Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар Монголын үндэсний сурын холбооны 2016 оны буюу бичин жилийн "Шилдгийн шилдэг байгууллага”-аар шалгарлаа. Монголын ард түмний хийморь сүлд, ид хав оршсон үндэсний их бахархал, үнэт өв болсон үндэсний сурын харвааны спортыг хөгжүүлэхэд орон нутагтаа хийж, хэрэгжүүлсэн ажлыг ийнхүү үнэлжээ. "Шилдгийн шилдэг байгууллага” өргөмжлөлийг Монголын Үндэсний сурын холбооны "Эрхий мэргэн-2016” арга хэмжээний үеэр аймгийн Засаг даргад М.Бадамсүрэнд гардууллаа.
Дорнод аймгийн Үндэсний сурын холбоо нь аймгийн ЗДТГ-тай хамтран 2016 онд аймгийн хэмжээнд эрийн гурван наадмыг тэгш сайхан зохион байгуулсан. Үүний дүнд аймгийн хэмжээнд 7 дугаар сарын 15-ны өдрөөс 7 дугаар сарын 21-ны өдрүүдэд Тулгар төрийн 2225, Их монгол улсын 810, ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн үндэстэн ястны онцоглоос хамааран буриад харваа, түнх харваа, үндэсний сурын харваанд давхардсан тоогоор 641 харваачид оролцжээ.
Дорнод аймгийн Үндэсний сурын холбоо нь анх 1960 онд сурын товчоо нэртэйгээр байгуулагдаж байсан түүхтэй. Өдгөө холбооны тэргүүнээр аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат ажиллаж байна. Өвөг дээдсээс уламжилж ирсэн өв соёл, зан заншил ёс суртахууныг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх, харваачдын эгнээг эрчимтэй нэмэгдүүлэх эрийн гурван наадмыг аймгаараа тэгш сайн зохион байгуулсан анхны аймаг болох зорилгоор Монгол нум сум хөтөлбөр боловсруулан аймгийн ИТХ-аар батлуулан ажиллаж байна. 2014 онд сумдын сурын холбоог материаллаг баазаар хангах зорилгоор 13 суманд тус бүр 3 нум 15 ш сумтай Үндэсний сурын хасаа сур, буриад сур, Барга үндэсний түнх харвааны бай, Үзэмчин сурын бай, Байт сурын бай зэрэг нийт 5 төрлийн 55 байг нийлүүлжээ. Манай харваачдын амжилтын буухиа үргэлжилсээр байгаа. Буриад сурын харваанд 64 сумнаас 64 онож түүхэн дээд амжилт тогтоон улсын баяр наадмаар 3 удаа түрүүлж улсын гоц мэргэний болзолыг Баяндун сумын харъяат харваач Ойдовын Сүхбаатар ханган биелүүлсэн билээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих