Улсын Онцгой комисс, аймгийн Онцгой комиссын өчигдөр зарласан Хэвлэлийн бага хурлын үеэр УМХЕГ-ын дарга Н.Цагаанхүү "Зөв боломж” ХХК-ийн үйл ажиллагаанд хүний эрүүл мэнд, хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг сахих журам туйлын хангалтгүй байгааг баримтаар дурдсан. Хамгийн сүүлийн жишээгээр тус компанийн ажилчдын гал тогоо, хоолны байрыг эрүүл ахуйн шаардлага хангахгүйн улмаас 2016 оны 10 дугаар 09-ний өдөр хаах шийдвэр гаргаж байжээ. Гэтэл зөрчлөө арилгалгүй ажилласан. Улмаар хүний алтан амь эрсэдсэн нь тус компанийн үйл ажиллагааг зогсоох хангалттай шалтгаан гэж үзэж, тэрбээр цаашид энэ тал дээр хатуу байр суурь баримтлахаа илэрхийлж байсан.
Түүнчлэн аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн захирамжаар томилогдсон ажлын хэсгийн 26-28-ны өдрүүдэд хийсэн шалгалтаар мөн зөрчил, дутагдлууд илэрчээ. Аймгийн МХГ, ХХҮГ, ГИХГ-ын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн шалгалтын урьдчилсан дүгнэлтээр "Зөв боломж” ХХК-ийн 21 дүгээр талбай дахь үйл ажиллагаанд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй олон зөрчлөөс гадна Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг нэлээд хэдэн тохиолдолд хэрэгжүүлж ажиллагаагүйг тогтоосон байна. Тухайлбал "Зөв боломж” ХХК нь Газрын тосны 19, 21 дүгээр талбайд нийт 408 ажилтныг ажлын байраар ханган ажилладаг бөгөөд үүний 212 ажилтан нь 21 дүгээр талбайд ажилладаг байна. Гэтэл эдгээр 212 ажилтны 98 хүнийг буюу тус талбайд ажиллагсдын 46,2 хувийг эрүүл мэндийн үзлэгт хамруулаагүй. Амиа алдсан дөрвөн ажилтны хоёр нь, хордсон 19 ажилтны ес нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй байжээ. ХАБЭА болон мэргэжлийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр байхгүйгээс гадна энэ онд хөдөлмөр хамгааллын сургалт зохион байгуулаагүй байжээ. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комисс нь тодорхойгүй, ХАБЭА-н асуудал хариуцсан зөвлөл, ажилтан байхгүй байна. Мөн МУ-ын ЗГ-ын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлдэггүй зэрэг олон зөрчил илэрсэн тухай дүгнэлтийг аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн Улсын онцгой комиссын ажлын хэсэгт танилцууллаа.
Энэ мэтчилэн олон удаагийн хариуцлагагүй байдал гаргаж байгаа нь хөдөлмөр зуучлал эрхэлдэг тус компанийн хувьд хүний амь нас, эрүүл мэндэд төдийлөн анхаарал тавьдаггүйн илрэл гэж ажлын хэсэг үзэж байна. Хүний амь насыг хэн ч, юугаар ч нөхөж баршгүй. Амьдралаа залгуулж, ар гэрээ тэжээж явсан гурван залуу, үр удмаа ч үлдээж амжилгүй хорвоог орхисон нэг залуугийн төлөө "Зөв боломж” ХХК ямар хариуцлага хүлээх тухай асуудал энэ үеэр мөн хурцаар тавигдаж байлаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих