ДДС-ийн багш Т.Гантулга зөвлөж байна-
Төслийн баримт бичиг доор дурдсан бүтэцтэй байх бөгөөд хавтаснаас бусдыг нэг тусдаа бүлэг болгон дугаарлах нь зүйтэй.
1. Төслийн баримт бичгийн хавтас
Энэ бол танай байгууллага, таны нэрийн хуудас гэсэн үг юм.
Иймд анхаарал татахаар байвал зохино.
2. Товч танилцуулга
Энэ бүлэгт төслийн мөн чанар, агуулгыг тодорхой, товч бичих бөгөөд хагас хуудас, дээд тал нь нэг хуудас байвал зохино.
Дараах асуултад хариу өгөхүйц нэгээс хоёр өгүүлбэр байхад хангалттай.
Үүнд:
• Төслийг хэн хэрэгжүүлэх вэ?
• Төсөл хэнд, ямар учраас хэрэгтэй вэ?
• Төслөөс ямар үр дүн гарах вэ?
• Төслийг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ?
• Төсөлд хэдий хэр хөрөнгө шаардлагатай вэ?
3. Оршил буюу танилцуулга
Үүнд захиалагч
байгууллагын тухай мэдээллийг агуулдаг. Үүнд төслийг хэн өгсөн, хэн
хэрэгжүүлэх, төсөлд оролцогчид чухам яагаад мэргэжил, мэргэшил, ур
чадвар, туршлага, итгэл үнэмшил, алдар хүндийн хувьд энэ ажлыг бусдаас
илүү гүйцэтгэх чадвартай гэж үзэж байгаа тухай өгүүлнэ.
4. Хэрэгцээ, шаардлага
Энэ бүлэгт тухайн
төслийг ямар шаардлага, хэрэгцээг үндэслэн ямар бэрхшээл, асуудлыг
шийдвэрлэхийг зорьсон, энэ нь захиалагч байгууллагын зорилго, зорилттой
хэрхэн уялдаж буй тухай өгүүлнэ.
5. Зорилго зорилт: Хандивлагч энэ бүлгээс төслийн үр дүнгийн тухай тодорхой төсөөлөлтэй болдог. Зорилго нь чухам юуны төлөө энэ төслийг бичив гэдэгт хариу өгөх ёстой. Зорилт бол төслийг хэрэгжүүлэхийн тулд хүрэх тодорхой үр дүн юм. Зорилт, үр дүнг тоон чанараар үнэлдэг.
6. Арга зүй.
Энэ бүлэгт төлөвлөсөн үр дүнд хүрэх, бэрхшээл асуудлыг шийдвэрлэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, явуулах үйл ажиллагааг заадаг. Тухайн төслийн зохион байгуулалт, ажлын төлөвлөгөөг энд оруулах ёстой. Мөн энэ хэсэгт чухам юу хийх вэ? Хэн хэзээ, хэр хугацаанд энэ ажлыг хэрхэн ямар дарааллаар гүйцэтгэх вэ, ямар нөөц бололцоог ашиглах вэ гэдгийг ойлгомжтой, тодорхой бичнэ.
7. Үнэлгээ, дүгнэлт, тайлан
Энэ бүлэгт
төслийг төгсгөлд нь яаж үнэлж, дүгнэх тухай саналаа бичнэ. Үүнд тухайн
төсөл зорилгодоо хүрсэн эсэх, төслийн явцад тавих хяналтын аргын тухай
өгүүлнэ. Мөн хийсэн ажил, зарцуулсан хөрөнгийн талаарх тайлангаа гаргах
тухай дурдах ёстой.
8. Төслийн баталгаат байдал, дараагийн санхүүжилт
Энэ хэсэгт тухайн төслөөр олсон амжилтаа бататгах, үйл ажиллагаагаа
өргөжүүлэхийн тулд санхүүгийн ямар арга, эх үүсвэр ашиглах тухайгаа
тайлбарлана. Үүндээ тухайн төсөл дууссаны дараа энэхүү ажил, санаачлагыг
дэмжих нөөц, бололцоо бий гэдгийг хандивлагч нотлох ёстой.
9. Төсөв.
Тухайн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн тухай бүх мэдээллийг энэ бүлэгт тусгана. Энд төслийн хүрээнд хийх ажил, үйл ажиллагааны бүх зардлыг жагсааж, дараах асуултын хариултыг бэлгэсэн байвал зохино.
Үүнд:
• Хандивлагчаас хичнээн хэмжээний санхүүжилт хүсэж байгаа
• Санхүүжилтын үйлдэж буй хэсгийг ямар эх үүсвэрээс олох
• Хөрөнгө чухам юунд зарцуулагдах
10. Хавсралт
Төслийн баримт бичигт захиалгын агуулгыг тодотгож, тайлбарласан нэмэлт мэдээлэл, материалыг хавсаргасан байна.
ДДС-ийн багш Т.Гантулга
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих