Улсын Их Хурлын Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороод өчигдөр /2016.12.21/ 14 цаг 32 минутаас 61.8 хувийн ирцтэйгээр хамтран хуралдаж, Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Нямдорж танилцуулсан юм.
Ажлын хэсэг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцдаа төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед гишүүдээс гаргасан саналыг судалж нягтлан хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 38, уг хуулийн төслийг дагалдуулж өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдинй талаар зарчмын зөрүүтэй 2 саналын томьёолол бэлтгэсэн байна.
Ингээд ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Н.Учрал, Б.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Т.Аюурсайхан нар асуулт асууж тодруулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Б.Пүрэвдорж, Д.Цогтбаатар, Н.Оюундарь, Б.Дэлгэрсайхан, Ц.Цогзолмаа, Г.Занданшатар нар үг хэлж байр сууриа илэрхийлсний дараа ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжлээ.
Тухайлбал, ажлын хэсгийн саналаар хуулийн төслийн 3.1.3 дахь заалтыг "гэрээт хилчин" гэж хугацаат цэргийн алба хаасны дараа сайн дурын үндсэн дээр гэрээгээр цэргийн жинхэнэ алба хааж байгаа иргэнийг, төслийн 3.1.17 дахь заалтыг "хилчин" гэж хилийн цэрэгт алба хааж байгаа цэргийн жинхэнэ алба хаагчийг гэж тус тус өөрчлөн найруулахаар болов. Мөн төслийн 3 дугаар зүйлд "хил орчмын нутаг дэвсгэр гэж хил залгаа улстай хиллэж байгаа сумын нутаг дэвсгэрийг" гэсэн агуулгатай 3.2.14 дэх заалт нэмэх, төслийн 17 дугаар зүйлд хилийн хяналтын байгууллага улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхэд хяналт тавих дарааллыг зааж өгөхөөр болов. Үүнд: улсын хилээр гарах хөдөлгөөний чиглэлд мэргэжлийн хяналтын, гаалийн, улсын хил хамгаалах, улсын хилээр орох хөдөлгөөний чиглэлд улсын хил хамгаалах, гадаадын иргэн, харьяатын, мэргэжлийн хяналтын, гаалийн байгууллагууд хяналт тавих, түүнчлэн Гадаадын иргэн, харьяатын байгууллага нь улсын хил хамгаалах байгууллагын шалгалтаар илэрсэн гадаадын иргэний виз, бүртгэлийн зөрчлийг шийдвэрлэж байхаар зохицуулав.
Түүнчлэн улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг ашиглах, мэдээлэл харилцан солилцох журмыг улсын хил хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах, харин хилийн зурвас, боомт, бүсэд нэвтрэх, зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг улсын хил хамгаалах байгууллагын дарга баталж байх, хилийн боомтод үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагын ажилтанд нэг жилийн хугацаатайгаар хилийн боомтод нэвтрэх зөвшөөрөл олгох бөгөөд хилийн боомтын журам зөрчсөн тохиолдолд зөвшөөрлийг хүчингүй болгохоор ажлын хэсгээс гаргасан саналыг гишүүд дэмжлээ.
Хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад өмнөх хуульд байсан хилийн бүсийн тухай заалтыг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгалгүй орхигдуулсанд нэлээд гишүүн шүүмжлэлтэй хандаж байсан юм. Иймээс ажлын хэсэг төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад төслийн 30 дугаар зүйлийн холбогдох заалтыг өөрчлөн найруулж "Хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангах, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тусгай журам тогтоосон нутаг дэвсгэрийг улсын хилийн бүс гэх бөгөөд түүний өргөнийг улсын хил хамгаалах байгууллага тухайн нэгжийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр улсын хилийн шугамаас 100 км-ээс илүүгүйгээр тогтооно" гэж зохицуулах санал гаргасныг гишүүд дэмжлээ. Харин УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Б.Дэлгэрсайхан нар хилийн бүсийн өргөн нь "хилийн шугамаас 100 км-ээс илүүгүй байна" гэдгийг "100 км хүртэл" гэж өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй санал гаргаснаа хэлэлцүүлгийн явцад татаж авсан юм.
Мөн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Тухайлахад, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 18 саналын томьёолол бичгээр гаргаж санал хураалгуулснаас нэгээс бусад нь гишүүдийн олонхийн дэмжлэг авсан юм. Ингээд Байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гаргасан санал, дүгнэлт, хуулийн төслийн талаархи зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.
Хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Протоколуудыг соёрхон батлахыг зөвшилцлөө
Байнгын хороодын хамтарсан хуралдааны дараа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дангаараа үргэлжлүүлэн хуралдаж, хуралдааныг УИХ-ын гишүүн Н.Энхболд даргалав. Байнгын хорооны хуралдаанаар Олон улсын хөрөнгө оруулалтын банкийг байгуулсан хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухай 2015 оны Протоколыг соёрхон батлах тухай, мөн Засгийн газраас энэ сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкийг байгуулсан хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухай 2014 оны Протоколыг соёрхон батлах тухай асуудлыг тус тус зөвшилцлөө. Энэ талаархи танилцуулгыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа хийсэн юм.
Олон улсын хөрөнгө оруулалтын банк, Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкийг хуучнаар Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүд орнуудын Засгийн газар хоорондын 1963, 1970 оны хэлэлцээрийн дагуу анх үүсгэн байгуулжээ. БНМАУ-ын /хуучин нэрээр/ "Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк байгуулах тухай хэлэлцээр"-ийг Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1963 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн "Хэлэлцээр байгуулах тухай" 223 дугаар зарлигаар, "Олон улсын хөрөнгө оруулалтын банк бхйгуулах тухай хэлэлцээр"-ийг Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1970 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 26 дугаар зарлигаар тус тус баталсан аж.
Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк байгуулах тухай хэлэлцээрт 1970, 1977, 1990, 2014 онуудад, харин Олон улсын хөрөнгө оруулалтын банк байгуулах тухай хэлэлцээрт 1970, 1990, 2015 онуудад тус тус нэмэлт, өөрчлөлт оруулж иржээ. Иймд Олон улсын гэрээний тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк байгуулах тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухай 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Протоколыг соёрхон батлах тухай, Олон улсын хөрөнгө оруулалтын банк байгуулах тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухай 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн Протоколыг соёрхон батлах тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөх, улмаар хуулийн төслийг соёрхон батлуулах шаардлагатай гэж үзсэн байна.
Олон улсын банк байгуулах тухай эдгээр хэлэлцээрт нэгдсэн орсон зарим улс банкны гишүүнээс гарсан, зарим гишүүн орны нэр өөрчлөгдсөн, банкны дүрмийн санг бүрдүүлсэн валютын нэрийг евро болгож өөрчилсөн, түүнчлэн банкны дүрмийн сангийн хувь хэмжээ өөрчлөгдөж байгаа зэргийг харгалзан банкуудыг үүсгэн байгуулах тухай гэрээ болон дүрэмд Протоколоор нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Иймээс манай улс эдгээр банкны гишүүн орны хувьд хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулсан Протоколуудыг дэмжих нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн байна.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь эдгээр банкийг үүсгэн байгуулсан тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухай Протоколуудыг соёрхон батлах тухай асуудлыг зөвшилцөхийг дэмжсэн тул хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт зөвшөөрч, энэ талаархи Байнгын хорооны санал, дүгнэлт болон хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих