Цаг гаруй үргэлжилсэн шүүх хуралд шүүгдэгч, хохирогч нарын өмгөөлөгчид хүсэлт гаргаснаар шүүх хурлыг энэ сарын 21-н хүртэл хойшлуулсан. Ингэхдээ өмгөөлөгчид хавтаст хэрэгтэй бүрэн танилцах боломж олгох, мөн тодорхой нэр бүхий гэрчүүдийг дараагийн хуралдаанд хүрэлцэн ирүүлэхийг хүсчээ. Нэр бүхий гэрчүүдийн талаар тодруулахад шүүхийн ажилтан Л.Мөнхтуяа "Хэрэг төрийн нууцад хамааралтай хаалттай учраас ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм.
Тэгвэл нэр бүхий гэрчүүд гэж хэн бэ?
С.Зориг агсаныг амиа алдахад хажууд нь байсан цор ганц хүн бол Б.Булган. Эл хэргийн цорын ганц амьд гэрч болох Д.Булган хэрэг гарсных нь дараа мэдүүлэхдээ эрэгтэй, эмэгтэй хоёр хүн С.Зоригийн аминд хүрсэн гэж мэдүүлж байжээ. Хэрэг гардаг шөнө С.Зориг агсан эхнэр Б.Булган руугаа одоо очлоо хэмээн залгасан. Улмаар Б.Булган хаалга тайлахаар онгойлгох үед хүйтэн мэстэй этгээдүүд Б.Булганыг угаалгын өрөөнд оруулж хүлж орхиод С.Зориг агсныг гэртээ ирэхэд нь аминд нь хүрсэн гэж тухайн үед хэвлэлээр мэдээлж байсан аж.
Тэгэхээр өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтэд дурдагдаад буй нэр бүхий гэрчүүдийн нэг нь яах аргагүй Б.Булган болж таарч байгаа юм. Тэрбээр эл хэргийн цор ганц амьд гэрч юм.
Харин дараагийн нэг хүн нь Э.Бат-Үүл бололтой. Учир нь С.Зориг агсныг амиа алдсан шөнө хэргийн газраас Э.Бат-Үүлийн малгай олдсон талаар тухайн үеийн хэвлэлүүдээр бичиж байв. Энэ тухай Э.Бат-Үүл "Би тэнд очихдоо малгайтай очоод гарахад нь гэрт нь малгайгаа орхисноо орцных нь үүдэнд ирээд санасан" гэж Өдрийн сонины 1999 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн дугаарт ярилцлага өгөхдөө хэлж байжээ. Түүний малгайны асуудлаас болж, Э.Бат-Үүлийг хэдэнтээ шалгаж байсан гэдэг. Хамгийн сүүлд тэрбээр өнгөрсөн есдүгээр сард мэдээлэл хийж "намайг С.Зоригийг зэрлэгээр хөнөөсөн гэх хэрэгт яллагдагчаар татаад байна. Сонгууль бүрт миний тойрог дээр Э.Бат-Үүл С.Зоригийг алсан гэх мэдээлэл л явсан. 2000 оны сонгуулиар МАН маш том ялалт хийж, найман сард намайг хийгээгүй хэргийн төлөө Ганц худагт хорьсон. Хүнд гар ч хүрээгүй байхад зодсон гэх үндэслээр шууд хорьсон тул миний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Прокурор хүчингүй болгосон чинь намайг яллагдагчаар татсан. Ингэж гүжирдсээр ирсэн билээ" хэмээн мэдээлэл хийж байсан юм.
Яллагдагчаар татагдлаа хэмээн мэдээлэл хийж байсан ч тэрбээр энэ удаагийн шүүх хуралд ороогүй. Мөн түүний хэрэг юу болсон талаар хуулийнхан мэдээлдэггүй. Тайлбар ч өгдөггүй юм. Учир нь С.Зориг агсны хэрэг "төрийн нууц"-д хамааралтай гэх тайлбараа хийдэг.
Юутай ч Б.Булган бол энэ хэргийн цор ганц гэрч. Харин Э.Бат-Үүлийг хэргийн газар орхисон малгайтай нь холбогдуулан хэргийн гэрч гэж үзэн гэрчээр дуудсан байж болзошгүй.
С.Зориг агсны шүүх хурал энэ сарын 21-нд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид болно.
Б.Анир
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих