ЛОНДОН./BBC/. Зажилдаг тамхи хадгалж байсных нь төлөө сэтгүүлч Худайберды Аллашовыг баривчилсан Туркменистан улсын эрх баригчдыг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /OSCE/ шүүмжиллээ.
Тус байгууллагын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгч Дунья Миятович мэдэгдэл хийж, сэтгүүлч Аллашовыг нэн даруй суллан, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангахыг Туркменистаны эрх баригчдаас шаардсан байна.
Х.Аллашов бол "Чөлөөт Европ” радио станцын ажилтан юм. Цагдаа нар гэрт нь дайрч ороод түүнийг зодож, гэр бүлийнхнийг нь гэрийн хорионд оруулсан байна.
Аллашов болон түүний ээжид "зажилдаг тамхи хууль бусаар хадгалсан” гэх үндэслэлээр ял тулгасан ажээ. Тус улсад ийм төрлийн тамхийг хориглосон боловч ард иргэд нь түүнийг өргөнөөр хэрэглэдэг байна.
Одоо дээрх хуулийн зүйл ангиар Аллашовыг 7 жил хүртэлх хугацаагаар шоронд хорьж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм.
Хүний эрхийг хамгаалагчид Туркменистан улсад хэвлэл мэдээллийн эрх чөлөө зөрчигдөж байгаад санаа зовниж байна. "Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагаас гаргасан хэвлэлийн эрх чөлөөний индексийн жагсаалтад тус улс 180 орноос 178-д бичигджээ.
Х.Сарнай
Эх сурвалж: "Монцамэ”агентлаг
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21281
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих