ВИНДХУК. /Xinhuа/. 2015 оны байдлаар, дэлхийн хэмжээнд ХДХВ-ийн /хүний дархлал хомсдолын вирус/ халдвар авсан 38 сая хүн амьдарч байна гэж Намиби улсын нийслэл Виндхук хотод НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс /UNAIDS/ даваа гарагт танилцуулсан тайланд дурджээ.
Уг тайланд бичсэнээр, дэлхийн хэмжээнд ХДХВ-тэй 38 сая хүн амьдарч байгаагийн 18 сая орчим нь эмэгтэйчүүд аж. Тэдний 1.8 сая нь 15 доош насны хүүхдүүд юм.
Зөвхөн өнгөрсөн онд гэхэд ХДХВ-ийн халдвар авсан хоёр сая гаруй тохиолдол шинээр бүртгэгдсэний 150 мянга нь 15-аас доош насны хүүхдүүд байна.
2015 онд ХДХВ-тэй холбоотой өвчнөөр 1.1 сая орчим хүн, тэдний дотор 15-аас доош насны 110 мянган хүүхэд нас баржээ.
Сахарын цөлөөс урагш орших Африкийн улсуудад 2015 онд ХДХВ-ийн халдвар авсан 5700 тохиолдол өдөр тутам шинээр бүртгэгдэж байв.
2016 оны зургадугаар сарын байдлаар, ХДХВ-ийн эмчилгээнд 18 сая хүн, тэдний дотор 910 мянган хүүхэд хамрагдсан байна.
Тайланд "ХДХВ-тэй тэмцэх хүчин чармайлтад ахиц дэвшил гарсаар байна. 2020 он гэхэд ХДХВ-тэй 30 сая хүнийг эмчилгээнд хамруулах зорилт тавьсан" гэж дурджээ.
Халдвар авсан тохиолдол цөөнгүй бүртгэгдсээр байгаа хэдий ч ХДХВ-тэй хүмүүсийг эмчлэхэд ахиц дэвшил гарсаар байна гэж НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Мишель Сидибе хэлэв. Тухайлбал, 2000 онд ХДХВ-ийн 3.2 сая тохиолдол шинээр бүртгэгдэж байсан бол 2015 он гэхэд 1.5 сая болж буурчээ. Тэгвэл 2020 он гэхэд энэ тоо 0.5 сая болж буурах төлөвтэй байгаа аж.
ХДХВ-ийн улмаас нас барсан хүмүүсийн тоо ч 2020 он гэхэд 0.5 сая болж буурах төлөвтэй байна.
Г.Доржханд
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих