Нацист Герман ЗХУ-д дайн зарлалгүй халдан довтолсон анхны өдөр буюу 1941 оны зургадугаар сарын 22-нд л манай улс дэлхийн хоёрдугаар дайнд Германы эсрэг оролцохоо албан ёсоор мэдэгдсэн билээ. Тэр өдрөөс эхлэн Монголд ЗХУ-ын Улаан армид туслах сан байгуулсан бөгөөд ард иргэдийн хандиваар 1941 оны аравдугаар сард хойд хөрш рүү тусламжийн анхны цуваа хөдөлсөн билээ. Тус цуваагаар 15 мянган ширхэг цэргийн зориулалттай өвлийн иж бүрэн хувцас, 1.8 сая төгрөгийн үнэтэй хоол хүнсний бүтээгдэхүүн, 587 мянган төгрөгийг бэлнээр хүргэсэн байдаг. Дайны туршид БНМАУ холбоотон хойд хөршдөө нийтдээ 30 шахам сая төгрөгийн үнэ бүхий тусламжийн есөн цуваа илгээсэн байдаг.
Үүнээс гадна нацист Германы эсрэг манай улсын 300 гаруй иргэн сайн дурын үндсэн дээр тулалдаж явсан билээ. Өөр нэг жишээ дурдахад, нацистууд Москвад тулж ирээд байсан цөвүүн цагт КУТВ буюу Дорнын хөдөлмөрчдийн коммунист их сургуульд сурч байсан үүнийг бичигч миний өвөг эцэг бусад монгол оюутнуудын хамт шөнө бүр хотын барилгуудын дээвэрт гаран дайсны онгоцуудын фугасан бөмбөгүүдийг унтраадаг байсан гэдэг.
Түүнчлэн 500 мянга гаруй монгол морьд фронтын аль хүнд хэцүүг туулан тэсвэр хатуужлаараа Улаан армийн цэргүүдийн жинхэнэ хайр хүндлэлийг хүртсэн юм. Белоруссийн намаг, зүүн Европын уул нуруудыг туулахад танк, ачааны машин бус монгол морьд хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн юм.
Монголчуудын буцалтгүй тусламжаар 1942 оны сүүл гэхэд 32 "Т-34”, 21 "Т-70” танк бүхий "Хувьсгалт Монгол” танкийн цуваа, 1943 оны намар "Монгол ард” нэр авсан нисэх эскадриль Улаан Армийн бүрэлдэхүүнд багтан Берлин хүртэл тулалдсан юм. Дайны үеэр монголчууд фронтод 500 мянган тонн мах, 64 мянган тонн арьс нийлүүлснийг ч тэмдэглэх хэрэгтэй.
Тухайн үед 130 сая хүн амтай баян чинээлэг АНУ ЗХУ-д "ленд-лиз”-ийн шугамаар үзүүлсэн нийт тусламжийн гуравны нэгд хүрэхүйц хандивыг ердөө 800 мянган хүнтэй манай улс дангаар гаргасан байдаг юм. Байдаг нөөц хүчээ шавхан өөрийн холбоотон ЗХУ-д хоёргүй сэтгэлээр тусласныхаа ачаар дэлхийн хоёрдугаар дайны дараа БНМАУ дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөж, тусгаар улс болж чадсаныг дурдах нь зүйтэй биз ээ.
зууны мэдээ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих