Тэнүүн талыг там болгож, тэнд бэлчих зээрийн сүргийг дайжуулж буйг хүн бүр л мэдэж байгаа. Мэнэнгийн уудам талаас 1990-ээд оны эхээр газрын тосны арвин их нөөц илэрч, анхны Төрийн тэргүүн маань дээлээ мялааж байсныг одоо ч уншигчид мартаагүй. Өдгөө БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Петро Чайна дачин Тамсаг” гэх компани хэвлий дэх баялгийг нь ховх сорон, өдөр шөнөгүй зөөж буйгаас болж байгаль орчин нь сүйдэж, ан амьтан нь ч үргэн дайжсан тухай хэл ам өчнөөн байдаг.
Түүгээр ч зогсохгүй "Петро Чайна дачин Тамсаг” ХХК-ийн хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчинд хохирол учирч, нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтойгоор зөрчигдсөн үндэслэлээр тус компаниас нөхөн сэргээлт явуулах зардалд 1.3 тэрбум төгрөг гаргуулах шийдвэр шүүх гаргаж байсан удаатай. Түүнийгээ ч тус компани төлсөн.
ГАЗРЫН ТОС ОЛБОРЛОГЧИДТОЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭГ ӨӨРЧЛӨХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ
Тус компанитай манай Засгийн газар Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан гэдэг ч энэ баримт бичгийг эргэж харах зайлшгүй шаардлагатай болжээ. Манай улстай Бүтээгдэхүүн хуваах гэрээгээрээ халхавчлан Монголын хуулийг харийн компаниуд дорд үзэж, бид хохирсоор байх уу. "Петро Чайна дачин Тамсаг” компанийн хувьд манай улстай анх 1993 онд гэрээ хийсэн гэдэг.
Гэхдээ яг тус компани байгуулсан уу гэвэл үгүй. "Монгол газрын тос” компанийн ерөнхий захирал Д.Сэнгээ, АНУ-ын "Соко Монгол инк” корпорацын Ерөнхийлөгч Эдуард Т.Стори нар 1993 оны гуравдугаар сарын 29-ний өдөр байгуулсан байдаг юм. 25 зүйл, 95 хуудас уг гэрээнд зааснаар 60:40 гэсэн зарчмаар бүтээгдэхүүнээ хуваахаар тусгасан байдаг. 20 гаруй жил хэрэгжиж буй энэ гэрээг өөрчлөх шаардлага зайлшгүй байна. Харин Хятадын тал үүнийг нь үл ойшоож байгаа нь мэдээж тэдний талд ашигтай нөхцөл байдал тус гэрээнд байдагтай холбоотой.
...АНУ-ын "Соко Монгол инк” корпорацтай манай Засгийн газрын байгуулсан гэрээг олон улсын гэрээ гэж тооцоход хэцүү. УИХ-аар хэлэлцүүлж батлуулаагүй, зөвхөн Засгийн газар хувийн компанийн хооронд л байгуулсан зүйл. Тиймээс манай талын санаачилгаар Бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчлөх боломж байгаа...
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй хүмүүс Дорнод аймагт өнгөрсөн есдүгээр сард ажиллах үеэрээ "Петро Чайна дачин Тамсаг” компанийн удирдлагуудтай уулзсан. Энэ үеэр Ерөнхий сайд "Бүтээгдэхүүн хуваах гэрээг өнөөгийн хууль, эрх зүйн орчинд нийцүүлж өөрчлөх шаардлага бий. Аль аль талдаа ашигтай байх хувилбарыг сонгохоос биш, хэн нэг нь давуу ашиг хүртэх тухай ойлголт байх ёсгүй” гэсэн билээ.
Харин тус компанийнхан "Бүтээгдэхүүн хуваах гэрээг цаашид тогтвортой үргэлжлүүлэх ёстой. 2014 онд шинээр баталсан Газрын тосны тухай хууль энэ гэрээтэй зөрчилдөж байна” гэсэн хэдий ч хуулийн яг ямар зүйл, заалт зөрчилдөж буй талаар тодорхой хариулт өгч чадаагүй. Гэрээ тогтвортой үргэлжлэх ёстой хэмээж байгаа нь мэдээж өөрсдийнхөө талд ашигтай байгаа учраас өөрчлөхгүй гэж буйн илрэл гэдэг нь тодорхой.
Тэд Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй хэрнээ манай талын тавьсан хууль зүйн үндэслэлтэй шаардлагыг эсэргүүцэж буйд төр засгийн зүгээс хатуухан хариу өгч, тэр гэрээ гээчээ яаралтай шинэчлэх хэрэгтэй байна.
ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР АВСАН 1.5 ТЭРБУМЫГ БУЦААЖ ӨГӨХГҮЙ ГЭЖ ЗҮТГЭЕ
Монголын баялгийг зөөж, манай экологийг доройтуулахдаа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, Хятадаас олноор нь хар ажилчин оруулж ирсэн аж. Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулснаас хойш 20 гаруй жил болоход манай талаас тус компанийн үйл ажиллагаа, нийгмийн даатгал төлж буй байдлыг нэг удаа ч шалгаж байгаагүй юм билээ.
Ингээд 2015 онд Нийгмийн даатгалын байгууллагаас шалгалт ороод 1.5 тэрбум төгрөгийн торгууль, нөхөн төлбөр, хүү, алдангийн хамт тавьсан юм билээ. Ийм нэг маргааныг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгчид өнгөрсөн долоо хоногт хэлэлцээд анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон.
Нийслэлийн нийгмийн даатгалын газраас "Петро Чайна дачин Тамсаг” ХХК-д 2015 оны тавдугаар сард шалгалт хийж, уг шалгалтаар "Нийгмийн даатгалын тухай хууль”-ийн 4.2, 16.1, 17.1, 32.1.1, 32.1.2 дахь хэсэгт заасныг зөрчиж 2013, 2014 онд гадаад ажилчдад олгосон 4.257.088.800 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 979.130.424 төгрөгийн шимтгэл төлөөгүйг илрүүлэн, 489.565.212 төгрөгийн алданги гээд нийт 1.468.695.636 (нэг тэрбум, 468 сая 695 мянга 636) төгрөг нийгмийн даатгалын санд төлүүлэхээр 2015 оны зургадугаар сарын 05-нд улсын байцаагчийн акт тавьсан аж.
"Петро Чайна дачин Тамсаг” ХХК-ийнхан улсын байцаагчийн актыг тухайн үедээ эсэргүүцээгүй, нотлох баримтаа гаргаж өгөхгүй байсан гэнэ. Уг нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу тус компанийнхан шүүхэд гомдол гаргах эрхтэй байсан ч хуулийн хугацаанд тийм гомдол гараагүй аж. Тиймээс Нийгмийн даатгалын байгууллагаас улсын байцаагчийн актыг баталгаажуулахаар Нийслэлийн нийгмийн даатгалын газраас 2015 оны арваннэгдүгээр сарын 25-нд тухайн үеийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргав.
Шүүх түүнийг нь хянаж үзээд 39395 дугаартай захирамж гарган улсын байцаагчийн акт хууль зөрчөөгүй гэж дүгнэн, шийдвэр гүйцэтгэх хуудас бичсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба "Петро Чайна дачин Тамсаг”-ийн дансыг битүүмжлэн 1.5 тэрбум шахам төгрөгийг нь авч Нийгмийн даатгалын санд төлүүлжээ.
Нэгэнт галт тэрэг хөдөлсний дараа тус компанийнхан мөнгөө алдах болсондоо тэр үү, зарга мэдүүлж, тухайн үеийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ рүү хүртэл бичжээ. Сайд ч , НДЕГ-ын дарга ч, Маргаан таслах зөвлөлийнхөн ч бүгд л "Улсын байцаагчийн акт үндэстэй байна” гэсэн хариу өгсөн байгаа юм.
Уг нь Бүтээгдэхүүн хуваах гэрээний 10.4 /i/-д "Гэрээлэгч болон оролцон гүйцэтгэгчийн гадаадын ажиллагсад нь Монгол Улсын Засгийн газраас ногдуулах орлогын татвар, аливаа нийгмийн даатгал болон ямар нэг улс төрийн байгууллагын татвар, хураамжаас чөлөөлөгдөнө” гэж тусгасан байгаа юм. Эндээс харахад "Петро Чайна дачин Тамсаг”-ийнханд ашигтай гэрээ. Тэд өнгөрсөн намар Ерөнхий сайдыг очиход "691 хүний 100 нь хятад, бусад нь монголчууд” хэмээн мэдээлж байсан.
Харин 2013, 2014 онд 2000-3000 мянган хятад ажилчин орж ирж ажилласан байдаг юм билээ. Тэдэнд тус компанийн толгой компаниас цалин олгож, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан гэж Хятадын тал тайлбарладаг юм билээ. Шүүх хуралдаанд ч "Хятадад байх толгой компаниас цалингаа аваад нийгмийн даатгалаа харьяа улсдаа төлж байгаа, нэг орлогоос хоёр нийгмийн даатгал үүсгэж буй нь хууль бус.
Гадаад ажилчдад байнгын ажлын байраар хангаж ажилладаггүй хоёр, гурван сар ажиллаж байгаад нутаг буцдаг” гэсэн байгаа юм. Ингэж ярьдаг атлаа нийгмийн даатгалын байцаагч "Түүнийгээ нотлох баримтаа авчирч өгөөч” гэхээр юу ч гаргаж өгдөггүй аж. Өөрөөр хэлбэл, Монголд ч, Хятадад ч нийгмийн даатгал төлөхгүй зугтдаг байж болзошгүй гэсэн хардлага төрүүж буй юм.
ТӨР ХЯТАДУУДАД ХУЛХИДУУЛАХАА ХЭЗЭЭ БОЛИХ ВЭ
Манай Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх ч дээрх компанийн нэхэмжлэлтэй "Монгол Улсад нийгмийн даатгал төлөхгүй” гэж зүтгээд байгаа хэргийг шийдэхдээ хэт өрөөсгөл дүгнэлт гаргасан нь хачирхалтай. Өөрөөр хэлбэл, шүүгч нар эх орноо гэсэн ямар ч сэтгэлгүй, түүний зэрэгцээ ямар ч нотлох баримтад тулгуурлалгүй энэ хэргийг шийдэж, Нийгмийн даатгалын санд авсан 1.5 тэрбумыг авах нь үндэслэлгүй гэсэн шийдвэр гаргачихав.
Уг нь шүүхийн шийдвэр таамаглалд тулгуурлаж болохгүй байх зарчимтай. "Петро Чайна дачин Тамсаг”-ийнхан "Хятадад байх толгой компаниас цалингаа аваад нийгмийн даатгалаа харьяа улсдаа төлж байгаа” гэж ярьсанд нь үндэслээд л хэргийг шийдсэн байгаа юм. Тэгж төлснөө нотлох ямар ч баримт хавтаст хэрэгт байхгүй юм билээ.
Дээд шүүх харин нотлох баримт дутуу байгааг нь олж хараад анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ. Одоо анхан шатны шүүхэд тус компанийнхан хуурамч нотлох баримт бүрдүүлж өгөхийг байг гэхгүй. Хулхи юм хийхдээ ч сайн улсууд шүү дээ.
"Петро Чайна дачин Тамсаг” компанийнханд Монголын төр засаг, түшээд хулхидуулж хашрахгүй юм даа. УИХ-ын даргаар З.Энхболд ажиллаж байхдаа 2012-2013 оны өвөл тус компанийн үйл ажиллагаатай танилцсан. Энэ үедээ "Замаа барьж, байгаль орчинд учруулсан хохирлоо барагдуулахгүй бол тээвэрлэлтийг нь зөвшөөрөхгүй” гэж мэдэгдэж байв. Түүнээс өмнө Н.Алтанхуяг, С.Батболд нар Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа очоод мөн байгаль орчныг нөхөн сэргээх шаардлага тавьж л байсан.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өмнөх Парламентын Өргөдлийн байнгын хорооны дарга байхдаа ч тэнд очиж шаардлага гаргасан. Гэвч хулхидсаар л өдий хүрлээ. Дээрх төрийн түшээдийн тавьсан шаардлага бол зам тавих. Уг нь Бүтээгдэхүүн хуваах гэрээнд тусгаснаар Баянхошуу боомт хүртэл 90 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 210 км зам барьж, 2013 оны есдүгээр сард дуусгахаар тусгасан.
Түүнийгээ 2014 оны аравдугаар сарын 31-нд ашиглалтад оруулна гэсэн ч өнөөг хүртэл таг чиг. Засгийн газартай гэрээ хийсэн гээд аймаг, орон нутгийн захиргаа, байгууллагуудын шаардлагыг үл тоодог энэ компанийнхан нефть тээвэрлэх явцдаа 31 салаа зам Мэнэнгийн талд гаргаж, экологийн доройтолд оруулсан тухай мэдээлэл цацагдаж байсан билээ.
Тус компани гүний ус ашигласны, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр зэрэг манай хуульд тусгасан төлбөрүүдийг төлдөггүй бөгөөд түүний талаар ярихаар л Засгийн газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан гэх үгээр ам таглаж, хойш суусаар Монгол Улсын баялгийг цөлмөсөөр байгааг бид харсаар суух уу. Тус компани 1.5 тэрбум төгрөгийнхөө төлөө манай Засгийн газрыг Олон улсын арбитрын шүүхэд өгнө гэж буй сурагтай.
"Петро Чайна дачин Тамсаг” компанийнхан хувьцааг нь худалдан авсан гэдэг АНУ-ын "Соко Монгол инк” корпорацтай манай Засгийн газрын байгуулсан гэрээ олон улсын гэрээ гэж тооцоход хэцүү. УИХ-аар хэлэлцүүлж батлуулаагүй, зөвхөн Засгийн газар хувийн компанийн хооронд л байгуулсан зүйл. Тиймээс манай талын санаачилгаар Бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчлөх боломж байгаа.
Харин манай эрх мэдэлтэй, Газрын тосны салбарын төрийн албан хаагчид (түшээд ч байж болзошгүй) тэнд хэд хэдэн машинаа явуулж, нефть зөөлгөдөг учраас гэрээг өөрчлөх, шинэчлэх тал дээр хүч гаргадаггүй гэсэн яриа байдаг. Хувь хүний эрх ашгаас дээгүүр улсын эрх ашиг байх ёстой шүү дээ. Тиймээс хэдхэн хүнээс шалтгаалж гэрээг улсдаа ашиггүй байлгаж буй энэ даварсан явдлыг даруй өөрчлөх нь чухал байна. Цаашид бид газрын тосны бусад компанитай байгуулсан гэрээнээс болж Монгол Улс хэрхэн хохирч буй талаар сурвалжлан мэдээлэх болно.
unuudur.mn
http://unuudur.mn/article/92513
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих