АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт өнгөрсөн зун болж, нөр их ажил өрнөөд байсан. Тэгвэл тусуулзалтын үеэр гадны зочид төлөөлөгчийн жолоочоор ажилласан иргэд цалингаа бүрэн авч чадахгүй байгаа тул үлдсэн цалингаа авахыг шаардан хэвлэлийнхэнд хандсан юм. Жолооч нарын төлөөлөл болж Б.Очирпүрэв, Г.Пүрэвжав нар мэдээлэл хийсэн юм. Жолооч Б.Очирпүрэв хэлэхдээ "АСЕМ-ийн үеэр жолооч хийсэн ч надтай адилхан цалингаа бүтэн аваагүй 50 хүн байгаа. Гэрээнд заасны дагуу жолоочид 53 хоног ажиллахдаа 1.590.000 төгрөг авах ёстой байтал бидэнд одоо 500 мянган төгрөг л өгсөн. Үүгээр барахгүй 53 хоног ажилласан хугацааг 35 хоног гэж хэлээд 1.050.000 төгрөг өгнө гэж тооцоод байна. Үүнээс шимтгэл хасагдвал бидний цалин 875.000 төгрөг болох юм. Бид ажилласан цагийнхаа хөлсийг бүтэн авахыг хүсч байна… Өчигдөр би Авто тээврийн үндэсний төвийн н.Оюунсүрэнтэй очиж уулзлаа. Тэр хэлэхдээ "Би энэ асуудлыг мэдэхгүй, АСЕМ-ын үеэр ажилласан автобусны жолоочдын цалингийн асуудал үүгээр яригдаж байгаа. Гэхдээ бид үүнийг цааш нь уламжилна, судлана, цаашид олгох арга хэмжээ авдаг байх даа” гэсэн гэж байлаа.
Мөн "Бид долдугаар сарын 25-ны өдөр машин тэргийг нь хүлээлгэж өгснөөр гэрээний хугацаа дуусгавар болж байгаа гэж ойлгож байна. Гэрээн дээр "Захиалагчаас даалгасан ажил дуусаж, тээврийн хэрэгслийн захиалагчид хүлээлгэн өгснөөр гэрээ дуусгавар болно” гээд биччихсэн байна. Долдугаар сарын 20-ны өдөр хүртэл 48 хоног тооцогдоно, харин гэрээний дагуу үзвэл 53 хоног болж байгаа юм.Одоо бид 375,000 төгрөг авахгүй. Цалингаа бүтнээр нь авмаар байна. Энэ асуудлаар бид Ерөнхийлөгчтэй уулзах хүртэл явна. Болохгүй бол дүүргийн шүүхэд хандахаар төлөвлөж байгаа” гэж байлаа.
АСЕМ-д ажилласан жолооч нарыг Авто тээврийн үндэсний төвөөс Жуух бичгээр шагнасан аж. Тэгвэл жолооч нар Жуух бичиг бус ажлын хөлсөө авмаар байгаагаа хэлж байна. Жуух бичгээр талхны мөнгө, хүүхдийн сургалтын төлбөрөө төлж чадахгүй учраас он гарахаас өмнө энэ асуудлыг шийдэхэд анхаарч өгөхийг Ерөнхийлөгчөөс хүслээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих