Есдүгээр Богд Жавзандамба хутагтын хойд дүр Монголд төрсөн шинж тэмдэг илэрсэн талаар Дээрхийн гэгээн XIV Далай лам өнөөдөр сэтггүүлчдэд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ. Далай багш "Монголын Богд Жавзандамба хутагт түүхэн алдартай, маш агуу хүн байсан. Таалал болохын өмнө надаас "Би хаана төрөх вэ" гэж асууж байсан юм. Хамгийн сүүлд Богд Жавзандамба хутагттай уулзах үед би "багшийн бие чилээрхүү байна. Таны нас сүүдэр өндөр болсон шүү. Тэгэхээр та дараа төрөлд яах вэ гэдгийг болгоох хэрэгтэй. Таны дараа төрөл авах газар Монгол орон шүү гэж айлтгасан" гэлээ.
"Нэг талаас би Далай лам. Хоёрдугаарт би Есдүгээр Богд Жавзамдамба хутагттай жаахан байхаас нь нөхөр байсан болохоор дараагийн төрөл тодруулах нь надад гарцаагүй үүрэг болж ирсэн юм. Есдүгээр Богдын дараагийн дүр Монголд мэндэлсэн байгаа шинж тэмдэг илэрч байна. Одоогоор жаахан хүүхэд учраас нийтэд зарлах шаардлагагүй болов уу гэж харж байна. Гурав, дөрөв, таван нас хүрэх үед бодолцох хэрэгтэй. Жаахан хүүхдийг сэнтий суудалд зална гэдэг бодит байдал дээр хэцүү. Тиймээс том болоод ном эрдэмд төгс гэгээрэх хэрэгтэй юм" гэлээ.
Мөн БНХАУ-ын зүгээс Монгол Улсад хандаж айлчлалыг эсэргүүцсэн мэдэгдэл гаргасан бөгөөд энэ талаарх сэтгүүлчийн асуултанд "Намайг хаана ч очсон Хятадын зүгээс ийм юм ирдэг. Бурхны шашинтай улс орноос би Монгол, Япон хоёрт л очиж чадаж байна.
Хятадад л гэхэд бурхны шашинтай 400 сая гаруй хүн байна. Тэдгээр хүмүүс намайг Хятадад айлчлаач гэж байнга гуйдаг. Би 1974 оноос хойш Төвдийн тусгаар тогтнолын талаар санаа дэвшүүлээгүй. Хятадын бодлогод намайг салан тусгаарлагч гэж үзэж байна. Тусгаар тогтносон улс болно гэж тэмцэхгүй байгааг минь дэлхий нийтээрээ мэдэж байна" гэсэн юм.
Далай лам өнөөдөр буцаж байна. Тэрбээр айлчлалынхаа үеэр эрдэм шинжилгээний хуралд оролцож, сүсэгтэн олонд, оюутан залууст ном айлдсан билээ. Айлчлалынхаа талаар "Их завгүй айлчлал боллоо. Монгол Улсад дахин ирж байгаадаа туйлын баяртай байна. Аль ч улсад айлчилсан миний хамгийн эхний үүрэг хариуцлага бол дэлхийд энх тайван тогтоох юм.
Дэлхийд 7 тэрбум хүн байна. Энэ хүмүүс зовлонг эс хүсэж амгаланг үргэлж хүсдэг мөн чанартай. Тэгэхээр зовлонг эс хүсэвч зовлон гарсаар байгаа шалтгаан нь шунал, уур хилэн юм. Шунал, уурыг арилгаж болох юм. Шашин шүтдэг ч бай, шүтдэггүй ч бай бүх хүмүүс амар амгаланг хүсдэг шүү дээ. Тэгэхээр зовлон бий болгодог уур хилэн, хүсэл шуналыг арилгах арга бий. Шинжлэх ухааны үүднээс бид амар амгалантай байх үндэслэл бий. Хүмүүний мөн чанар бол угаас амар амгаланг хүсдэг. Үүнийг бусдыг энэрэн нигүүлсэх, асарлын сэтгэлээр хандах явдал юм" гэв.
Далай багш Төвдийн улс төрийн хэргийг 2011 онд хүлээлгэн өгч шилжүүлсэн гэдгээ хэлээд "улс төрийн хэргийг сонгуулиар сонгогдсон хүн цааш авч явна. Надад үүрэг хариуцлага одоо байхгүй болсон. Надад шашин номыг цааш нь авч явах үүрэг байна. Төвдийн шашин соёл, хэл бичгийг цааш дэлгэрүүлэх ажилд зүтгэж байна" гэлээ.
Тэрбээр Монголын номын нөхдөд номонд сайн суралцаарай гэж захиж байснаа хэлээд "Энэтхэгт Оросоос очсон монгол туургатан, өвөрмонголчууд, Монгол орноос гээд ойролцоогоор 500-600 орчим лам хуварга ном үзэж байна. Зарим нь 15-16 жил ном үзсэн байдаг. Тиймээс 15 жил тэнд ном үзсэн лам хуваргууд Монгол оронд шашны үйлийг дэлгэрүүлэх үйлсэд гарцаагүй зүтгэж чадна гэж итгэж байна" хэмээн ярьсан юм.
gogo.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих