-ЗАСГИЙН ГАЗАР, УИХ-ЫН ТҮВШИНД УРД ХӨРШӨӨС ЭМЭЭЖ ЭХЭЛЛЭЭ-
Урд хөршөөс зээл яг авдгийн даваан дээр, гэрээ зурагдахад бараг бэлэн болсон үед Далай лам айлчилж, асуудлыг "будаа” болгосон талаар их багагүй цуурах болов. Үнэхээр ч шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн сарын 29-нд төмөр зам, хөнгөлөлттэй зээлийн асуудлаар урд хөршийн холбогдох албаны хүмүүстэй томоохон уулзалт хийхээр төлөвлөөд байсан. Энэ төрлийн хэд хэдэн уулзалтыг урд хөршөөс тодорхойгүй хугацаагаар хойшлуулсныг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил мэдэгдсэн билээ.
Далай ламыг айлчлахаас өмнө нэг, айлчлалын хугацаанд хоёр, нийт гурван удаа урд хөршөөс манай улсыг таслан зогсоох арга хэмжээ авахыг сануулсан. Гадаад харилцааны яам бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавих үндэслэлтэй хэдий ч "Цэвэр шашны зорилготой айлчлал. Засгийн газар зохион байгуулаагүй” гэж мэдэгдэж, холбогдох журмын дагуу виз олголт хийгдсэн байдаг. Энэ хүртэл Засгийн газар ерөнхийдөө байр суурин дээрээ бат зогссон нь харагдаж байгаа юм.
Дээрхийн гэгээнтэн далай лам манайд ес дэх удаагаа айлчилсан. Шинэ үзэгдэл бас чиг биш тул асуудал тэгсгээд намжих үндэслэл ч байв. Хамгийн гол нь айлчлалын хугацаанд Аравдугаар Богдыг тодруулснаар, урд хөршийн "цөсийг хөдөлгөсөн” гэж болно. Үүн дээр нэмэгдээд Аравдугаар Богд нь УИХ-ын дарга М.Энхболдын ойрын төрлөөс тодорч, айлчлалын дийлэнх цагууд хэт нууц байдлаар өнгөрсөн хийгээд Богд тодруулах асуудлаар сөрөг саналтай лам нарыг Тагнуулын байгууллага шөнө дөлөөр байцаасан гэх мэдээллүүд нууц байдлаар хөврөх болов.
Энэ бүхнийг урд хөрш зүгээр хараад сууж чадаагүй нь ч тодорхой. Угаас Далай ламын хойт дүр тодруулдаг явдлын эсрэг урд хөрш сөрөг байр суурьтай байсаар ирсэн. Тэр тусмаа ердөө хоёр сар орчмын өмнө мөнгө зээлэх хүсэлт тавьж явсан хөрш орных нь парламентын тэргүүлэгчийн нэр энэ дуулиантай холбогдохоор нөгөөдүүл нь эргээд чаддаг зүйлээрээ тээг тавьсан мэт харагдаж буй юм.
Тэгэхээр манайхан ч бас юм бодож эхэлнэ ээ дээ. Тухайлбал, сүүлийн үед Далай ламд виз олгосон Япон дахь Монгол Улсын элчин сайдын яамны ажилтанг халсан тухай мэдээллийг хэвлэлүүд сөхөх болов. Түүнчлэн Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил манай улсаас Далай ламын тодруулсан аравдугаар Богд нь УИХ-ын дарга М.Энхболдын хамаатан садан, ач зээ нь биш гэсэн утга бүхий мэдээллийг өгсөн. Албан ёсоор хэвлэлийн хурал зарлаж хийсэн уг мэдэгдэл ч анхаарал татна. Ингэж засгийн газар, УИХ-ын түвшинд "айхгүй ч аягүй” гэгчээр урд хөршөөс эмээсэн нь харагдаж буйг үгүйсгэх аргагүй.
-МАН Ю.ЦЭДЭНБАЛААС СУРАЛЦАЖ, БАЙР СУУРИА ХАТУУ ХАДГАЛЖ ЧАДАХ УУ-
Эцсийн дүндээ бид тусгаар улс. "Айчлалын үеэр Аравдугаар Богд нь тодроо л биз. Тэгээд яадаг юм” гэх өнцөг олон нийтийн сүлжээнд хөвөрч байна. Үүнтэй зэрэгцээд гадны хэвлэлүүд, нэр хүндтэй шинжээчид Далай ламын айлчлалыг засгийн газрын зүгээс "Цэвэр шашны шинжтэй” хэмээн тодорхойлж, байр сууриа хатуу хадгалсныг сайшаасан юм. Улмаар айлчлалын дараа харилцан ашигтай хамтын ажиллагаа явуулах амлалтаасаа урд хөршийг буцаж, улстөрийн жинэхэнэ нүүр царайгаа илчлэв гэх утга бүхий мэдээллүүдийг онцолж байгаа билээ.
Ер нь урд хөрштэй хийх тодорхой хэлэлцээрүүд амархан байдлаар өрнөж байгаагүй. Энэ нь тухайн үеийн удирдагч, нөлөө бүхий хүмүүсийн чигч шулуун бодлогоос шууд хамааралтай байсныг ч бид бэлхнээ мэднэ. Гэхдээ нөхцөл байдал эвгүйтэж эхэлсэн энэ үед засгийн газрын зүгээс бага зэргийн буултаа улам гүнзгийрүүлэх үү, эсвэл анхны байр сууриа хэвээр хадгалах уу гэдэг нь сонин байгаа юм.
Саяхан "China File" сайтад .... судлаач Сергей Радченко "Хятадын бодлогыг хэрхэн сөрөхийг Монголоос асуу”гэсэн утга бүхий нийтлэл байршуулсан нь бидэнд бас нэг талын сэрүүлэг болов. Монголын удирдагчдын яв цав, үнэнд нийцсэн байдлаар Хятадын бодлогыг сөрж байсан жишээг Сергей Радченко онцлохдоо Ю.Цэдэнбал агсны 1962.12.25-27-ны өдрүүдэд үргэлжилсэн БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Чжоу Энь-лайтай хийсэн уулзалтыг тухайлан дурдсан юм.
Гурван өдрийн турш үргэлжилсэн тус уулзалтаас Ю.Цэдэнбал Хятадаас эдийн засгийн дэмжлэг авах, ажиллах хүчин нэмэх асуудлаар тохиролцоонд хүрэхийг зорьсон ч үр дүн нь амжилтгүй болсон байдаг. Уулзалтын эхний хоёр өдөр улс хоорондын хамтын ажиллагааны ойлголцолд чиглэж байсан бол гурав дахь өдөр нь Ю.Цэдэнбал, тухайн үеийн БНХАУ-ын ерөнхий сайд Чжоу Энь-лай нар улстөрийн үзэл баримтлалаараа зөрчилдөхөд хүрчээ.
Тайлбар: Ю.Цэдэнбал, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Чжоу Энь-лайтай хийсэн уулзалтын нууц протоколын хэсгээс /1962.12.25-27-ны өдөр/
Протколыг эндээс татаж үзнэ үү
Тиймээс ч 1962.12.27-ны өдрийн уулзалтын тэмдэглэлийг тухайн үедээ "Маш нууц” ангилалд оруулж, хав дарж өнгөрөөсөн байна. Тус тэмдэглэлийг судлаач Сергей Радченкогийн нийтлэл гарсны дараа манай хэвлэлүүд бүрэн эхээр нь дэлгэсэн юм. Тэмдэглэлийг Монгол Улсаас Хятад улсад сууж байсан Элчин сайд Дондогийн Цэвэгмид хөтөлсөн бөгөөд тэдний яриа улам ширүүсч эхлэхэд хоёр сайд бие биеэ цохиод авах нь хэмээн тэрээр бодож байснаа тэмдэглэлд дурдсан нь анхаарал татна.
Тухайн үеийн БНХАУ-ын ерөнхий сайд Чжоу Энь-лайг ихэд уурлан, сандал дээрээсээ үсчин босоход хүргэсэн маргааны гол сэдэв нь, урд хөршийн зүгээс нэмж манай улсад оруулж ажиллуулах 8 мянган ажилтнууддаа зориулж хятад хэл дээр Хятадын комунист намын мэдээг нийтлэх сонин гаргах, цаашлаад манай хэвлэлүүд намынх нь үзэл баримтлалыг нийтлэхгүй байгаад шүүмжлэлтэй хандсан явдал байсан аж.
Энэ талаарх маргаан удтал үргэлжилжилсний эцэст Ю.Цэдэнбал "Хятадын коммунист нам орчин үеийн чухал асуудлуудаар зөв биш чиг шугам баримталж байгаа гэдгийг намуудын зөвлөлгөөнөөр шүүмжилсэн. Түүний дотор манайх ч шүүмжилсэн. Тэр шүүмжлэлээ бид зөв гэж үзэж байна. Хятад ажилчдыг ажиллуулах нөхцөл болгож манай нам үзэл суртлаасаа ухарч чадахгүй юм" гэж үзэл баримтлалтаа бат хамгаалсан нь тэмдэглэлд үлджээ.
Харин Чжоу Энь-лайгийн "Найрамдалт харилцааны үндсэн дээр танайд туслахын тулд манайх ажилчид явуулж байна. Гэвч танайд явуулж байгаа улс төр, үзэл суртлын асуудлын талаар бидэнд тохирохгүй зүйл байна. Хятадын коммунист намыг шүүмжилсэн зүйлийг уншихдаа тэд дургүйцдэг” гэсэн байр суурийг Ю.Цэдэнбал хүлээж авахаас эрс татгалзсан байдаг.
Энэ мэтээр маргаан өрнөж, Чжоу Энь-лай "Та надад заагаад байна. Би үүнийг хэрхэвч тэвчихгүй”гэхчлэн асуудлыг гүнзгийрүүлсэн ч эцсийн дүндээ ажиллах хүчин авах асуудлаар шийдэлд хүрэхгүй бол яриагаа өндөрлүүлье гэсэн Ю.Цэдэнбал даргын суудлаасаа өндийлтөөр хэлэлцээр төгсжээ. Энэ нь үзэл санааны хувьд Ю.Цэдэнбал хатуу зогсож, асуудлыг хэт гүнзгийрэхээс өмнө таслан зогсоосон гэх дүгнэлтийг өгөхөд хүргэж буй юм.
Энэ уулзалтаас гарсан үр дүн нь мэдээж эдийн засгийн хувьд манайд ашигтай байгаагүй. Хятад ажилчдаа бүтээн байгуулалт өрнүүлэх чухал хэрэгтэй үед буюу 1964 он бүрэн татан авч, Ю.Цэдэнбал ч манайх тусгаар улс. Улстөрийн намын бодлогын хувьд ч тэр бие даасан шинжээ хадгална гэсэн байр сууриа хадгалсан байдаг. Гэлээ гээд, манай улс тэг зогсолт хийгээгүй. Хэдийгээр 1960 оны өнөө үетэй харьцуулшгүй боловч бидэнд басхүү ийм хатуу байр суурь, эдийн засгийн хувьд нэг улсаас хэт хараат болохгүй байх нэн чухал шаардлага буйг сануулууштай.
Ж.МЯДАГБАДАМ
http://medee.mn/main.php?eid=86627
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих