дээд сургуулийн санхүүгийн анги төгссөн бөгөөд Монголд 1929 онд ирсэн Хятадын худалдааны зөвлөл, хувь нийлүүлсэн Сен тун нийгэмлэгийн нарийн бичгийн дарга , тагнуулын мэдээ материалыг боловсруулж байсан Ли Вей Хуйгаас Монгол оронд ажиллжа байсан энэ тагнуулын бүлгийн гол зорилтыг тодорхойлон мэдүүлэхдээ: "Манай бүлгэм бол анх эхэлж байгуулагдсанаас хойш эдүгээ хүртэл 6 үндэн зорилгыг өөрийн өмнө тавьсан:
1.Улаан өнгөтэй улс лугаа тэмцэх. Ардын засагтай улсыг хэлж байна.
2.Улаан өнгө үгүй улс лугаа эв найрамдлыг байгуулах Хөрөнгөтний засагтай улсыг хэлж байна.
3.Тагнуулын ажлыг явуулах
4.Гадаад Монгол лугаа хятадын худалдааны явдлыг хөгжүүлэх
5.Гадаад Монголд сууж буй хятадын худалдааны данжаад нарыг хамгаалах
6.Монгол улсад сууж буй Бээжин, Шанши мужийн хятадын хэсэг худалдааны данжаад нарын хоорондын тэмцлийг устгах явдал байсан гэжээ.
Хятадын Нан тун хо пүүсний данжаад байсан бөгөөд худалдааны зөвлөлийн тэргүүлэгч, хувь нийлүүлсэн Сен тун нийгэмлэгийн гадаадтай худалдаалах хэргийн төлөөлөгч Жан ю Мин : Миний бие генерал Фэний Улаанбаатар дахь төлөөний хүн болох Юй Жунд 1925 онд тагнуулд элсэгдсэн. Миний үүрэг бол Монголын Засгийн газраас явуулж бй арга хэмжээ, улс төр, худалдаа, үйлдвэрийн тухай, хүн амын соёлын төвшингийн талаар мэдээ хураах явдал байсан. Тагнуулын замаар хураасан бүх мэдээгээ генерал Фэний ардын армийн төлөөлөгчийн газар Жан Юй Жунд өгдөг байсан” гээд цааш нь "Худалдаа, үйлдвэр, хүн ардын санаа сэтгэл, армийн байдал, Монголын засгийн газрын бодлогын тухай , тухайлбал албан татварын бодлогын талаар мэдээ хураахад манай зорилго оршино. Манай эцсийн зорилго бол улс төрийн удирдлагыг өөрчлөх замаар хуучин журам, хуучин худалдааг сэргээх явдал юм” хэмээн өчиж байжээ. Үүнээс үзэхэд эхний үед гоминдааны Хятадын эрх ашгийн төлөө байгаад сүүлдээ Японы эрх ашгийн төлөө ажиллах болсон бүлэг болох нь тодорхой байна.
Японы тагнуулын байгууллага Монгол улсын дотоод байдлыг тагнаж судлахын хамт, Монголд Японыг эсэргүүцэх уур амьсгалыг буй болгохгүй байх, Монголыг Зөвлөлтөөс хөндийрүүлэх чиглэлийг баримталж байжээ.
1929 онд Монголын засгийн газраас Хятадын пүүсүүдийг хаах шийдвэр гаргахад япог эмч Эр Дао Кузима-гаас энэ ажлыг Монголын засгийн газар биш , Зөвлөли Холбоот Улс хийж байгаа юм гэж нотлон хятад хүмүүс ярьж байв. Үүний уршгаар хятадууд бүгдээрээ Зөвлөлтийн эсрэг сэтгэдэлтэй болж байжээ. Кузимагаас БНМАУ-д оршин тогтож байгаа засаг төрийг түлхэн унагасан цагт гадаад Монголд хятад худалдаачдын урьдын байдал сэргэж тухайлбал, хятад худалдаачдаас ардүүд эээлдүүлсэн зээлийг төлөх баталгаатай болгоно. бүх өрийг хүчингүй болгосон байсан. гэдэг байсан.
Чухам ийм учраас хятад худалдаачид БНМАУ-ын Засгийн газрыг түлхэн унагахыг сонирхох болсон гэж иргэн Ли Тин-Лин мэдүүлжээ. "Жанчхүү, Хүрээ хоёр хоорондоо бүр эрт урьдаас нааш худалдааны харилцаатай байсан бөгөөд учир нь Хятад, Монгол, хоёр нэгэн гэрийн улс болой. СССР ба Хятад улс хоёрын хооронд дипломат харилцааг тасарсан үеэс эхлэн Монголын эрх баригчдаас оросуудын шаардлагын ёсоор Жанчхүүгийн замыг хааж хятадын худалдааны явдлыг хязгаарласны улмаас Хятад улсын элдэв олон мужуудын дотор эд барааг үлэмжхэн үйлдвэрлэгч эдийн хямрал тохиолдож, олон тооны пүүсүүд алдагдлыг үзэж, үйлдвэрчин ардууд ажилгүй болсон байна.
Оросуудаас энэхүү явдлыг үйлдэхдээ ганцхан Хятад улсад хохирол үзүүлсэн бус иөн Монголын ард түмэнд хохирлыг үзүүлсэн… Урьд Монголд хэрэглэгдэх барааны гол төлөв нь Хятад улсаас авчирч байсан бөгөөд одоо замыг хааж , худалдааны явдлыг зогсоосон учир бараа авчирдаг орон, нөхцөл нь үгүй болжээ.
…Хятад ба Монгол улсын хооронд худалдааны харилцаа нээх явдлыг чухал хэмээн бид нар үзэж буй… гэж Жанчхүүгийн худалдааны газраас Хүрээлэн дэх худалдааны газрын дарга Жанд ирүүлсэн албан захидалд бичжээ. Эдгээрт хятадын худалдаачдын эдийн загийн сонирхол, улс төрийн сонирхол, улс төрийн асуудалтай хэрхэн нягт хослон тавигдахын хамт Зөвлөлтийн эсрэг зорилготой болох нь тодорхой байна.
Хятад, Японы тагнуулын үйл ажиллагаа тун өвөрмөц зохион байгуулттай, дорно дахины ажлын онцлог аргаар ажилладаг, худалдаа эдийн засаг, цэрэг, улс төрийн, бүхий л салбарыг хамарсан шинжтэй. Хэд хэдэн улсын ашиг сонирхлыг хосолсон ажиллагаатай байсан бололтой.
Жинхэнэ мэргэжлийн тагнуулчид цөөн, харин” харанхуй "гаар болон итгэмжилсэн хэлбэрийг ашиглах явдлыг өргөн хэрэглэж байжээ. Холбоочин тагнуул Го Гуй Сынийг баривчлахад олдсон, түүний авч явахаар бэлтгэж байсан гэх бичгээс үзвэл: "Үнэн зүйлийг хүндэтгэж, гадаад маягийн үл баримтлах, нэгэн ерөнхий бүлгэмээ зогсоож тархай болгох… Ийм учраас бид нар аливаа нэгэн тийм сайн хүн манай намын гишүүн юм хэмээн боддог үгүй болой. Харин чухам ямар ч аюул бүхий үед хэрэгтэй мэдээ өгч чадах тийм хүн манай тусад ажиллаж чадна. Энэхүү бодлогыг үндэс болгон баримталж бид нар гэртээ сууж байгаад найман жилийн дотор нэлээд үр ашигтай олот олж байна. Нэгэн ерөнхий байгууллагыг зогсоож таранхай болгох хэмээснийг хэрхэн ухваас зохимой хэмээвээс олон хүнийг бууддаг бай мэт байж болохгүй. Харин өвсөн дотор нуусан тыква хэмээх төмс мэт байваас зохимой хэмээсэн болой. Энэхүү шугам бодлогыг мөрдөн явахад бид нарын хойноос арван нүдэн дагалдан тагнаваас арван гараар бид нар тийш зааж байсан ч айхгүй болой. Учир иймээс худалдааны газар нь тоглоом мэт байж болохгүй ба мөн хана хэрэм барьсан сүм хийд шиг байж огт болохгүй болой. Харин тэрхүү газар шургасан 2-3 танил хүн байвал тэдгээрээр дамжуулан бид нар өөрийн ажлыг гүйцэтгэж чадах бөгөөд тэд нар бол ажлыг гүйцэтгэхдээ бусдад үл мэдүүлэн амархнаар ярианы далимаар тоглоом шоглоом хийж байгаад гүйцэтгэж чадна. Гэжээ. Мөн бичигт цааш бичихдээ " бидний зорилго туйлын тодорхой бөгөөд Совет улсын төгрөгрубль-үүд манай төмөр зүрхийг худалдан авч үл чадмой. Манай зориг хүсэл нэн хатуу түүнийг Дотоодыг хамгаалахын аюулт шорон ч эвдэж үл чадмой. Үүнд бид нар илээр ажиллах хэмээсэн бүс бөгөөд учир нь хэрэв чингэж ажиллаваас бид нар өөрсдөдөө хор хөнөөл учруулах болно.
Гагцхүү үүнээс болж бид нарын Монголд буй оргодлууд цагаачид Цан Лин ба мөнгөний дархчууд их төлөв цохигдсон байна. Бусдад хариуцлага бүхий зүйлийг даалгаж огт болохгүй болой. Бид нар…. өөрсдийн ажлыг хэрхэвч сул болгож болохгүй харин улам идэвхтэйгээр явуулан цаашид шинэ аргыг хэрэглэн ажиллах хэмээн зөвлөлдөн тогтжээ. ,гэсэн байна.
Мөн үргэлүүлэн бичихдээ : Хүрээнд дотоодыг хамгаалахын тагнуулууд их олон бөгөөд багахан ч сэрэмжгүй явбаас бид нарт туйлын хүнд алагдах хүртэл тулгарах аюултай байна. Гэвч бид нар тэдгээр сургууль бүхий нохойнуудыг сүүлийн үед цөмийг мэдэх болсон бөгөөд тэд нарын ажилд саад учруулахын цохихын төлөөнөө ард нийтийн дотор бид нараас зориуд илрүүлэн задруулж буй болой. Тэд нар бурхан ба гэгээн ч атугай бид нар тэднээс огт айхгүй. Хэрэв та нараас бидний ажлыг үнэлэх аваас нааш зааврыг ирүүлмүй” гэжээ.
Бичигт цааш дурдахдаа : Бусад хот газрын талаар хэлбээс… Бид нар хоорондоо элдэв будлианаас болгоомжлон тахиа жилийн хавар 3 сар 1933он-аас хойштархан салж шар, морь, салхи гурав мэт хоорондоо ямар ч харилцаагүй байна..” гэж дурдсан байна. Үүнээс үзвэл тагнуулын үйл ажиллагааг нэгэн төвөөс удирдахгүй , байрлаж буй орон нутагтаа бие даан ажиллаж байсан бололтой. Бие биеэсээ сүрхий нууцлан байсан нь харагдаж байна. Хятад эмч Ли Тин Линий хэлснээс үзвэл: "Тус бүлгэмийн гишүүд нь1927 онд хоорондоо ажлаа хуваарилан авчээ. Үүнд:
1.Ли Хай Пингийн бие бүлгэмийн ажлыг толгойлон удирдахын хамтаар тээх нэвтрүүлэх ажлыг харьяалан байсан ялангуяа, элдэв хураасан тагнуулын мэдээ материалуудыг гадаадад явуулах арга нөхцөл бүхий бөгөөд Улаанбаатар-Жанчхүү хотуудын хооронд жин тээврийн ажлыг харьяалан байсан болой.
2.Сун Сян Лин, ший кино, зургийн газруудаар далимдуулан Монголын ард нийтийн санал сэтгэлийг тодорхойлон даалгавар үүргийг хүлээсэн.
3.Жан-ю-Миний бие Нан Ту Хо хэмээх пүүсийн эзэн,хятадын худалдааны газрын тэргүүлэгч учир мөнхүү худадааны газрын элдэв тагнуулын ажлыг эрхлэн явуулах , хятадын пүүсүүдийн байдлын тухай мэдээнүүдийг хурааж байсан.
4.Ли Тин Лин миний бие тэр үед юҮ -Пан-Ши хэмээх шашны бүлгэмд ажилтай байсан тул надад Маймаачин хотын элдэв мэдээ ба хятадын сүм хийдийн мэдээ хурааж байх даалгавар үүргийг ногдуулсан юм. Бүх хураасан зүйлийг Ли –Хай Пинд өгч басйан гэжээ.
Хилийн цаана дамжуулж байсан тагнуулын мэдээний агуулгыг авч үзвэл.
1.Монгол Ард Улсын Засгийн газраас явуулж буй ажил явуулгын тухай
2.Монгол Арп Улсын зэвсэгт хүчний тоо, зэвсгийн байрлалт, болон байлдааны сэлбэг хэрэгсэл хэчнээн хугацаанд хүрэлцэх бослогыг дэмжих хүн хэдэн хувь болох.
3.Хэчнээн тооны тээх агаарын онгоц, их буу, пулемёт, хуягт тэрэг, винтов, буу зэргийн техникийн хүч,
4.Хэчнээн хугацааны дотор Монгол улс өөрийн цэргийг дайчилж чадах
5.Уурын тэрэгний тоо, бензин тосны хангамж, жолоочийн тоо.
6.Ямар газар радио цахилгаан утас, телефон зэрэг зүйл буй
7.Тус улсын хаагуур машинаар явж болох, тэндхийн гол ус, намгийг зургийн ёсоор тодорхойлох.
8.Тус улсын дотор зэвсэгт бослогогаргах явдалд тусламж үзүүлэх засаг төрд дургүй лам нар, хуучин ноёд, түшмэдийг бүртгэх.
9.Тус улсын эдийн засаг, аж үйлдвэр, санхүү, мал аж ахуйд хийгээд улсын худалдааны явдал, орон сууцны байдал зэрэг зүйл хэрхэн хөгжиж буй. Элдэв мэргэжилтэй үндэсний шинэ хүчний тоо, Монгол улс өөрөө ямар таваар үйлвэрлэдэг , гадаадаас авдаг, гадаадад гаргадаг барааны хэмжээ, алт, мөнгө, төмөр, тугалга, үнэ бүхий чулуу зэрэг зүйлийг хэрхэн ашиглаж буй.
10. Ард нийтийн улс төрийн зан байдал сайжирч, тоо нь үржиж буй эсэх тухай сэдэвтэй байжээ.
Хилийн чанадаас чийм даалгаврыг өгдөг байжээ. Сун Сян Линээс Жанчхүүд авч очсон захидлын сэдвийг дэлгэрүүлж үзвэл:
1.Тус Монголд эдийн засгийн туйлын муу, барааны талаар хангалтгүй, Хятадын бүх худалдаагхураасан. Урьд хэдэн зуун жилийн худалдаа болгосон их үндэстэй баян сайн сайхан пүүсүүдийг цөмийг хураасан. Энэ хураасан пүүсний болон Хятад улсын ерөнхий мөнгөний тоо худалдааны зөвлөлийн дансаар 30000000 төгрөгийн хөрөнгийг хураан авсан болой. Түүхий эдийг нааш гаргадаггүй болой. Дээр дурдсан төгрөгийн тоо бол зөвхөн Улаанбаатар хотын доторхи худалдаа юм.
2.1930 онд Монгол улсын тээхийн хуучин машинуудыг худалдаж Орос улсаас шинэ машинуудыг авсан болой. Үүнд”Бенз” зэрэг маркийн бүгд 40 машиныг худалданавсан боловч бас л тээврийн талаар туйлын муу дутагдалтай учир манай хятадын гараашаас үргэлжлэн машиныг хөлслөн авч байдаг амой. Монголын цэргийн гараашид шинэ хуучин "Доож” ,”Бенз” зэргийн цөөн машин байна. Цэргийн тээхийн талаар хүрэлцэхгүй учраас хятад гараашаас машиныг хэрэглэн баймой.
3.Монголын улаан цэрэг барагцаалан бодвол Улаанбаатар хотноо 3 мянга хэрийн баймой. Тэдний сургуулийг харж тагнавал төдийлөн сайн бус. Зэвсгийн талаар ихээхэн бөгөөд цэрэг тус бүр нэжгээд орос винтов, сэлэмтэй, их, буу, пулемёт, гар буу, наган, хуягт, нисдэг тэрэг зэрэг нэлээд буй.
4.Ард нийтийн саналын тухай Монголын засагт дүүрэн хангалттай бус нэн ялангуяа, лам нараас их дургуй болой. Гэсэн агуулгатай. Ийм захидлыг хүргэж өгөөд хариу нууц захидлыг авч Улаанбаатарт ирсэн байна.
Жан ю-Минээс 1934 онд гадаад Монголыг хянах товчооны дарга Ли-У-Тайд БНМАУ-ын улс төрийн байдал Засгийн газрын бодлого, ардын армийн байлдааны чадвар, үйлдвэр, худалдаа, тухайлбал засгийн газраас гадаадынханд өсгөн нэмэгдүүлэх татвар ногдуулах бодлого явуулж буй тухай мэдээлж байжээ.
Жан ю Мин гадаад Монголыг хянах газрын даргад : БНМАУ-ын дорнод хил тайван биш бөгөөд япончууд Халхын сүм, Буйр нуурыг эзлэн авсан. Одоогийн байдлаар зах зээлийнбайдал муугүй харагдах боловч хүнсний барааны үнэ ялангуяа, хятад барааны үнэ их өндөр байна. Хүнсний бүтээгдэхүүн: хонины мах 1 джин 1 төгрөг 34 мөнгө, үхрийн мах 80 мөнгө орчим, шуудай 1-р гурил 37,6 төгрөг, 2-р гурил 31,6 төгрөг болж байна. Улаанбаатарт түгшүүртэй хэвээр байгаа боловч хүмүүс тайван байна. Улаанбаатарт машины тоо цөөрсөн нь иашины хагас цэргийг зөөврлөж байгаатай холбоотой гэсэн яриа байна. Хэдэн нисэх онгоц ирсэн. Нэг том нисэх онгоц 20 илүү хүн тээвэрлэх боломжтой юм гэсэн мэдээг Го Гуйсынээр явуулахаар бэлтгэж байжээ.
1934 онд Жанчхүү хот дахь худалдааны зөвлөлийн даргад "Монголын улаан армийн цэргийн гуравны хоёр нь дорнод хил дээр байгаа , харин Улаанбаатарт бүх төрлийн цэрэг 4500-5000 шахам байна. Дорноговь аймгийн хил дээр хилийн харуулын албаныхыг оролцуулахгүйгээр 300 орчим хүн байна гэж Жан ю Мин мэдээлж байсан байна.
Мөн резин тоглоомд нуусан бичигт : "Дорно зүгт Монгол Манжуур хоёрын хооронд будлиан болсноос хойш цэрэг нь хэзээ ч бэлэн байдалтай болсон бөгөөд цэрэг ба цэргийн ачаа Улаанбаатараас үргэлж Сан бэйс Баян түмэн тийш явж байна. Олон нийт сандраан цочиж буцалж буй усан мэт долгилж байна. Нэгэн жишээг хэлбээс Хүрээ Улаанбаатарт морин цэргийг урьдынхаас гуравны хоёр хувь нэмэгдүүлсэн байна. Худалдааны бараа зүйлын үнэ нь гаднаас үзэхэд хуучин хэвээр буй мэт боловч үнэндээ аливаа худалдааны явдал ихээхэн хямралыг үзэж бүр муудаж байна. Ирээдүй цагийг мэдэж хол хардаг зарим манай төрлийн хүмүүс хятад нар орон нутагтаа буцсан. Хүрээ хотноо байлдааны байдалтай болсоор таван сар болж буй бөгөөд иймээс Засгийн газрын толгой мэт тийм нэр хүнд бүхий хүн өөрийн дураар чөлөөтэйгээр дуртай ажлаа явуулж чадах эрхгүй болоод байна. Ер өнхйи сайд мэтийн тийм чухал хүн ч атугай хүйтэнд даарсан шувуу мэт амаа ангайж үнэн зүйлийг хэлэхээс айж байна. Гагцхүү баривчлагдахаас айж ихэнх нь хувьсгалч үг хэлж явдаг цөөн тооны намын гишүүдээс бусад ард нийтийн санаа сэтгэл улаанд туйлын дургуй болсон бөгөөд ялангуяа, лам нар улаанд даанч дургүй бөгөөд хэрэв тохиромжтой цаг үес тохиолдож багахан хөдөлгөөн гарваас эсэргүү бослого гаргах нь гүйцэд боловсорсон байна. Бослого гарах үед монгол ба хятад нар эсэргүүцэн босогч нарыг ихээхэн сайнаар хоол хүнстэй талх давс угтах биз.хэмээн санагдана. Тэд нар нь одо тэрхүү бослого гарах үеийг ихээхэн хүсэж хүлээж ядаж байна. Бид нарт сайн тохиромжтой цаг үес ирж буй бөгөөд ер байдал өдөр ирэх тутам улам муудаж байна. Их өргөн бөгөөд баялаг Монгол орон нь өмхий Оросын гарт бүр мөсөн оржээ. Гэж дурдаад хилийн чанадад явуулахаар бэлтгэж байжээ.
Энэ бүхнээс үзэхэд Монголын эдийн засаг, хүмүүсийн санаа сэтгэл , улс төр, цэргийн чанартай мэдээнүүдийг тагнуулчид үнэхээр сонирхож, цуглуулан дамжуулж байсан нь тодорхой харагдаж байна. Хятадын худалдааны зөвлөлөөр халхавчлан тагнуулын ажиллагаа үйлдэж байсан Сун Сян Лин, Жан ю Мин , Ли Тин- Лин нарын 23 хятад иргэнийг Дотоодыг хамгаалах газар 1935 оны дөрөвдүгээр сараас арван хоёрдугаар сар хүртэл баривчлан мөрдөн байцааснаар хэрэг нь улам тодорхой болжээ.
Энэ бүлгэмийн үндсэн зорилгыг ялын төлөвлөгөөнд тодорхойлохдоо "Монголын ардын хувьсгалт засгийг устган унагаж, Японы эзэрхэг түрэмгий нарын тусламжаар мөнхүү Японыг түшиглэсэн хуучны засаг төрийг босгож , Монгол Ард Улсын тусгаар тогтносон байдлыг устган Японы колони болгох зорилготой байсан болой” гэж тэмдэглэжээ.
Энэ хэргийг Сун Сян Линий ажиллаж байсан газрын нэрээр "Халуун усны хэрэг” гэж түүхэнд нэрлэжээ. Хэргийг мөрдөн байцаах ажлыг ДХГ-ын боловсронгуй төлөөлөгч Саньковский, Кибальчик, төлөөлөгч Пүрэвдорж , Хаймчиг, Дэмбэрэлсүрэн, Жамсранжав, Төмөрдөш, Долгоржав, Бадам тасгийн дарга Хас-Очир нар гүйцэтгэжээ. Ялын төлөвлөгөөг ДХГ-ын тусгай хэлтсийн дарга Н.Насантогтох, тасгийн дарга Г.Хас-Очир нар зөвшөөрч, ДХГ-ын дарга Д.Намсрай баталсан байна.
1936 оны 4-р сард Дотоод явдлын яамны тусгай комиссоос тэдгээр 25 хятад иргэнд БНМАУ-ын шүүх цаазны бичгийн 43,44,45-р зүйлүүдийг баримтлан ял ногдуулж 8 хүнийг буудан алах, 5 хүнийг 10 жил, 6 хүнийг 8 жил, 6 хүнийг 5 жил хорихоор шийтгэсэн байна. Энэ ял шийтгэлийг Улсын Бага Хурал баталж хүчин төгөлдөр болгожээ.
Б.БАНЗРАГЧ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих