Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизүг бүрэн эрхийнхээ хугацааг өндөрлүүлэн эх орондоо буцаж байгааг нь тохиолдуулан өнөөдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Элчин сайд Такэнори Шимизү цаг гарган хүлээн авч уулзаж байгаад нь Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийллээ. Тэрээр Монгол Улсад нийтдээ 5 жил 2 сар ажиллажээ. Энэ хугацаанд хоёр улсын харилцаа өндөр түвшинд хүрсэн хэмээн үзэж байгаагаа Элчин сайд илэрхийлж, үүнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн оруулсан хувь нэмэр маш их байсан гэдгийг хэлэв.
Элчин сайд Такэнори Шимизү цааш хэлэхдээ "Япон Улсын Ерөнхий сайдын хувьд Абэ, Эбэ гэсэн тусгай нэр томъёо гарган нийтдээ 9 удаагийн уулзалтыг Ерөнхийлөгч тантай хийсэн. Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсад 6 удаа биечлэн айлчилсан. Эдгээр нь манай хоёр орны харилцаа өндөр түвшинд хүрсний жишээ гэж би Элчин сайдын хувьд үзэж, маш талархаж байдаг.
Улс төрийн харилцаанаас гадна иргэд хоорондын харилцаа сайн хөгжиж ирлээ.
Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулснаар хоёр талын эдийн засгийн харилцаанд цаашид ихээхэн ахиц гарна гэдэгт итгэл төгс байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч таныг 1989 оноос хойш би сайн мэднэ. Улстөрчийн хувьд миний хамгийн их хүндэтгэж явдаг хүний нэг бол та юм. Таны Япон Улсад үзүүлсэн найрсаг байдал хоёр орны харилцааг өнөөгийн өндөр түвшинд хүргэсэнд дахин дахин талархал илэрхийлье. Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариу хэлсэн үгэндээ "Танд их баярлалаа. Таны хэлснээр хоёр орны харилцаа өндөр амжилтад хүрсэн гэдэгтэй би санал нэг байна. Үнэхээр хоёр орны харилцаа Монгол Улс нээлттэй нийгэмд шилжсэнээс хойш урьд өмнө төсөөлж байгаагүй сайн түвшинд хүрсэн. Хоёр ард түмний хоорондын харилцаа ч дээд түвшинд хүрсэн. Энэ үйл ажиллагаанд эрхэм Элчин сайд таны оруулсан хувь нэмэр асар их байгаа. Та бол гадаад харилцааны салбарт Монгол Улстай хамгийн удаан хамтарч ажилласан хүний нэг байх.
Өнгөрсөн хугацаанд Ш.Абэ Ерөнхий сайд, түүний Засгийн газартай хамтарч ажилласан үйл ажиллагаанд би өндөр ач холбогдол өгдөг. Энэ хүрсэн түвшин цаашдаа хадгалагдаж явна гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Ш.Абэ Ерөнхий сайдын зүгээс үзүүлж байгаа их итгэлийг бид бодит үйл ажиллагаа, агуулгаар хангаж ажиллах ёстой. Саяхан Монгол Улсын Ерөнхий сайд Япон Улсад айлчилсан. Япон Улстай харилцах харилцаан дээр аль ч УИХ, Засгийн газар өмнө явж ирсэн уламжлалыг хэвээр хадгалж, улам өргөжүүлж ажиллана.
Өнгөрсөн хугацаанд явж ирсэн бидний харилцааны том үр дүн бол Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр юм. Одоо үүнийг бодит ажил болгож ажиллахад урт хугацааны их зам хүлээж байна. Амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаа” гэв.
Хоёр орны хоорондын шинэ хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийг бэлтгэж байгааг Элчин сайд уулзалтын үеэр мөн онцолж байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Японы Цог жавхлант Эзэн хаан, түүний гэр бүлийнхэн Монголд маш сайн ханддаг. Бид ойр дотно харилцаатай байдаг. Манай өндөр дээд хэмжээний төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж байдаг нь их хүндэтгэл юм гэж харж байгаа. Энэ харилцааг бид үнэлж, их талархаж явдаг гэдгийг та уламжлаарай. Цог жавхлант Эзэн хаанд эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсч байна. Эзэн хааны гэр бүлийнхний Монголд хүрэлцэн ирэх урилга байнга нээлтэй байдаг.
Ш.Абэ Ерөнхий сайдтай өнгөрсөн 9 дүгээр сард, НҮБ-ын Ассамблейн үеэр хамгийн сүүлд тааралдсан. Тэр үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын талаар ярилцсан. Ш.Абэ Ерөнхий сайдын явуулж байгаа бодлого, ялангуяа бүс нутгийн энх тайвны талаарх санаачилгатай бид сэтгэл нэг байдаг” гээд Элчин сайд Такэнори Шимизүгийн дараагийн ажилд амжилт хүсч, сайн сайхныг хүсэн ерөөв.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих