1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал юм.
Манай улс Бүгд Найрамдах Улс тунхагласны баярын өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн уламжлалтай ч 2012 оноос уг өдрийг "тэмдэглэлт өдрийн” түвшинд өнгөрөөх болсон юм. Энэ нь түүхийн чухал үйл явдлыг ач холбогдлыг багасгаж, түүх уламжлалыг бүдгэрүүлэх алдаатай шийдвэр болсныг ард иргэд шүүмжлэн, эрдэмтэн судлаачид байр сууриа илэрхийлсээр байсан.
УИХ-аас Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өөрчлөлт оруулан жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдрийг Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчиллаа.
Анхдугаар Үндсэн хууль батлагдсан нь нийгэм эдийн засгийн олон ололтыг манай улсад бий болгон батжуулсан төдийгүй Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч гэж зарлаж байжээ. Түүнчлэн иргэдийн сонгох сонгогдох эрхийн асуудлыг хуульчлан, Азид анх удаа Монгол Улс эмэгтэйчүүд эрчүүдтэй адил тэгш эрхтэй байх явдлыг хангаж өгсөн юм.
Харилцан шүтэлцээ бүхий энэхүү түүхэн үйл явдлын үр шимээр өнөөдөр монголчуудын эдэлж буй олон эрх, эрх чөлөөг хуульчлан тогтоосон байдаг. Тухайлбал, бүх нийтээрээ бичиг үсэгт суралцах, эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил эрх тэгш байх, шашин шүтлэг болон хэвлэн нийтлэх эрх чөлөөний суурь чухам энэ цаг үеэс л тавигджээ.
Улсын анхдугаар их хурал 1924 оны 09 дүгээр сарын 08-нд нийслэл хүрээнд нээгдэж халхын 4 аймаг, Дөрвөдийн 2 аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу ба ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн их хуралд сонгогдсоноос 77 төлөөлөгч оролцжээ.
Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг 15 минутанд санал нэгтэй баталж, дэлхий даяар Бүгд Найрамдах Монгол Ард Улсаа зарлан тунхагласан билээ.
Энэ нь тухайн цагт хоёр их гүрний дунд оршиж байсан жижигхэн, буурай Монгол орны хувьд өөрийн тусгаар тогтнолоо олох маш том алхам байсан юм. Монголчууд туурга тусгаар улс болсноо ийнхүү зарлахад хэдийгээр хоёрхон улс зөвшөөрөхөө мэдэгдсэн ч Монголын талаарх энэ мэдээлэл Америкийн "Нью Йорк таймс” сонинд нийтлэгдэж дэлхийн олон орны сонорт хүрсэн билээ. Хэдий Монгол Улсыг хүлээн зөвшөөрсөн Төвд, Тува улсууд нь өдгөө Хятад, ОХУ-ын бүрэлдэхүүнд байдаг ч манай улсыг хүлээн зөвшөөрсөн анхны улсууд хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
Хожим Монголын Улсын тусгаар тогтнолыг дэлхийд хүлээн зөвшөөрүүлсэн томоохон үйл явдал болох 1945 оны Ялтын хэлэлцээрийн үед И.В.Сталин "БНМАУ нь 1924 онд үндсэн хуулиа баталж тусгаар улс болсноо зарлан тунхагласан юм. Үүнийг та нар мэдэж байгаа” хэмээн Англи, АНУ-д тулгаж байсан түүхтэй. 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Монгол Улс нь Анхдугаар үндсэн хуулиа баталснаар тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа баталгаажуулж, улс шиг улс болон хөгжих эхлэлээ тавьсан түүхтэй. Хэрэв энэ өдөр Үндсэн хуулиа батлаагүй, улсаа дэлхий нийтэд тунхаглан зарлаагүй бол Монгол орны хойшдын хувь заяа хаашаа эргэж, үйл явдал хэрхэн өрнөх байсныг өнөөгийн өндөрлөгөөс таахад бэрх ч ийнхүү улсаа тунхагласан нь зөв алхам болсон гэдэг л маргашгүй үнэн юм.
Анхны Үндсэн хуулийн 1-р зүйлд "Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах Бүрэн эрхтэй Ард улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг УИХ ба мөн хуулиар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийдвэрлүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино” гэжээ. Ийнхүү монгол түмэн түүхэндээ анх удаа Үндсэн хуультай болж, Бүрэн эрхт улсаа тунхагласан энэхүү өдрөөс хойш 92 жил болж байна. Анхдугаар Үндсэн хууль нь бүхэлдээ Монголын түүхэнд анх удаагаа хаант ёсыг халж, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулж, бүгд найрамдах улсыг тунхаглан зарласнаараа түүхэн ач холбогдолтой баримт бичиг юм.
Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх заалт оруулсан энэ өдрөөс эхлэн улс орон, ард түмний аж амьдралд олон дэвшилтэт ахиц өөрчлөлт гарсан билээ. Улсын хувь заяатай холбоотой асуудлыг нэг хүний үзэмжээр бус нийт ард түмний хүсэл зоригт нийцүүлэн шийдэх боломж бүхий засаглалыг бүрдүүлсэн нь анхдугаар Үндсэн хуулийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг юм.
Үүнээс хойш Монголын түүхэнд тодоор бичигдсэн үйл явдал бол 1945 оны аравдугаар сарын 20-нд анх удаа бүх нийтээрээ тусгаар тогтнолын төлөө саналаа өгсөн нь байлаа. Үүний гол учир нь гадаад ертөнцөд Монгол Улсын нэр хүнд бага, тусгаар улс гэдгийг дэлхийн томоохон гүрнүүд хүлээн зөвшөөрөөгүй юм. Иймээс Орос, Хятад, Япон улсууд Монголыг өөрийн эрхшээлдээ оруулахын тулд хоорондоо дадцуур тэмцэлдэж маргаан үүсчээ. Ингээд дээрхи орны төлөөлөгчид Монголын улс төрийн удирдагчидтай уулзаж, ард түмнээс санал авах тухай хэлэлцжээ. Тодруулбал Монголын ард түмэн аль оронд дагаар орохоо санал хураалтаар шийдэх байсан. Харин Монголчууд 483291 хүн буюу 100 хувь тусгаар тогтнолынхоо төлөө саналаа өгсөн гэдэг. Ийнхүү Монгол ард түмний тусгаар тогтнох хүсэл эрмэлзэл биеллээ олж 1946 оны нэгдүгээр сарын 6-нд Хятад улс Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг хүлээн зөвшөөрч мөн оны хоёрдугаар сарын 10-нд харилцан элчин солилцох гэрээнд гарын үсэг зуржээ.
Орос, Хятад зэрэг томоохон гүрнүүд тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрснөөр дэлхийн тавцанд гарч ирэх боломж нээгдсэн. Үүний тод илрэл нь 1961 оны аравдугаар сарын 24-нд Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүрэн эрхт гишүүнээр Монгол улс элссэн юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих