Дорнод аймгийн Засаг дарга С.Ганбат тэргүүтэй 21 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 05 дугаар сарын 01-ны өдрийн хооронд ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарт ажлын айлчлал хийлээ.
Айлчлалын эхний өдөр буюу 4 дүгээр сарын 29-ны өдрийн 10:00 цагт тус хязгаарын Олон улсын хамтын ажиллагаа, гадаад эдийн засгийн харилцаа, аялал жуулчлалын яамны байрны хурлын танхимд Дорнод аймгийн Засаг дарга С.Ганбат албаны хүмүүсийн хамт, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Амбан захирагч К.К.Ильковскийтэй ажил хэргийн уулзалт хийж, "Монгол Улсын Дорнод аймаг, Оросын Холбооны Улсын Өвөрбайгалийн хязгаарынхооронд худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт 2014-2015 онд хамтран ажиллах төлөвлөгөө” хэмээх нийт 89 зүйл заалт бүхий баримт бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа.
Ажил хэргийн уулзалтын үеэр талууд орон нутаг хоорондын бүх талын хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж, шинэ шатанд гаргаж хөгжүүлэх нь чухал болохыг санал нэгтэй онцоллоо.
Засаг дарга С.Ганбат ярианыхаа эхэнд Халхын голын Ялалтын 75 жилийн ойн хүрээнд Дорнод аймгийн зүгээс зохион байгуулж байгаа зарим нэг арга хэмжээний талаар танилцуулаад, талууд нийгэм, эдийн засгийн салбарт хамтран ажиллах цаашдын зорилго чиглэлийн талаар дэлгэрэнгүй ярьсан байна. Ялангуяа худалдаа, эдийн засаг, барилга, хөдөө аж ахуй, зам тээвэр, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийлсэн байна.
Өвөрбайгалийн хязгаарын Амбан захирагч К.К.Ильковский хэлсэн үгэндээ, Засаг даргын айлчлалыг цаг үеэ олсон айлчлал болсныг онцлон тэмдэглээд, талууд уул уурхай, зам тээвэр, барилга, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, спортын салбарт хамтран ажиллах нөөц боломж их байгааг дурьдлаа.Тэрбээр ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаараас Халхын голын Ялалтын 75 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа зарим нэг арга хэмжээний талаар танилцуулж, 2014 оны 9 дүгээр сарын 17-18-ны хооронд Чита хотод зохион байгуулагдах "Хил орчмын хамтын ажиллагаа: түүхэн үйл явдал ба одоогийн байдал” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний онол, практикийн бага хуралд Засаг дарга С.Ганбатыг оролцохыг урьсан байна.
Ажил хэргийн уулзалтын дараа талууд хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Энэхүү төлөвлөгөөнд хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, спорт, байгаль орчин, аялал жуулчлал, худалдаа, эдийн засаг гэх мэт нийт 7 салбар багтсан ба 2014-2015 онд хэрэгжүүлэх 89 ажлыг багтаасан болно.
Засаг дарга С.Ганбат айлчлалын үеэр Чита хотод байрлах "Эрүүл мэндийн академи”, Чита хотын морин тойруулгын газрын үйл ажиллагаатай танилцсан байна. Бизнесийн төлөөлөл болон албаны зарим хүмүүс Чита хотод байрлах өнгөлгөөний тоосгоны үйлдвэртэй танилцаж, туршлага судалсан байна.
Засаг дарга С.Ганбатын айлчлалын 2 дахь өдөр Өвөрбайгалийн хязгаарын Агын Буриадын тойрогт үргэлжиллээ. Айлчлалын эхэнд тус тойргийн захиргааны удирдлага Засаг дарга С.Ганбат тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна. Уулзалтын үеэр талууд орон нутаг хоорондын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон ойрын хугацаанд болох арга хэмжээний талаар харилцан санал солилцлоо.
Уулзалтын дараа Засаг дарга С.Ганбат тэргүүтэй төлөөлөгчид Агын Буриадын тойргийн Анагаах ухааны коллеж, Спорт цогцолборын үйл ажиллагааны танилцсан байна.
Могойтын районы хөдөө аж ахуйн паркад үйл ажиллагаа явуулдаг хуванцар арматурын үйлдвэртэй танилцсан байна. Тус үйлдвэрийн ерөнхий байдал нь маш энгийн бөгөөд Дорнод аймагт оруулж ирж, үйлдвэрлэл явуулахад боломжийн болохыг айлчлалын бүрэлдэхүүнд багтаж ажилласан бизнесийн төлөөллийнхөн үзэж байв.
Засаг дарга С.Ганбатын ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарт хийсэн 3 хоногийн шахуу программтай айлчлал нь үзэж харах, туршлага судалж, орон нутагтаа хэрэгжүүлж болохуйц зүйл ихтэй, орон нутаг хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан чухал айлчлал боллоо.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих