Шинжлэх ухаан, технологийн салбарын 2016 оны "Байгаль, нийгмийн ухааны шагнал”-ыг "Монгол орны эмийн ургамлын хоёрдогч метаболитын бүтэц, нийлэгжих өвөрмөц зүй тогтол ба хорт хавдрыг эмчлэх шинэ агент” бүтээлээрээ хүртсэн ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, доктор, профессор Д.Батсүрэн 100 сая төгрөгийн батламжаа гардан авлаа.
Мөнгөн шагналын батламжийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь нар гардуулав.
"Шинэ Засгийн газрын үйл ажиллагааны эхний жилийн босгон дээр эрхэм хүндтэй шагналын эзнээр тодорсон танд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Мөн Тусгаар тогтнолоо баярын өмнөх өдөр энэхүү хүндтэй шагналыг гардуулж байгаадаа маш их баяртай байна. Монгол оронд ургадаг энэ ховор эмийн ургамлаас гаргаж авсан шинэ бодисыг хавдрын эмчилгээний практикт ашиглаж монгол хүний эрүүл мэндийг хамгаалах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Цаашид шинэ эмийг хурдан хугацаанд үйлдвэрлэж, дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлэх талаар төрийн захиргааны холбогдох байгууллагууд анхаарч ажиллах нь зүйтэй” хэмээн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.
Академич Д.Батсүрэн нь 40 гаруй жил эрдэм шинжилгээ, судалгаа-туршилтын ажил эрхэлж, Монгол орны 50 шахам зүйл эмийн ургамлын химийн судалгаа явуулж, 300 гаруй цэвэр бодисыг таньж тодорхойлсны дотор шинжлэх ухаанд урьд өмнө нээгдээгүй байсан 37 байгалийн нэгдлийг олж тогтоожээ. Мөн дагуурын хүж өвс нэртэй ургамлаас 22 бодисыг цэвэр ялгаж, 7 бодисыг шинээр нээснээр байгалийн нэгдлийн химийн шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан байна.
Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 22.1.1-д зааснаар суурь, хавсарга судалгаа эрхэлж байгаль, нийгмийн шинэ үзэгдэл, хуулийг тодорхойлж, шинжлэх ухааны нээлт хийсэн иргэн, судлаачдын хамтлагт "Байгаль, нийгмийн ухааны шагнал” олгодог. Энэ тогтоолын дагуу шагналд шаардагдах 100.0 (нэг зуун) сая төгрөгийг Шинжлэх ухаан, технологийн сангаас гаргах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих