Энэ удаагийн дугаартаа 1995 оноос хойш залуусыг байлдан дагуулж,
Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн баттай байр суурийг эзэлж
чадсан "Камертон" хамтлагийн дуучин Г.Мэнд-Амартай ярилцлаа. Ирэх онд
тус хамтлагийн 20 жилийн ой тохиох бөгөөд энэ сарын 14-нд "Веst hits
unplugged" тоглолтоор сонсогчиддоо бэлэг барих гэж байна.
-Ярилцлагаа
19 жилийн өмнө Камертон хамтлаг байгуулагдаж байсан үеийг дурсаж
эхэлье. Хамтлагаараа гарсан хамгийн том тайз ямар тайз байсан бол?
-1995
оны долдугаар сарын 10-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд нэг том шоу болж
байсан. Тэр шоуг тухайн үеийн Монголын долоон том компани долоон том
хамтлагийг ивээн тэтгэн зохион байгуулж байсан. Манай хамтлаг тайзны
халаалтанд л дуулж байлаа /инээв/. Энэ тайз л бидний анхны хамгийн том
тайз байсан. Тухайн үед тэр шоу нд оролцох боломжийг олгосон хүмүүс нь
"Буян" компанийн захирал Б.Жаргалсайхан, тэр үед Улсын филармоний
даргаар ажиллаж байсан Д.Ухнаа гуай нар байсан. Тзд биднийг биечлэн
сонсож, шоунд орох боломжийг олгож байлаа.
-Анхны тоглолтынхоо тухай дурсаач. "18 нас" нэртэйгээр тоглож байсан санагдана?
-1996
оны дөрөвдүгээр сард СТӨ-нд анхны тоглолтоо хийж байлаа. Нэг их айдас
бол байгаагүй ээ. Гэхдээ бараг юу болох гээд байгаагаа ч мэдэхгүй байж
байтал тоглолт дууссан байсан /инээв/. Тухайн үед манай үзэгчдийн
дийлэнх нь охидууд байлаа. Үзэгчид нүргэлсэн тийм гоё тоглолт болж
байлаа. Тэр тоглолтын тасалбар 500 төгрөгөөр худалдаалагдаж байсан
санагдаж байна. Манай хамтлагийн зургийн цомогт тэр тасалбар
хадгалагдсан байдаг.
-Хамтлаг байгуулагдсаныхаа дараа хамтдаа амьдардаг байсан шүү дээ. Хамтдаа амьдрахаар хөгжилтэй зүйлс их тохиолдоно биз?
-1996 оноос хэсэг хамтдаа амь-дарсан. Хөгжилтэй зүйлс байнга тохиолддог байлаа. Сингапурт байхдаа бас хамт амьдарсан.
-1997
онд "Greatest hits" тоглолтоо хамтлагийн үдэлтийн тоглолт гэж нэрлэж
байсан шүү дээ. Энэ тоглолтын дараа хамтлаг тарна гэж байсан боловч
тараагүй. Тухайн уед яагаад тийм шийдвэрт хүрч байв?
-Яахав дээ
нөхдүүд "Оддын өвчин" тусахгүй юу. 1997 он гэхээр миний 18 нас хүрч
байсан жил. Дөрвөн хүүхэд л байлаа шүү дээ. Тухайн үед Тайванбат ах
Герман руу нэлээд хэдэн сараар явсан юм. Тайванбат ах бараг л бидний
хүмүүжүүлэгч, асран халамжлагч байлаа. Тэгээд явсан хойгуур нь нөгөө
үлдсэн дөрвөн том толгой чинь шийдвэр гаргаж байхгүй юу. Түүнээс биш
хоорондоо хэрэлдэж, зодолдсон юм бол байгаагүй. Бараг л энэнээс цаашаа
хийх юм байхгүй гэж л бодож байсан байх даа /инээв/. Тэгээд нэг сайхан
тоглолт хийчихээд хэдүүлээ зам мөрөө хөөцгөөе, сургууль соёл хөөцгөөе
гэж ярилцсан. Залуу байсан болохоор тийм шийдвэрт хүрч байсан ч байж
магадгүй.
-Өнөөдрийг хүртэл 19 жил хамтдаа байж нэг гэр бүл
шиг болсон байх. Нэг хамтлагийн уран бүтээлчид гэхээсээ илүүтэй
амьдралын найзууд гэвэл ононо. Таныхаар нөхөрлөл гэж юу вэ?
-"Камертон"
хамтлагаасаа ч өмнө бид найзууд байсан. Болдоо бид хоёр нэг анги, Эба,
Ганаа хоёр маань нэг ангийн сурагчид байлаа. Харин хөгжмийн хичээл
дээрээ Эба бид хоёр нэг ангид, Болдоо, Ганаа хоёр маань нэг ангид
хичээллэдэг байсан л даа. Их дотно найзууд байсан. Угаасаа найзууд
байсан хүмүүс хамтлаг байгуулаад улам л ойртсон. "Камертон"
байгуулагдсанаас хойш гээд бодохоор 19 жил, тэрнээс өмнөх гээд бодохоор
бараг 27, 28 жил үерхэж нөхөрлөж байна даа.
-Хамтлагийг энэ
урт хугацаанд оршин тогтнох хамгийн том үндэс нь энэ нөхөрлөл байсан нь
дам-жиггүй. Өөр ямар ямар хүчин зүйлс нөлөөлж байсан болоо?
-Ерөөсөө л
урлаг. Бас нэг зорилго. Урлагийн мэргэжил рүү нэг л орсон бол хэзээ ч
буцаж гарч чаддаггүй. Хүсдэг ч үгүй байх. Урлаггүйгээр өөрийнхөө
амьдралыг төсөөлж чадахаа больдог. Энэ маш их нөлөөлсөн. Мөн аливаа зүйл
урагш ахихад урам маш их түлхэц болдог болов уу. Манай хамтлагийг анх
байгуулагдаж байхад хүмүүс ойлгоогүй л дээ. Маш их шүүмжлэлүүд гарч
байсан. Тухайн үеийн хэвлэл мэдээлэл их хүчтэй байлаа. Бид юу ч мэдэхгүй
хүүхдүүд учраас тэр болгонд нь дарамтанд ороод л. Тиймэрхүү шүүмж гарч л
байдаг гэдгийг өөрсдөө ойлгохгүй байхгүй юу. "Бизнес таймс" гээд
сэтгүүлийн сэтгүүлч Пүүжээ гээд эгч байдаг л даа. Тэр эгч маань биднээс
ярилцлага авч "Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ" гэсэн гарчигтайгаар
нийтэлж байлаа. Тэр ярилцлагаас хойш хүмүүс бидэнд их урам өгсөөр ирсэн.
Ер нь залуу хүнийг бурмаар, элдэв янзын эд материалаар дэмжсэнээс
сайхан урмын үгээр дэмжих хэрэгтэй. Гэхдээ энэ нь хий хоосон хөөргөлт
байж бас болохгүй л дээ.
-Нэлээд хэдэн жилийн өмнө телевизэд
өгсөн нэгэн ярилцлагыг тань үзэж байлаа. Тэр ярилцлагын үеэр нэг түүх
сөхсөн л дөө. "Камертон" хамтлагийг хамгийн анхны клипнийхээ зураг
авалтыг хийлгэчихээд явж байхад нэг Фургон машинтай хүн үнэгүй хүргэж
өгч байсан. Мөн тэр хүнээ хайж байгаа гэж ярьж байсан. Тэр тус хүргэсэн
ахыг олсон болов уу?
-Харамсалтай нь тэр хүнээ олоогүй ээ. "18 нас"
дууны клипний зураг авалт дөнгөж дуусчихаад телевиз дээрээс гараад явж
байлаа. Бидэн шиг хүүхдүүдэд хэн хамаг цаг зав, телевизиинхээ студииг
өдрийн цагаар чөлөөлж өгөх вэ дээ. Шөнөжингөө зураг авахуулсан даа.
Тухайн үед хөл хөдөлгөөн ч бага байлаа. Машин унаа ч ховор. Тэгээд
үүрээр нэг фургонд суугаад л хүргүүлж байсан. Тэр хүнд баярласнаа
илэрхийлж "Хэзээ нэгэн цагт бид алдартай хамтлаг болно. Та заавал
хараарай" гэж хэлцгээж байснаа санаж байна.
-"Хувьсал"
тоглолтын тухай асуумаар байна. "Камертон" хамтлаг шинэлэг болгоныг
сонсогчиддоо хүргэдэг байсан. Энэ тоглолтоо ч жүжигчилсэн шоу маягаар,
циркийнхэнтэй хамтран тоглож байсан шүү дээ?
-"Хувьсал" тоглолтыг
1999 онд тоглосон. Гэхдээ тэрнээс өмнө 1998 оны аравдугаар сард "Тор
ten" диско клубт нэг орой "Unplugged"' тоглолт бас тоглосон л доо. Ямар
нэг өөр, шинэлэг зүйл хийхийн тулд эрэл хайгуул хийсэн. Тэгээд амьд
хөгжимтэй буюу "Никитон" хамтлагийн хөгжимчидтэй тоглолт хийсэн юм. Тэр
тоглолтын дараа "Оn'n off"-ийн Ононбат ахтайгаа хамтран ажиллаж эхэлсэн.
"Явах цаг боллоо", "Харууслын аяз" зэрэг дуунууддаа маш өвөрмөц
шийдэлтэй клипүүдийг хийж байлаа. Тэгээд тоглолтоо Улсын цирктэй хамтарч
хийхээр болсон. Тэр тоглолтонд улсын циркийн удирдлагууд, жүжигчид маш
сайн ажилласан. Миний санаж байгаар бүтэн хоёр сар хамтарсан бэлтгэл
хийж байж тоглолтоо хийж байлаа.
-"Камертон 2" шоуны тухай
ярья. Өөрсдийн залгамж халаа болох хамтлагийн гишүүдийг сонгоход хэр
хүндрэл гарч байв. Сонголтон дээрээс болж хоорондоо санал зөрөлдөх явдал
гарч байв уу. "Камертон" хамтлагийн дуунд дуртай маш олон залуус
оролцсон шүү дээ?
-Маш олон авьяаслаг залуус оролцсон. Хэдийгээр
хамтлагт шалгарч чадаагүй ч гэлээ Анхбаяр гээд инженер залуу, Ганзаяа,
Балжинням, Алтан-Од гэх зэрэг маш авьяастай залуус олон байсан. Санал
зөрөлдөөн бол байнга гарч байсан. Оролцогчид болгон дээр л санал
зөрөлдөж байлаа. Яагаад гэхээр дөрвүүлээ л өөр өөр талаас нь хараад,
тэрэндээ үнэлгээ өгч байсан болохоор. Эцсийн дүндээ бол шалгарсан дөрвөн
оролцогчиддоо бүгд сэтгэл хангалуун байгаа. Тэр дөрвийн хувьд үнэхээр
санал нийлсэн.
-"Камертон 2" төслөөс шалгарсан "Бид4"
хамтлагийнхан нэгэн ярилцлагадаа та бүхнийг өөрсдийнх нь уран бүтээлийн
хамгийн том зөвлөгчид гэж ярьсан байсан. "Бид4" хамтлагтайгаа хэр ойр
ажиллаж байгаа вэ. Тун удахгүй анхны цомог нь гарах гэж байна шүү дээ?
-Ер
нь сүүлийн үед Болдоо бид хоёр илүү их ойр байгаа. Нөгөө хоёр маань ч
гэсэн уулзахаараа сайхан зөвлөгөө өгнө. Ажлын шаардлагаар тэр болгон
уулзаад, зөвлөгөө өгөөд байж чадахгүй байгаа байх. Шуудхан хэлэхэд манай
дүү нар хоолойны чадлын хувьд мундаг чадвартай, сайхан залуус. Хэний ч
өмнө нүүр улайхааргүй, ямар ч улсын тайзан дээр гараад дуулахад манай
"Бид4" "цочоох" хэмжээний тоглолтыг үзүүлнэ гэж ам бардам хэлэх байна.
-2005
онд Төв цэнгэлдэх хүрээлэнд "Камертон" хамтлаг хамгийн олон үзэгчдийг
нэг дор цуглуулсан тоглолтоо хийсэн. Энэ тоглолт хамтлагаараа тоглосон
сүүлийн тоглолт байсан уу?
-Энэ тоглолт "Камертон" хамтлагийн 10
жилийн ойн тоглолт байсан. Төв цэнгэлдэх хүрээлэнд өмнө нь маш олон
тоглолтууд зохион байгуулагдаж байсан боловч манайх шиг олон хүн
цуглуулж байгаагүй. Тэрнээс хойш 2010 онд хамтлагийн 15 жилийн ойн
тоглолт бас хийсэн шүү дээ. Тэр хооронд хамтлагийн гишүүдийн бие даасан
уран бүтээл, цомгийн ажилд илүү их анхаарч ажилласан. Тэрнээс хойш
Болдын маань карьер маш амжилттай явж байсан болохоор бид дэмжсэн.
Өнөөдрийг хүртэл Болд маань 11 цомог гаргасан байна. "Монгол поп" хэмээх
хөгжмийн шинэ урсгалаа гаргаад, түүнийгээ бататгасан хоёр цомог, том
тоглолт хийчихсэн байна. Дээрээс нь нь манай Монголын рок попын түүхэнд
анх удаа Төрийн соёрхолт хэмээх том шагнал авч бүтээлээ үнэлүүлсэн.
Хүмүүс "Болд шагнал авчихлаа" гэж бодоод байгаа. Гэвч үнэндээ энэ шагнал
маань уран бүтээлчийг биш, уран бүтээлийг үнэлж өгсөн шагнал юмаа. Энэ
хүний оюун санаанаас төрсөн бүтээлийг үнэлж өгсөн төрийн хайр хүндэтгэл,
соёрхол юм гэдгийг хэлмээр байна. Найз минь рок попын түүхэнд анхны төр
соёрхох хэмжээний бүтээл хийлээ. Манай хамтлагийн хувьд төрийн
соёрхолттой цорын ганц хамтлаг боллоо /инээв/.
-Хамтлагийнхандаа хамгийн их баярлаж байсан тохиолдлоосоо хуваалцаач?
-1998
онд Бээжинд бидний шүтдэг "Воуs II men" хамтлаг ирж тоглож байлаа.
Гитарчин Өөжгий ах түрүүлээд Бээжинд оччихсон байсан. Тэгээд биднийг
дуудаад. Би нөгеө гурваасаа явья л даа гээд гуйгаад л байлаа. Тэгсэн
нөгөө гурав чинь явмаар л байна гээд байгаа мөртлөө яг шийдэж өгдөггүй.
Тэгэхээр нь Болдоог гэрт нь дагаж очоод шөнөжингөө "Явья л даа" гээд
гуйгаад л байлаа. Вагон хөдлөх цаг дөхөөд л байлаа. Нөгөө Болдоо чинь
нэг л ёозгүй ээ. Тэгэхээр нь би шөнө нь гэрээрээ орж хувцасаа сольчихоод
ганцаараа яваад өгсөн. Бээжинд намайг Өөжгий ах тосч аваад "Танайхан
нээрээ мангар юмаа. Ганц л ирж тоглож байхад нь ирээд үзчихгүй" гээд л.
Би ч "Харин тиймээ, гуйгаад дийлсэнгүй" гэж яриад буудлынхаа өрөөнд
ортол манай гурав ирчихсэн сууцгааж байсан. Аймаар хөөрхөн. Намайг
ганцаараа явсныг мэдээд манай гурав маргааш өдөр нь онгоцоор хүрээд
ирсэн нь тэр байж л дээ. Аймаар их баярлаж билээ. Тэгж "Воуs II mеn"-ий
тоглолтыг хамтлагаараа үзсэн дээ. Тэгээд л бидэнд цаашаа хийх юм маш их
байгаа юм байна. Бид дөнгөж зууны нэг хувиа л хийж яваа юм байна гэдгээ
ойлгосон доо.
-2010 оноос хойш "Камертон" хамтлагийн шүтэн
бишрэгчдийн дунд тоглолтын хүлээлт маш их байсан. Энэ удаагийн "Веst
hits unplugged" тоглолтын тухайд?
-Өнөөдрийг хүртэл бид биднийг
сонсдог, биднийг дэмждэг хүмүүсийнхээ дэмжлэгээр өдий хүрсэн. Бидэнтэй
хамт байсаар ирсэн сонсогчид маань яг бидэнтэй адил бидний хит болж
байсан дуунуудыг сонсохыг хүсч байгаа. Тэр үүднээс амьд хөгжимтэй
тоглолтоо хийх гэж байна. Фэйсбүүкт манай хамтлаг "Саmerton хамтлагийн
албан ёсны хуудас" гээд хуудсыг дөнгөж нээгээд байна. Энэ хуудсанд
тоглолттой холбоотой бүх мэдээллүүд тавигдаж байгаа.
-Тоглолтонд оролцож байгаа баг, уран бүтээлчид, ивээн тэтгэгч, зохион байгуулагч байгууллагуудын хувьд?
-"Strings"
клуб, "White house" зочид буудлын залуус бидний энэ тоглолтыг зохион
байгуулж байгаа. Өмнө нь "Харанга" хамтлаг, "Салхи" хамтлаг, дуучин
Б.Сарантуяагийн тоглолтыг зохион байгуулсан. Одоо манай тоглолтыг зохион
байгуулж байна. Бидний гол зорилго бол үзэгч, зочид, сонсогчдоо сэтгэл
дүүрэн, сэтгэл хөөрлийн дээд цэгт аваачих шүү дээ. Хөгжимчдийн хувьд
"Арга билэг" хамтлагийн даралтат хөгжимчин Пүүжээ, "Fiге" хамтлагийн
басс гитарчин Билгээ, "Булсара" хамтлагийн соль гитарчин Бади, бөмбөрчин
Одхүү нар ажиллаж байгаа. Мөн www.easyticket.mn-тэй хамтран ажиллаж
байна.
-Тоглолтонд хэчнээн дуу дуулагдах вэ?
-Тоглолт
гурван цаг гучин минут үргэлжилнэ. Маш олон сайхан дуу дуулагдана.
Сонсогчдоос тоглолтонд дуулагдах дуунуудын саналыг авч үзсэн. Бидний
төлөвлөж байсантай их ойрхон дүн гарсан.
-Яагаад заавал энэ өдөр тоглолтоо хийх болов. Хамтлагийн фэнүүд хамтлагийн төрсөн өдрөөр тоглолт хүлээж байсан байх?
-Одоохондоо
бид энэ сарын 14-нд тоглогдох тоглолтондоо хамаг анхаарлаа хандуулж
байна. Хамтлагийн төрсөн өдөр буюу зургадугаар сарын 24-нд тоглолт хийх
үү, теле концерт хийх үү гэдгээ хараахан шийдээгүй байгаа.
-20 жилийн ойдоо зориулсан шинэ уран бүтээлүүд төлөвлөгдөж байна уу?
-Төлөвлөгдөж
байна. Бид өөрсдийнхөө сэтгэлдээ хүртэл, өөрсдөө түүндээ огштол тийм
гоё дуу, шинэ зүйл хийж байж сэтгэл ханана. Эргээд тэр маань биднийг
дэмждэг хүмүүст сайхан санагдана гэж бид боддог. Үнэхээр чанартай сингл
цомог хийх төлөвлөгөөтэй байгаа. Одоо бид зөвхөн өөрсдийгөө бодох нь
чухал биш. Бид дараагийн үеийхэнтэйгээ ойр байж, тэдний уран бүтээлийг
дэмжиж ажиллах хэрэгтэй. Энэ 2014 онд "В" продакшны "Бид4" хамтлаг, "3
охин" хамтлаг, дуучин Амархүү зэрэг уран бүтээлчдийн уран бүтээлд илүү
анхаарч ажиллахаар төлөвлөж байна. "Бид4" хамтлагаа энэ жил очих ёстой
цэгт нь хүргэхийг хамгийн түрүүнд зорьж байна.
-Хамтлагийн гишүүдийн бие даасан уран бүтээлийн тухайд?
-Яг
одоо эхний ээлжинд Ганаагийн цомог гарна. Болдоо Ганаа хоёр маань
хамтраад уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа. Болдоогийн маань 11 дэх
цомог гарч байна. Миний хувьд одоохондоо уран бүтээлийн нууцаа
задалмааргүй байна.
-Олны танил хүмүүс, ялангуяа урлагийнхныг
шар хэвлэлээр янз бүрээр бичдэг. Таны хувьд хэр их "гүтгүүлж" байв. Тэр
болгон тайлбар, няцаалт хийгээд байдаггүй одоо бүр дөжирчихсөн үү?
-Янз
бүрээр л бичүүлсэн шүү дээ. Бараг дөжирсөн гэж хэлж болно доо. Манай
хамтлагийн урлагийн карьер маш эрт эхэлсэн. Намайг дөнгөж 15-хан настай
байхад "Камертон" хамтлаг байгуулагдсан. Тэр үеэс эхлээд л сайн муугаар
бичүүлсэн. Эцсийн дүндээ бол бид ардчилсан нийгэмд амьдарч байна шүү
дээ. Яахав бичиж л байг. Тэрэнд эмзэглээд ч яах юм билээ.
-Таны хувьд хамгийн их эмзэглэхээр гүтгүүлж байсан тохиолдол нь?
-Ижил хүйстэн гэж хэлүүлж байсан. Нэг хэсэг намайг ижил хүйстэн гээд л цуураад байсан шүү дээ.
-UВS"
телевизээс зохион байгуулдаг "Universe Best Songs" наадамд энэ жил
ажиглагчаар ажиллалаа. Энэхүү саналыг хэрхэн хүлээж авав. Оролцогчдын
чадвар хэр байв?
-Ажиглагчаар ажиллах саналыг "Цагаан сар"-ын дараа
хүлээж авсан. Энэ гоё төсөлд оролцох нь миний хувьд маш гоё санал
байсан. Дуртайяа хүлээж авсан даа. Дөнгөж дуулж эхэлж байгаа хүүхдүүдэд
яг голыг нь олсон зөвлөгөө, сайхан урам л их хэрэгтэй байдаг байх. Тэр
үүднээсээ л ажилласан. Хүүхдүүдийг шүүж, шалгуур тавих нь гол биш,
алдааг нь хэлж өгч, урам өгөхийг л хичээсэн дээ.
-Хамтлагийн уран бүтээлч гэдгээс гадна гишүүдийн хувийн бизнес, эрхэлж байгаа ажлуудын талаар сонирхмоор байна?
-Болдоо
маань урлагтаа 100 хувь сэтгэл зүрхээрээ ажилласаар ирсэн. "В"
продакшныг үүсгэн байгуулж, ерөнхий захирлаар нь ажиллаж байна. Маш олон
уран бүтээлчидтэй ажиллаж байгаа. Түрүүн хэлэхдээ би нэлээд олон уран
бүтээлчдийн нэрийг бас дурдаагүй. "В" продакшн тусдаа байгууллага учраас
энэ манай Болдын амнаас л гарах ёстой. Ганаагийн хувьд "Эко" телевизийн
ерөнхий захирлаар ажиллаж байна. Хэвлэл мэдээллийн салбарт эргэлт
буцалтгүй орсон. Ганаа маань өөрөө ч "Би одоо өөрийгөө энэ салбараас
гаргах ямар ч эрхгүй. Надад тийм хүсэл ч алга" гэж хэлдэг. Эба маань
газар тариалан эрхэлж байна. Эба маань "Монгол газар шим" компанийг
байгуулаад амжилттай ажиллаж байгаа. Эбагийн маань тарьсан тариа
буудайгаар хийсэн талхыг идээгүй хүн Монголд байхгүй байх.
А.ХАЛИУН /НИЙСЛЭЛ ТАЙМС/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих