Өргөдлийн байнгын хороо 2016 оны 12-р сарын 19 нд Ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлж буй "Үдийн цай” хөтөлбөрийн талаар иргэдийн ирүүлсэн өргөдлийн дагуу албан тушаалтнуудаас тайлбар авах танилцуулга зохион байгууллаа.
Танилцуулгад Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, гишүүн Н.Цэрэнбат, М.Оюунчимэг, М.Билэгт, А.Сүхбат, Ё.Баатарбилэг нар оролцов.
Танилцуулгыг нээж Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл үг хэлэхдээ "Өргөдлийн байнгын хорооны энэ удаагийн ээлжит танилцуулгаар "Үдийн цай” хөтөлбөртэй холбогдуулан иргэдээс ирүүлсэн өргөдөл, уг хөтөлбөрийг чанарыг сайжруулахтай холбоотой асуудлыг хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж тайлбар авахаар холбогдох албан тушаалтнуудыг ирүүлсэн байгаа” гэв.
Өргөдлийн байнгын хорооны энэ удаагийн танилцуулгаар,
-Аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын гал тогоог зориулалтын болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлэх, тоног төхөөрөмжийг шинэчлэх,
-Тогоочийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, орон тоог шийдвэрлэх,
-"Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотой сургуулиудыг шууд аж ахуйн нэгжтэй гэрээ хийдэг болгох,
-Аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын зориулалтын гал тогоо, тоног төхөөрөмжтэй цайны газрыг сургуулийн өмчлөлд шилжүүлэх,
-Сурагчдын үдийн цайг эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнээр бэлтгүүлэх,
-"Үдийн цай” хөтөлбөрийн хяналтыг сайжруулах зэрэг асуудлыг шийдвэрлэхийг Байнгын хорооны дарга мэдэгдлээ.
Дараа нь өргөдөл гаргасан иргэн Д.Пүрэв-Очир, Б.Алтанцэцэг нар товч үг хэллээ. Тэд "Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтыг хууль бус явуулж, бизнес болгож буйг зогсоож, сурагчдад үдийн цайнд эрүүл ахуйн шаардлага хангахгүй хүйтэн ус, ундаа өгдөг зөрчлийг арилгах арга хэмжээ авна уу” гэсэн.
Үүний дараа Өргөдлийн байнгын хорооны гишүүд албан тушаалтнуудаас асуулт асууж, тайлбар авлаа.
Байнгын хорооны гишүүн Н.Цэрэнбат "Сурагчдад өгдөг үдийн цай хот, хөдөөгүй эцэг эхчүүдийн анхаарлыг татаж буй асуудал. Өмнө нь сургуулиуд бие даан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулаад бүтээгдэхүүн нийлүүлж авдаг байсныг болиулаад Нийслэлийн өмчийн харилцааны газар хариуцдаг болсноос хойш ямар ахиц, дэвшил гарсан бэ” гэж асуулаа. Энэ асуултад Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан хариулсан. Тэрбээр "Сургуулийн захирлуудыг аж ахуйн асуудлаас хөндийрүүлж, сургалтдаа анхаарах зорилгоор тендерийг Өмчийн харилцааны газар хариуцахаар асуудал яригдсаны дагуу хариуцдаг болсон” гэх тайлбар өглөө.
Дараа нь УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, М.Билэгт нар саналаа хэлсэн.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хэлсэн үгэнэдээ "Бодит байдлыг нийслэлийн тавдугаар сургуульд очиж үзсэн. Бүтээгдэхүүн нийлүүлэх тендерийг Нийслэлийн өмчийн харилцааны газар хариуцах шаардлагагүй болов уу гэж бодож байна. Хүнсний бүтээгдэхүүнээс болж хүүхэд хордлоо гэх мэт асуудал гарахад сургуулиуд хариуцлага үүрдэг. Тиймээс сургуульд нь аж ахуйн нэгжтэй гэрээ хийх эрхийг өгөх нь зөв” гэлээ.
Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл сургуулиуд очиж ажилласан гишүүдтэйгээ санал нэг байгаагаа илэрхийллээ. Учир нь Нийслэлийн өмчийн харилцааны газар бүтээгдэхүүн нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, сургууль түрээслэгч, Өмчийн харилцааны газар гэсэн гурван талт гэрээ байгуулсан ч эдгээр байгууллагуудын уялдаа холбоо сул, захиалагч болох Өмчийн харилцааны газрын хяналт бодит байдалд байхгүй, бүтээгдэхүүний чанарт явцад нь анхаардаггүй, сургуулиуд дан бэлэн бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэгчээс авдаг нь эрүүл ахуйн шаардлага хангадаггүй зэрэг сөрөг талтай болохоор сургуулиудад тендерийн эрхийг буцааж өгөхийг дэмжиж буйгаа хэлсэн.
Танилцуулгын төгсгөлд "Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ сургуулиуд аж ахуйн нэгжтэй бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг шууд хийдэг болох санал гаргаж, уг саналаа Өргөдлийн байнгын хорооноос Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих