ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Япон улсад айлчлан, тус улсын Хонсю арал дахь Ямагүчи мужийн Нагато хотод Ерөнхий сайд Шинзо Абэтэй дээд хэмжээний уулзалт, хэлэлцээ хийв. Хоёр өдрийн айлчлал үр дүнтэй болно хэмээн найдаж буйгаа В.Путин илэрхийлжээ. Тэд өнөөдөр Токио хотод хэлэлцээгээ үргэлжлүүлнэ.
Энэ удаагийн хэлэлцээ нь найрамдлын гэрээ байгуулах асуудлаарх яриа хэлэлцээг эрчимжүүлж, Оросын мэдэлд байдаг боловч Япон улс газар нутгийнхаа салшгүй хэсэг хэмээн үздэг дөрвөн аралтай холбоотой маргааныг шийдвэрлэхэд тус дөхөм болно гэж Ш.Абэ найдаж байна. Японы Засгийн газар Хабомай, Шикотан, Күнашир, Ипүрүп гэсэн дөрвөн арал буюу Курилын арлуудыг Дэлхийн II дайны дараа Зөвлөлтийн цэргүүд хууль бусаар эзлэн авсан гэж үздэг.
Ш.Абэ болон В.Путин нийтдээ 16 дахь энэ онд дөрөв дэх удаагаа уулзаж байна. В.Путин хамгийн сүүлд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2009 оны тавдугаар сард Япон улсад айлчилж байв. Харин Ерөнхийлөгчийн хувиар 11 жилийн өмнө Японд айлчилсан юм. Ямагүчи муж бол Ш.Абэгийн өвөг дээдсийн төрөлх нутаг.
Газар нутгийн маргааны асуудлын тухайд тус хоёр улс санал зөрөлдөөнтэй хэвээр байна. Дээд хэмжээний уулзалтын өмнө хоёр талын ГХЯ-ны төлөөлөгчид уг асуудлаар хэлэлцээ хийсэн билээ.
Үүний сацуу Япон болон ОХУ-ын Засгийн газрууд 2018 оныг хоёр улсын Соёлын жил болгохоор төлөвлөж байгаа тухай "Asahi” сонин мэдээлжээ. Энэ төлөвлөгөөг дээрх айлчлалын үеэр албан ёсоор танилцуулах аж. Өнгөрсөн тавдугаар сард Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн дэвшүүлсэн хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны төлөвлөгөөний найман чиглэлийн нэг нь соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудал байв.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих