-Ардчилсан намын үндсэн дүрмийг шинэчлэх олон төсөл бий. Тэр дундаа өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн төслийг ханцуй дотроо наймаалцах байдлаар зүтгүүлж мэдэх юм гэж залуучууд чинь хардаж байгаа. Үндсэн дүрмийг боловсруулах явц хэр зэрэг нээлттэй байна вэ?
-Үндсэн дүрмийг боловсруулах хэлэлцүүлэг хэтэрхий нээлттэй байгаа гэж хэлэхэд болно. Сонирхсон хүн очиж байр сууриа илэрхийлдэг. Энэ бол Ардчилсан намын давуу тал. Гэхдээ тодорхой хэмжээнд энэ бүхнийг багцлахгүй бол хэт задгай зүйлээс юм гарахгүй. Тиймээс эхлээд нээлттэй байдлаар байр суурийг нь сонсоод дараа нь багцлах байх. Миний хувьд бол хэн нэгэн хүнтэй ханцуйн дотроо наймаа хийгээд явж байгаа юм байхгүй. Хэрэв би наймаа хийх байсан бол энэ төслийг ил тод гаргаж ирэхгүй шүү дээ. Бид бол төслөө Монгол орны бүх сум, аймаг дүүрэгт хүргүүлсэн. Нийтэд танилцуулах, олон түмэнд тараах тал дээр ил тод байгаа.
-Ардчилсан намын даргад нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн хүмүүс бий. Мэдэгдээгүй ч далд зорилго "өвөрлөөд” явж байгаа хүн ч бий. Таны хувьд намын даргад нэр дэвших үү?
-Ардчилсан намын даргад нэрээ дэвшүүлэх нь хувь хүний эрхийн асуудал. Намын хуучин дүрэмд болон одоо шинээр боловсруулж байгаа дүрэмд энэ асуудал нээлттэй. Миний хувьд эцсийн шийдвэрээ гаргаагүй байна. Гэхдээ үндсэн дүрэм нээлттэй батлагдаад, нам цаашид шинэчлэгдэх боломж бүрдэх юм бол би намын даргад нэр дэвших асуудлаас татгалзахгүй.
-Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн. Танай намынхан үүнийг дэмжиж байгаа юу?
-Би олон түмнийг төлөөлж хэлж чадахгүй. Намын шинэчлэл явагдаж байна. Нам шинэчлэгдээд шинэ удирдлага гарч ирээд, нам төлөвшөөд ямар байр суурь барих вэ гэдгээс хамаарна. Н.Алтанхуяг даргын хувьд бол Ерөнхийлөгчид нэр дэвших бүрэн боломжтой. Манай намын бэлтгэгдсэн лидерийн нэг шүү дээ.
-2012 онд байгуулагдсан Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан. Энэ үед дэмжиж кноп дарсан гишүүддээ хариуцлага тооцох асуудал Ардчилсан намын зургадугаар их хурлаар яригдах уу?
-Энэ асуудал яригдахгүй. Бид Ардчилсан намын гишүүд. Хэн нэгэн байр сууриа илэрхийлээд, түүнийхээ төлөө хариуцлага тооцвол ардчилал утгаа алдана. Тэд дүрмийн заалтаа зөрчөөгүй байхад ямар нэг хариуцлагын тухай асуудал байхгүй. Ер нь намаас хөөнө гэдэг бол коммунист намын үйлдэл. Ардчилсан намд намаасаа хөөх шийтгэл байж болохгүй. Харин улс төрийн өндөр албан тушаал хаших эрхийг нь хязгаарлах зэрэг хариуцлага тооцож болох юм.
-Танай намынхан өмнө нь, одоо ч дотроо "дайтдаг” байдал тасрахгүй юм. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Б.Пүрэвдорж хоёр саяхан ам мурийгаад амжсан. Хэтэрхий нээлттэй, ил тод байдал чинь зарим талаар оноо алдах шалтаг болдог юм биш үү?
-Дахиад хэлэхэд үнэт зүйл, үзэл баримтлалгүй болсон намын зовлон. Хоёрдугаарт, өнгөрсөн цаг хугацааны алдаа оноогоор улстөр хийдгээ манай намын аль ч гишүүн болих хэрэгтэй. Одоо бол намын үзэл баримтлал, үнэт зүйлээ зөв тодорхойлоод, намын дүрмийн шинэчлэлээ хийх нь чухал. Үүний дараа намынхаа бүтэц зохион байгуулалтын шинэчлэлээ хийгээд явах нь манай намд ч, улс эх оронд ч хэрэгтэй. Яагаад гэвэл улс орны гол тулгуур хоёр намын нэг нь Ардчилсан нам юм. Тэгэхээр нам шинэчлэгдээд явж чадвал бусад намд үлгэр дууриалал болно. Ардчилсан намын гишүүд өөрийнхөө үзэл санааг илэрхийлээд тэр нь олон түмэнд эерэг, сөрөг байдлаар тусч байгаа нь үнэт зүйл, үзэл баримтлалгүй болсонтой л холбоотой. Тиймээс би дээрх хоёр төслийг боловсруулсан. Бид үнэт зүйлтэй, үзэл баримтлалтай болох нь хамгийн чухал юм.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих