Дэлхийд гайхагдах их баялагтай Өмнөговь
аймаг зөвхөн монголчуудын нутаг биш болжээ. Өдгөө энд олон тооны гадны
иргэд амьдралаа төвхнүүлж байна. Гэхдээ тэдний олонх нь хятадууд юм.
Сүүлийн үед энэ аймгийн тухай янз бүрийн сайн, муу сонин дуулдах болсон.
Сонсох нь, нэгэн цагт хамгийн зочломтгой, цайлган ард түмэн гэдгээрээ
алдаршиж асан өмнөговьчууд өдгөө энэ чанараа ор мөргүй гээжээ.
Өмнөговь яваад ирсэн хүмүүс заримдаа итгэмээргүй юм ярих юм. БНХАУ-тай хил залгаа Өмнөговь нь үлэмж хятаджиж байгаа гэнэ. Өмнөговийн малчид хятад хүргэнтэй болдог төдийгүй өмнөговьчуудын ярианы аялага нь ч Өвөр Монгол талдаа болж буй гэнэ. Гэтэл сая unen.mn сайтад өмнөговьчууд үнэхээр ийм хэмжээнд хүрснийг илтгэх мэдээ тавигджээ.
Өмнөговь аймгийн Гурван тэс суманд Сян Фин хэмээх зэгсэн сайн хятад малчин тодроод бэлчээр усаа харамлах шинжтэй байна гэнэ. Улаанбаатар болон бусад аймгаас ирсэн монголчуудыг ад үзэж хөөж туух өмнөговьчууд харин хятадуудынхаа өмнө хүлцэнгүй байх ажээ. Мөн хил залгаа Баянхонгор аймгийн Баянлиг суманд Вэй Лю хэмээх Мянгат малчин тодроод байгааг эх сурвалж хэлэв. Ингээд хятадууд Монголын хөдөө нутагт аль баялагтай газрыг нь лиценз нэрээр мэдэлдээ оруулахын зэрэгцээ мал сүргийг маань түм бумаар өсгөж, эзэн суужээ. Өмнөговь, Баянхонгорын сайн малчин Сян Фин, Вэй Лю нар удахгүй Төрийн ордонд бараалхаж, манай төрийн тэргүүнээс сайн малчны шагналаа гардан авах биз.
Гэтэл Монголын эрх баригчид дээрх байдлыг ихэд хөхиүлэн дэмжиж байна. Монголын парламент нь одоо Газрын тухай хуулиа шинэчилж, гадаад иргэд Монголд газар эзэмших, түрээслэх замаар эзэн суух боломжийг нээх шинэ хууль батлахаар зэхжээ. Харин УИХ-д зөвхөн ганц гишүүн л энэ хуулийн төслийг эсэргүүцэв. Энэ сарын 28-нд УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдэгдэл гаргаж, дээрх хуулийн төслийг буцаахыг шаардсан ба холбогдох газруудад албан бичиг хүргүүлснээ мэдээлсэн юм.
С.Ганбаатарын үзэж буйгаар, "Газрын тухай хуулийн төсөлд газар өмчлөлөөр дамжуулан хүний эрх зөрчих, баян ядуугийн ялгааг ихэсгэх, улмаар тусгаар тогтнолд заналхийлэх үндсийг тавихаар байна. Бэлчээр, малчдын өвөлжөө, хаваржаа зэргийг өмчлөх 14 заалт орсон. Газар өмчилж авсан иргэд, малчид, тариаланчид өмчөө барьцаанд тавих эрхтэй болно. Үүнээс үүдэж хэн мөнгөтэй нь тухайн газрыг худалдан авч, түрээслэх эрх нь нээлттэй болж… тусгаар тогтнол аюулгүй байдалд нөлөөлөхөөр нөхцөл үүсч байгаа” юм.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар "энэ хуулийг санаачлагч нь хуулиа татаж аваач” хэмээн шаардаж буй. Гэвч эрх баригчид болон "Шударга-Ёс” эвсэл олонхоор хүч түрэн Газрын тухай хуулийн төслийг батлах магадлал өндөр байна.
Ч.Номун
Эх сурвалж: www.gashuun.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих