М.ЦЭЦЭГ
ҮАБЗ-ийн өнгөрсөн гуравдугаар сард улс орны санхүү, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар холбогдох сайдын мэдээллийг сонсч, "Чингис” бондын хөрөнгийн зарцуулалтын талаар тус зөвлөлд албан ёсоор танилцуулахаар болсон. Үүний дагуу Эдийн засгийн хөгжлийн яамнаас албан бичгээр "Чингис” бондын зарцуулалтын талаарх мэдээллийг ҮАБЗ-д ирүүлсэн боловч тодорхой дүгнэлт хийж шийдвэр гаргахад хангалтгүй гэж үзсэн юм.
Иймд ҮАБЗ-ийн 2012 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн Засгийн газрын үнэт цаасны талаар авах зарим арга хэмжээний тухай зөвлөмжийн биелэлтийг заалт нэг бүрээр гаргаж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд ҮАБЗ- танилцуулахыг Ерөнхийлөгчөөс Засгийн газарт үүрэг болгосон юм. ҮАБЗ энэ асуудлаар маргааш хуралдахаар болжээ.
Мөн УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Чингис бондын эх үүсвэрээр санхүүжиж буй төслүүд”-ийн талаар мэдээлэл хийв. Мэдээлэлд дурдсанаар Хөгжлийн банк нь бодлогын хүрээнд Засгийн газрын холбогдох тогтоолуудаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн төсөл, хөтөлбөрүүдийг 1.5 тэрбум ам.долларын "Чингис” бондын эх үүсвэрээс санхүүжүүлж байна. Зарим ажлаас дурдвал, 2013 онд шинээр хэрэгжих 10 зам барилгын ажил, он дамжин хэрэгжиж буй 14 зам барилгын ажил болон тэдгээр хяналтын зөвлөх үйлчилгээнд зориулан 570 хүртэл тэрбум төгрөг, "Гудамж” төслийн хүрээнд Туул, Сэлбэ голын дагуу хурдны замыг барьж, 33 уулзварыг шинэчлэх, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах ажлууд хийгдэж байна. Нийслэлийн инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг сайжруулахад нийт 416.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 92 төслийг 2013, 2014 онд хэрэгжүүлэхээр тусгасан. Тавантолгойгоос Гашуун сухайт чиглэлд 1800 км шинэ төмөр зам баригдана. Төслийг "Монголын төмөр зам” ТӨХК удирдан зохион байгуулж, "Шинэ төмөр зам” төслийн компани хэрэгжүүлж байна. Уг төслийн санхүүжилтэд "Чингис” бондын хөрөнгөөс 164.2 сая ам.долларын санхүүжилтийг Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын дээд, доод бүтцийн барилгын ажил, төслийн нэгжийн үйл ажиллагааны зардалд зориулж олгожээ. Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд 34 сая ам.долларыг олгохоор шийдвэрлэсэн зэрэг мэдээллийг өглөө.
Хэн юу хэлэв?
"Чингис бонд” нэртэй цахим хуудас нээнэ
Мэдээлэлтэй холбогдуулан Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт зарим гишүүн асуулт тавив.
Б.Бат-Эрдэнэ:
-Санхүүжилтийн хувьд эргэлзээтэй асуудлууд гарчээ гэж ойлгож байна. Нийгэмд ч энэ талаар ярьж байгаа. Танилцуулгаас харахад Ерөнхий сайд өөрөө энэ ажлаас нэлээд хол байгаа нь харагдлаа. Дандаа өнгөрсөн цаг дээр ярьж байна. "Чингис” бондын зарцуулалтын талаар ихээхэн зөрүүтэй мэдээлэлтэй байгаа. Хэвлэл мэдээллээс харахад Зам тээврийн сайд "Чингис” бондоос авах ёстой хөрөнгө мөнгөө олж авч чадахгүй байгаа талаар мэдээлсэн байна лээ. Тиймээс энэ мөнгөний зарцуулалт туйлын бүрхэг байна. Бондын мөнгөнөөс хамгийн үр дүнтэй зарцуулсан нь МИАТ компанид онгоц авсан ажил харагдаж байна?
Н.Алтанхуяг:
-Бүх мэдээлэл гишүүдэд тараагдсан. Ямар нэгэн зөрүүтэй эсвэл буруу мэдээлэл байхгүй, Эдийн засгийн хөгжлийн яам хариуцлагатай бэлдсэн гэж бодож байна. "Чингис” бондын мөнгийг ҮАБЗ дээр яриад бондын зөвлөл байгуулъя гэж шийдээд байгуулсан. МАН-ыг энэ зөвлөлд оруулах хүнээ өгөөч гэсэн өгөөгүй. Бондын мөнгөний зарцуулалтыг Засгийн газрын гаргасан шийдвэрийн дагуу Эдийн засгийн хөгжлийн яам хянаад явж байгаа. Та бондын мөнгөөр ганц онгоц авсан нь зөв болжээ гэж буруу ярьж байна. Дөрвөн аймгийг холбосон хатуу хучилттай зам барьсныг харахгүй байх шиг. Энэ ажлыг ард түмэн сайшааж байгаа. Аймгийн төвүүд рүү явж байгаа замыг битгий үгүйсгээрэй. Энэ бол цэвэр "Чингис” бондын мөнгө. Мөн гудамж төсөл, урагшаа явж байгаа төмөр зам гээд хийгдэж байгаа бодит ажлууд бий. Улаанбаатарт өнгөрсөн жил 20 гаруй мянган айлын орон сууц ашиглалтад орлоо. Юмыг үгүйсгэх биш тодорхой ярих хэрэгтэй. Н.Батбаяр сайд цаашдаа "Чингис бонд” гэсэн цахим хуудас нээнэ гэсэн. Ингэхээр бүр ил тод болно.
Н.Батбаяр:
- УИХ-ын 2012 оны аравдугаар сарын 25-ны өдөр "Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” 52 дугаар тогтоолыг бид өөд өөдөөсөө харж байгаад баталсан. Энэ бол УИХ-ын хамтын шийдвэр болохоос АН-ын дангаараа гаргасан шийдвэр биш гэдгийг хэлье. "Чингис” бондыг зарцуулахдаа Монгол Улсад дагаж мөрдөж байгаа хуулийн дагуу хийсэн.
Сү.Батболд:
-Дотоодын банкны нөөц боломжуудаа бүрэн дүүрэн ашиглаагүй байж гадаад зах зээлээс эх үүсвэр хайх цаг нь болоогүй гэж тухайн үед биднийг Засаг барьж байхад УИХ-аас шийдвэр гарч байсан. Нөгөө талаас энэ эх үүсвэр ямар төсөлд орж , ямар үр өгөөжтэй байх ёстой юм, яаж эргэн төлөгдөх ёстой вэ гэх мэт тооцоо цэгцтэй болоогүй байсан учраас бид энэ асуудалд хариуцлагатай хандаж байлаа. Өөрөөр хэлбэл дотоодын нөөц боломжоо бүрэн ашиглах үүднээс гадаад зах зээлээс эх үүсвэр хайгаагүй гэдгийг энэ дашрамд хэлэхийг хүсч байна. "Чингис” бондын Эргэн төлөгдөх асуудал тодорхой бус байгаа гэж Ерөнхий сайд дурьдах шиг болсон. Эдийн засгийн судалгаа тооцоо нь бүрхэг болоод ингээд байна уу, эсвэл үнэхээр үүнийг хийх гарцаа олохгүй байна уу?
Н.Батбаяр:
- Энэ бондыг эхний ээлжинд хоёр үе шаттайгаар төлнө. 2018 болон 2022 онд төлөхөөр судалгаа тооцоо хийгээд явж байгаа. Төсөвт айхтар хүндрэл учрах юм байхгүй.
Ч.Улаан:
-Энэ бондыг төсвөөр дамжуулах хууль байхгүй.
Зууны мэдээ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих