"Хилийн манаанд гарахдаа бид хэн бүхнээс түрүүлж мандах нарыг хардаг. Жаргах нарыг ч бас хардаг. Тийм болохоор хилчний амьдрал маш эрхэм, бахархалтай” гэж ярих гэрээт хилчин П.Дашлхүндэвийн яриа энэ удаагийн томилолтыг салхийг урамтайхан хагалав. Угаас цэргийн эрдэмд суралцсан нь илт цэгцтэй алхаатай, цаанаа өөрийн гэсэн часхийсэн бодолтой шар хүү. П.Дашлхүндэв Сэлэнгэ аймаг дахь Хилийн 243 дугаар ангийн Хутаг-Өндөрийн заставын гэрээт харуулын албаны дарга. Хутаг-Өндөрийн заставт түүний адил олон залуу гэрээтээр алба хааж байна.
Улсын хэмжээнд гэрээт цэргийн албанд шилжсэн хоёр заставын нэг нь Хутаг-Өндөр юм. Эднийх энэ жил 25 дахь жилтэйгээ золгож байгаа. Анх байгуулагдахдаа офицер, ахлагчийн бүрэлдэхүүнтэйгээр хилийн манааг гүйцэтгэж байсан бол одоо офицер, ахлагчаас гадна гэрээт болон хугацаат, энгийн ажилтантай өнөр бүл болоод байгааг заставын дарга, ахлах дэслэгч Т.Амгалан ярьсан юм.
"ГЭРЭЭТ ХИЛЧИД ХИЛ ХАМГААЛАЛТАД АХИЦ ДЭВШИЛ БОЛЖ БАЙНА”
Заставын байрнаас хэдхэн алхмын цаана ОХУ-тай хиллэсэн хилийн шугам харагдана. П.Дашлхүндэвийн ахалсан харуулын байрнаас бол нэг км гаруйн цаана ОХУ-ын тосгон холбосон төв зам өнгөрөх учир хилийн зөрчил гарах эрсдэлтэй бүс аж. Гэхдээ манай хилчид сонон сэрэмжтэй байдгаас хилийн зөрчил тэр бүр гардаггүй. Харин малчдын мал хилд тулж ирэх тохиолдол цөөнгүй гэнэ. Заставын дарга Т.Амгалан энэ тухай дуулгаад заставт хуваарилагдан ирж буй хугацаат цэргийн албаныхан гэрээт цэрэгт элсэх сонирхолтой болсныг онцлон хэллээ. Тэрээр "Хилчид ахлах, офицер болъё, мэргэжилтэй болж сургуульд суръя гэсэн зорилготойгоор гэрээт хилчний албанд элсч байна. Одоогийн байдлаар манайд есөн жилийн хугацаанд зургаан хүн ахлагч болоод албандаа ажиллаж байна. Гэрээт хилчдийн албанд өндөр боловсролтой залуус ирдэг. Энэ нь хил хамгаалалтад ахиц дэвшил гарахад нөлөөлж байна” гэлээ. Одоогоос есөн жилийн өмнөөс хугацаат цэргийн алба хаасан залуусыг тусгай сургалтад хамруулж, цэргийн албыг цалинтайгаар үргэлжлүүлэн хаах санаачлага Хил хамгаалах ерөнхий газраас гаргасан юм. Ингэснээр хилийн албанд сэтгэлтэй олон зуун залуус цалин орлоготойгоор албандаа зүтгэх болсон билээ. Гэрээт цэргээсээ гадаадын их дээд сургуульд суралцах боломж ч бий.
Энэ боломжийг ашиглаад гэрээт цэргийн албанаасаа ОХУ-ын Цэргийн дээд сургуульд суралцсан олон залуус хил хамгаалах байгууллагад ажилласаар байна. Үүний нэг нь Сэлэнгэ аймаг дахь Хилийн 243 дугаар ангийн хоёрдугаар заставын сургалт эрхэлсэн орлогч Ц.Энэрэлт. Тэрээр цэргийн хүн болохоор сэтгэл шулуудаж, элссэн сургуулиа дундаас нь орхин хугацаат цэргийн албанд морджээ. Албандаа нэр төртэй байсных хугацаанаасаа өмнө халагдсан гэнэ. Нэгэнт цэргийн хүн болохоор шийдсэн учир гэрээт цэргийн албанд шалгалт өгч тэнцжээ. Энэ албанаас түүний ажил, амьдралын гараа эхэлж зорилго, мөрөөдөл нь тодорхой болсныг тэрээр ийнхүү бахархан ярьж байна.
Ц.Энэрэлт: ГЭРЭЭТ ХИЛЧНИЙ АЛБА АМЬДРАЛЫН БАТАЛГААГ БИЙ БОЛГОСОН
/ Хилийн 243 дугаар ангийн хоёрдугаар заставын сургалт эрхэлсэн орлогч/
-Гэрээт цэргийн албан хаагч болсноор сурах, ирээдүйгээ тодорхойлох бүрэн боломж олгосон. Гэрээт хилчин байх үед гадаадад суралцуулдаг тухай сонсоод ОХУ-д суралцах зорилго тавьж шалгалт өгч тэнцсэн. 100 гаруй гэрээт хилчдээс 15-уулаа ОХУ-д суралцахаар болж байлаа. Ингээд 2011 онд ОХУ-ын Курган хотын Цэргийн дээд сургуульд элссэн. ОХУ-ын цэргийн сургуулиуд Монгол Улсаас гэрээт хилчдийг элсүүлэх сонирхолтой байдаг. Олон улс орноос ирж байгаа сонсогчид дундаас Монголын гэрээт хилчид цэргийн эрдэмд маш гарамгай байдгаараа давуу талтай. Сургуулиа нэр төртэй төгсч ирээд цэргийн албандаа офицерийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаадаа баяртай байна. Гэрээт хилчний алба миний амьдралд маш том баталгааг бий болгож өгсөн. Над шиг хүсэл сонирхолтой олон залуус бий. Хүн зорьж, тэмүүлж хичээж чадвал хил хамгаалах байгууллага олон боломжийг олгодог.
Б.Гэрэлмөнх: ХҮҮ МААНЬ ЭХ ОРНЫ ХҮҮ БОЛСОН БАЙСАН
/Ц.Энэрэлтийн ээж/
-Хүү маань жаахан зоргоороо зантай хүүхэд байлаа. Харин цэргийн алба хааснаас хойш өөр болсон. Эмх цэгцтэй, цаг хугацаатай ажиллаж чаддаг, ажлын гүйцэтгэл сайтай болсон. Ер нь товчхон хэлэхэд цэргийн байгууллага хүнийг ажил дээр ч, амьдрал дээр ч эмх цэгцтэй болгодог юм байна. Ёстой л аавынх нь хэлдгээр эх орны хүү болсон байсан. Хүү маань хүний зэрэгтэй хүн болсонд гэрээт цэргийн алба маш их нөлөөлсөн. Хүү маань нэгэнт цэргийн хүн болсных хоол цайг нь хийж өгөхөөр хил дээр хамт амьдарч байна. Олон аав, ээжийн хүүхдүүд цэрэгт татагдаж ирээд амьдралын ухааныг суралцаад буцаж байна.
Ц.Энэрэлт шиг цэргийн сургуульд элсч нэр төртэйгөөр суралцахаар, бас офицер бүрэлдэхүүнд багтах мөрөөдөл тээсэн олон залуус хугацаат цэргийн албанд бий. Тэдний дундаас зорилгоо биелүүлэн урагшилж яваа нь ч олон. Хутаг-Өндөрийн заставын харуулын байранд гэхэд П.Дашлхүндэв, Б.Мөнхбат нар өөрсдийн хүсэлтээр гэрээт албанд элсэн ажиллаж байна. Тэдний сэтгэгдлийг сонслоо.
Б.Мөнхбат:ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГАД ТАЛАРХАЖ БАЙНА
/ Хутаг-Өндөрийн заставын гэрээт харуулын дарга/
-Гэрээт цэргийн албанд эллсэндээ баяртай байна. Цалин орлоготойгоор алба хаана гэдэг том боломж. Энэ боломжийг олгосон хил хамгаалах байгууллагын бие бүрэлдэхүүнд талархаж байна. Гэрээтийн албанд элсэх боломж залууст нээлттэй гэдгийг хэлмээр байна.
П.Дашлхүндэв:ХИЛ ДЭЭР АЛБА ХААНА ГЭДЭГ ЭР ХҮНИЙ БАХАРХАЛ
/Хутаг-Өндөрийн заставын гэрээт харуулын дарга/
-Цэргийн хүн болохыг хүсдэг болохоор хугацаат цэргийн албанаас гэрээт цэрэгт элссэн. Цэргийн байгууллага хүний боловсон, эмх цэгцтэй болгодог. Хил дээр алба хаана гэдэг эр хүний бахархал. Хугацаат цэргийнхэн хил дээр алба хаахдаа сэтгэл өндөр, бахархалтай байдаг. Гэрээт албыг хаана гэдэг өөртөө маш том хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг. Энгийн амьдралд байсан бол ажил орлоготой байна гэдэг баталгаагүй. Харин гэрээт цэрэгт цалингийнхаа тодорхой хувийг хадгалаад, өөрөө ч хэрэглэж байна. Гэрээ дуусах үед амьдралын баталгаатай, энэ албандаа ч үргэлжлүүлэн алба хаах боломжтой болно. Цэргийн байгууллага, тэр дундаа хилийн цэргийг сонгосон нь их учиртай. Манаанд гарах хугацаандаа бид хамгийн түрүүнд мандах нарыг хардаг. Жаргах нарыг ч бас хардаг. Тийм болохоор хилчний амьдрал маш эрхэм. Монгол Улсын төлөө гэсэн хүсэл эрмэлзэл хил дээр байдаг юм болов уу гэж боддог.
Б.ЗАЯА
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих