Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт байрлах Бичигтийн боомтын ойролцоо олон адуу үхсэн бичлэгийг нэгэн иргэн цахим хуудастаа нийтэлсэн нь олны анхаарлыг татсан юм.
Адууг хилээр амьдаар нь гаргахыг өнгөрсөн сард хориглосон боловч хилийн боомтууд дээр адууг машины тэвшин дээр олноор нь ачиж, хилээр гаргахаар удаан хугацаанд өл хоолгүй тарчлааж байгаагаас үүдэн олон тооны адуу үхсэн аж.
Энэ талаар ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгээс тодрууллаа.
-Олон адуу үхсэн бичлэг нэлээн асуудал дагуулж байна. Энэ тал дээр тайлбар өгөөч?
-Адуу экспортод гаргах гэж байгаа зарим хүмүүсийн болчимгүй үйлдлүүдийг харуулсан бичлэг олон нийтэд тархсан. Энэ бичлэгүүдийг шалгаж үнэн зөвийг тогтоох болно. Тиймээс сүүлийн үед үүсч байгаа нөхцөл байдлаас шалтгаалан тодорхойгүй хугацаагаар адууг амьдаар экспортлохгүй байх шийдвэр гаргасныг албан ёсоор мэдэгдлээ. Бичигтийн Боомт дээр байгаа 800 гаруй тооны адууг буцаан татах шийдвэр гаргаж, холбогдох байгууллагад үүрэг өгсөн.
-Мал амьтныг ачиж тээвэрлэх журам байдаг уу?
-Мал амьтныг хуурай газраар тээвэрлэх журам гэж бий. Мал амьтныг тээвэрлэхдээ бэртээхгүй, гэмтээхгүй, шахаж унагахгүй, дулааны улиралд тээвэрлэх, зэрэг журмыг баримтална. Дэлхийн мал эмнэлгийн байгууллагаас гаргасан мал амьтны тавлаг байдлын тухай зөвлөмж бий. Дэлхийн мал эмнэлгийн байгууллагын гишүүн улс орон үүнийг дагаж мөрдөх ёстой. Цаашид мах бэлтгэл, экспортлох асуудалд яамны зүгээс баримталж буй бодлогуудын нэг нь мал амьтныг амьдаар экспортлохыг зогсоох.
-Мах экспортод гаргах асуудалд ХХААХҮЯ ямар бодлого баримтан ажиллаж байгаа вэ?
-Үйлдвэрийн аргаар үйлдвэртээ бэлтгэж, олон улсын чанар стандартын шаардлага хангасан мах экспортод гаргахыг ХХААХҮЯ бодлого болгон ажиллана. Манай улсад хангалттай хэмжээний мах боловсруулах үйлдвэр бий. Эдгээр үйлдвэрүүд малаа бэлдэж, махаа чанартай сайн бэлтгэж чадвал экспортод гаргах боломж нь бүрэн нээлттэй байна. Яамны хувьд мах экспортод гаргах чиглэлээр ОХУ болон БНХАУ-д саналуудаа удаа дараа тавьж байгаа. БНХАУ-аас экспертүүд ирж Монгол Улсаас мах махан бүтээгдэхүүн худалдаж авах чиглэлээр үйлдвэрүүдийг атистатчилах, шалгалтыг явуулна. Өнгөрсөн 10 дугаар сард ОХУ-аас экспертүүд ирж үйлдвэрүүдийг шалгасан. Энэ сард багтаж мах экспортод гаргах шаардлага хангасан үйлдвэрүүдийн жагсаалтыг ирүүлнэ
Б.Анир
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих