ХҮП жарны модон морь жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний
бэлэгт сайн өдрийг тохиолдуулан аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар
Дорнод нутгийн зон олондоо мэндчилгээ дэвшүүлснийг анхааран уншлаа. /
”Хөх дөл” сонин.2014 он.¹2 /
Уг мэндчилгээг хоёрхон өгүүлбэрт багтаасан нь утга агуулгаа товч
оновчтой илэрхийлэхийг чухалчлан үзсэн мэт санагдана. Эхний өгүүлбэрийг
хэд дахин уншсан хэдий ч утгыг бүрэн ухаарч чадсангүй. Тэрхүү өгүүлбэр
нь " Найман зууны түүхийг нар зөв хурайлж,намхан хүлгээн унаж дэлхийн
зулай домогшсон,наран сүлдтэй Монгол түмэн минь могой жилээ үдэж настан
буурлуудаа цэнгүүлэн жаргааж,арван долоо дугаар жарны "Ялгуусан” хэмээх
модон морин жилтэйгээ угтан золгож байна…” гэжээ.
Морин эрдэнээ төрийн сүлдэндээ залсан монголчууд маань яагаад
"наран сүлдтэй Монгол түмэн” болов оо? Бүр "наран сүлдтэй” гээд байгаа
юм.Үүний учрыг олох гэж дэлхийн улс гүрнүүдийн товч танилцуулга болон
сүлд далбааны өнгөт зургийг багтаасан "Хүүхэд- залуучуудын нэвтэрхий
толь”-ийн 3-р ботийн /1988 он/ А-Я хүртэлх үсэг дарааллын тайлбарыг
шүүрдэн үзлээ.
Арван зургаан цацраг бүхий дугуй шар нарыг төрийн сүлдээ
болгосон улс нь Япончууд байна. / 580-р талд/ Монгол улс дахь Япон улсын
Элчин сайдын Яамны үүдэнд тэр наран сүлд залаастай байдаг. Мөн энэ
улсын төрийн далбаа төв дундаа тэргэл улаан нартай. Монголчууд, Япон
улсыг Наран улс гэж ярьж бичдэгийн утга учир тодрох шиг санагдана.
Хэрвээ Япон улсын харьяалалд багтсан монголчууд байдаг бол тэднийг
"наран сүлдтэй монголчууд” гэж нэрэлж,бичиж болох байх аа. 1939 оны
Халхголын дайнаар Монголын Дорнод нутаг ,ард иргэд нь японы эзэмшилд
орж, өнөөдрийг хүрч байгаа бол энэ даргын бичсэнээр нэрлүүлж магадгүй
юм. Гэвч монголчууд,тэр дайны хар сүүдэрийг зайлуулж чадсан заяа
тавилантай ард түмэн. "Найман зууны түүхийг нар зөв хурайлж” эхэлсэн
дарга маань "нар буруу хурайлах " гэж хүсэн мөрөөдөөгүй гэдэгт итгэж
байна.
Уншигчийн сэтгэлд буух үгийн шууд утга,бодит санааг эрхэмлэн
үзэлгүй,хэлж дуудах, чагнаж сонсох аяс хэмнэлд хөтлөгдөн бичнэ гэдэг энэ
мэтийн эрэгцүүлж бодмоор асуудалд хүргэдэг байна. Р.Зоригтбаатар дарга
"наран сүлдтэй Монгол түмэн минь” гэж бичснийхээ утга учрыг наанадаж
Дорнодчуудынхаа,цаанадаж Монгол түмнийхээ өмнө тайлбарлан хэлж,гэнэдэж
алджээ гэж бодвол тэднээс уучлалт гуйх ёстойсон. "Найман зууны түүхийг
нар зөв хурайлж,намхан хүлгээн унаж дэлхийн зулай домогшсон”гэж бичснийг
жирийн уншигч төдийгүй монгол хэлний мэргэжлийн хүмүүс ч нэг утга
санаагаар ойлгоход бэрхтэй байна. Оньсогыг олон хувилбараар тааж болдог
доо.
Энэ мэндчилгээг монгол хэлний тэгш хэмт найруулгаар бичих гэж
оролдсон бололтой. Найруулгын ийм хэлбэр нь бичвэрийг уншихад уран
аястай,сонсоход яруу хөгтэй болгохын зэрэгцээ,утга агуулгаа товч
оновчтой илэрхийлэхийг шаарддаг онцлогтой. Үүнийг дөч гаруй жил үзэг
цаас нийлүүлж суугаа өвгөн бичээч миний бие төсөөлөх болсон юм.
Үгэнд шингээх утга агуулгыг эрхэмлэн бодохгүйгээр,уран үгийн
цуглуулгаар зон олноо "илбэдэж” болохгүй гэдгийг онцлон хэлье.
МҮОНР-гийн сурвалжлагч,сэтгүүлч судлаач Л.Хэрээ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих