
Өмнө нь бид та бүхэндээ Тасалгааны бэрсүүт жүрж тарьж, арчилах талаарх зөвлөгөөг хүргэсэн билээ. Харин энэ удаад амласан ёсоороо Ханборгоцой жимсийг үрслүүлэн тарих зааварчилгааг хүргэж байна.
Шинэ жилийн баярын ширээгээ амтат жимсээр чимдэггүй айл гэж бараг байхгүй биз ээ. Амтат жимсний тоонд ханборгоцой ч бас багтдаг. Ханборгоцойг бид идэхдээ орой хэсгийг нь тайраад шууд хог руу хаядаг. Гэвч тайрч авсан орой хэсгийг тарьж ургуулж болдог юм байна шүү туршаад үзээрэй, та бүхэн.
Дэлгүүрээс
ханборгоцой сонгон авахдаа залууг нь аваарай. Болц нь хэт ихэдсэн
ханборгоцойн навч нь зөөлөн болсон байдаг тул анхаараарай. Ханборгоцой
тарих гэж буй хүмүүст хэт болцтой нь хэрэггүй.
Гэртээ авчирсны дараа хурц хутгаар ханборгоцойн орой хэсгийг тайрч авна. Ёроолд нь жимсний үлдэгдлийг үлдээж огт болохгүй. Учир нь эндээс бидний үндэс гарч ирэх ёстой. Бүх жимсийг хусаж авсны дараа гадаргуу дээр жижиг цагираг маягийн дүрс үлдэх ёстой. Энэ үлдсэн цагирагаас бидний үрслүүлж ургуулах үндэс гарч ирэх юм. Доод талын навчнуудыг хоёр см хэртэй тасдаж аваарай. Үүний дараа та долоо хоног жимсээ хатаана.
Долоо хоногийн дараа та саваа бэлдэх хэрэгтэй. Ус сайн нэвтрүүлдэг хөрс бэлтгэх хэрэгтэй. Ус ихэдвэл ханборгоцой маань гэмтэх аюултай. За ингээд ханборгоцойн ишийг шороонд далд ортол буюу дээд талын навч хүртэл булаад хажуугаар нь шороогоор сайн чигжиж өгөөрэй.
Ханборгоцой халуун орны ургамал тул өдрийн турш наранд байлгах нь тохиромжтой. Гадаа болон гэрт байлгах температур нь нэмэх 16°дээш байлгах хэрэгтэй. Сэрүүн агаарт гадаа ч дотор ч удаан байлгавал ханборгоцой үхэх аюултай. Хөрсийг хэт нойтон биш чийглэг байлгах хэрэгтэй.
За одоо таньд ханборгоцойгоо хэрхэн ургахыг харах үлдлээ. Хоёр жилийн дараа гэхэд 80 см өндөр болсон байх болно. Удалгүй цэцэглэх хэмжээнд хүрч буй мөч ойртон ирж байна гэсэн үг. Хэрвээ ханборгоцойны навчин дундаас цэцэг гарч эхэлбэл таны ханборгоцой ургаж гарч ирэхийн дохио юм. Удалгүй ногоон боргоцой шиг зүйл гарч ирнэ энэ бол таны бяцхан ханборгоцой гарч ирж байгаа нь тэр. Ханборгоцойны маань тал хэсэг нь алтан шаргал өнгөтэй болонгуут та ургацаа хурааж аваарай.
Үүнээс гадна ханборгоцойг дээрхийн адил тайраад усанд хийж үндэслүүлж
болдог. Хоёр өдөр болоод л усыг нь заавал сольж байх хэрэгтэй. 20
хоногийн дараа үндэс нь цухуйж эхэлнэ.
Ургац авах хүртэлх хугацаа урт ч гэлээ халуун оронд ургадаг ханборгоцой жимсийг та өөрөө тарьж хүнсэндээ хэрэглээрэй.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих